Монгол Улсын төр ор нэрийн төдий болжээ гэж үзэж байна

Гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагаа нь Монгол төр хүн ам зүйн бодлогоо алдаж, дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүйд хүрсний улмаас иргэдээ гадаадад зохион байгуулалттайгаар дүрвүүлэн, төр засаг нь боолын наймаа эрхлэх болсны шууд үр дагавар мөн. Гадаадад хөдөлмөрлөж эх орондоо явуулсан мөнгийг нь хадгаламж зээлийн хоршоо болон эдийн засгийн бусад хэлбэрээр дээрэмддэг төр засаг бол Монголын ард түмний төр биш гэж үзэж байгаагаа Иргэний холбоо мэдэгдсэн юм.
Мөн цианит натри алдагдсан явдал нь төр эдийн засгийн бодлогоо алдаж, хэдхэн хүн хувийн ашиг сонирхлын үүднээс баялгаа цөлмөн дээрэмдэж ирсэн олон жилийн хорт бодлогын үр дүн бөгөөд Монгол орныг экологийн сүйрэлд оруулсан гэмт хэрэг мөн.
Эдгээр нь гүн гүнзгий учир шалтгаантай улс төрийн асуудал бөгөөд манай үндэсний тусгаар тогтнол алдагдаж буйн ноцтой сануулга болж байна. Энэ мэтээр шил шилээ даран гарч буй аймшигт задралууд нь нэг удаагийн алдаа дутагдлын асуудал биш, төр, засгийг олон жилийн турш удирдаж ирсэн алдаатай, харалган бодлогын бодит бөгөөд шууд үр дүн гэж Иргэний Холбоо үзэж байна.
Эрх баригч намууд дахь бохир бүлэглэлүүдийн явцуу ашиг сонирхлоос болж Монгол Улсын төр ор нэрийн төдий болж, нийгмийн аливаа асуудлыг удирдах, зохицуулах чадваргүйгээ бүрэн нотоллоо.
Монгол орны байгалийн болон нийгмийн баялаг нь нийт монголчууд бид Монголдоо сайхан амьдрахад бүрэн хангалттай бөгөөд түүний хуваарилалтыг олигархуудын гараас салгаж, тэдний зоргоороо үйл ажиллагааг таслан зогсоох цаг болсон гэж Иргэний Холбоо үзэж байна.
Бид эх нутгийнхаа гол, уснаас хордож үхмээргүй байна, бид гадаадад дүрвэж гэр бүл, үр хүүхдүүдээ амьдын хагацалд оруулмааргүй байна, бид ийм төр засгаас залхаж байна.
Иймээс Иргэний Холбоо Монголдоо сайхан амьдаръя гэсэн эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах мэдэгдлийг хийж байна.
1. Монгол орны төрийн бодлого, ялангуяа экологи, хүн ам зүйн бодлого, үндэсний аюулгүй байдалд гарсан гажуудлыг бүхэлд нь үнэлж дүгнэх, буруутай албан тушаалтнуудтай хариуцлага тооцох
2. Монгол орныг гүн гүнзгий хямралд оруулсан МАХН, АН дахь улс төрийн бохир бүлэглэлүүдийг төрийн удирдлагаас зайлуулах, тэдэнтэй улс төрийн хариуцлага тооцох
3. Оюунлаг, эх оронч, шударга хүмүүсийг шинээр сонгох замаар Сонгуулийн хувьсгал хийж, улс төрийг цэвэршүүлэх талаар хамтран ажиллахыг Монголын улс төрийн дэвшилтэт хүчнүүдэд уриалж байна.
/Оллоо.МН/