Гадаад паспорт авах гэж яарах хэрэггүй

Харин бүртгүүлсэн иргэд гадаад паспорт авахын тулд Иргэний Бүртгэл мэдээллийн төвийн үүдэнд 06.00 цагаас эхлэн дугаарлаж байгаа аж. Тэгэхлээр БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн дийлэнх нь гадаад паспортгүй бололтой. Энэ талаар ИБМТ-ийн Гадаад паспортын хэлтсийн дарга Н.Энхцогтоос тодрууллаа.
-Гадаад паспорт авахын тулд иргэд өглөө зургаан цагаас эхлэн дугаарлаж байгаа юм байна. Энэ байдалд танайх ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Манай хэлтэс арван байцаагчтай. Өдөрт нэг хүн дунджаар 600-800 хүнтэй харилцдаг. Харин ачаалал ихтэй өдрүүдэд 800-1000 хүнтэй харилцах тохиолдол гардаг. Сүүлийн өдрүүдэд энэ тоо хэд дахин өссөн.
-Эдгээр хүмүүст гадаад паспортыг нь гаргаж өгөхөд хэдий хэр хугацаа шаардлагатай юм бол. Ер нь нэг дор олноор нь гаргах боломжийн тухайд?
-Гадаад паспортыг нэг дор олноор гаргах бололцоо байхгүй. Иймд тухайн хүний иргэний үнэмлэхээр бүртгэж лавлагааг гаргаж өгөхөөр тохиролцсон. Бүртгүүлсэн тухайн иргэн Солонгос явах, эсвэл явахгүй ч байх тохиолдол байж болно. Тэгэхлээр хэлний шалгалтад тэнцсэн хүмүүст гадаад паспортыг олгох болно.
-Иргэд зарим нэгэн материалыг дутуу бүрдүүлэх явдал цөөнгүй байгаа гэсэн. Яг ямар материал бүрдүүлсэн байх ёстой юм бэ?
-Иргэний үнэмлэх, шаардлага хангасан буюу цагаан артай гурван хувь цээж зураг байх хэрэгтэй. Мөнгө тушаахад, анкет өгч байгаа. Анкетийг бөглөөд иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа хамт байцаагчид өгөхөд л хангалттай. Ачаалал их байгаа болохоор иргэд аль болохоор материалаа бүгдийг бүрдүүлсэн байж соёлтой боловсон байхыг хүсмээр байна.
(Өнөөдрийн монгол 102/523)
Д.Цацрал