Хөхөө ингэж шалгаарай

Сарын тэмдэг ирсний дараа, сарын мөчлөгийн эхний хагаст хийвэл дээр.
1. Толины өмнө зогсож хөхөө ажигла. Хоёр хөх тэгш хэмтэй бус, арьс нь татайж эсвэл хавдсан, хөхний товч үрэвссэн, улайсан бол сэжигтэй.
2. Гараа дээш өргөн, хөхөө эхлээд урдаас харж, дараа нь хоёр хажуу талаас ажигла.
З. Баруун гарын дунд хурууг зүүн хөхөн дээр тавина. Хөхөө дөрөв хуваан, баруун дээд өнцгөөс эхлэн аажмаар дарж үзнэ. Хатуу юм тэмтрэгдэх эсэх, хавдсан эсэх, өвдөж байгаа эсэхийг шалга, дараа нь нөгөө хөхөө мөн тэгж шалгана.
4. Хөхний товчоо шавхар, шингэн гарч байгаа эсэхийг ажигла. Нөгөөдөхөө мөн адил шалга.
5. Дээш харж хэвтэн түрүүчийн босоо зогсдгийн адил хоёр хөхөө шалгана.
6. Суганы тунгалагийн булчирхайнуудыг шалга, томорсон эсэх, өвдөж байгаа эсэхийг үзнэ.
Та хувийн хуанлитай бол, түүнд сарын мөчлөгийн тухай, биений юм ирэхэд толгой өвдөх, хөх, гэдэсний доогуур өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг үзэгдэл илэрсэн тухай бүрд хуанлидаа тэмдэглэнэ. Хөхөө ажиглаж шинжсэн өдрүүдээ мөн тэмдэглэ. Яльгүй гэмээр зүйл ажиглагдсан ч эмчид очоорой.
Хүүхэдтэй болохоор төлөвлөж буй бол, мөн залуу бүсгүйчүүд тогтмол эход харуулж байх хэрэгтэй. Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл рентген маммография хийлгээрэй. Энэ аргаар маш өчүүхэн нягтрал, хатуурлыг илрүүлдэг. Хөх дарах үед юм гарч байвал нарийн шинжилгээ хийлгэ. Өвчний эхэн үед эмчлүүлвэл өвчин ул мөргүй арилна. Та цаг бүү алд.
Хань (15)