Лам нар хийморийн овоог цэвэрлэлээ

Монголын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд Бурхан багшийн их дүйчэн өдрийг угтаж Богд хан уулын Хийморийн овоог цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Энэ ажилд Бурханы шашинт оюутны холбоо, Бурханы шашны их сургууль, Бэтүб хийд, Жавзандамба, Асралт, Таны буянд даган баясъя болон Их хөлгөний уламжлалыг хадгалах төвийнхөн хамтран оролцсон юм.
Нийт 80 гаруй оюутан залуус цэвэрлэгээнд оролцсон бөгөөд архины шил, гялгар уут гэх мэт олон тооны хаягдалыг шуудайлан зайлуулсан байна. Нэг удаагийн цэвэрлэгээгээр тус овооны хогийг бүрэн цэвэрлэх бололцоо хомс байсан тул цаашид сайн дурын болон олон нийтийн байгууллагуудыг цэвэрлэгээний ажил зохион байгуулахыг уриалах гэнэ.
Эрэгтэй хүн л гарах ёстой энэхүү хийморийн овоо нь гарсан эрчүүдээсээ илүү их хогтой байсан юм. Хийморь сүлдээ сэргээх гэсэн хэн бүхэн идээний дээж хэмээн сархад, элдэв өнгийн цаастай чихэр энэ тэрийг авч очих боловч хоёрдахь түүхий эд болох сав баглаа боодлыг хэрхэн яахаа мэддэггүй нь зовлон өнөөдөр болсон цэвэрлэгээний үеэр харагдаж байсан юм. Ямартай ч хувиргууд маань буян номын үйлээ санаж бусдын хийгээгүйг хийлээ.
Т.Од /olloo mn/