Ц.Нямдорж даргыг огцруулах нь зөв үү?

Уг асуудлыг Үндсэн хуулийн цэцийн албан ёсны дугнэлт УИХ-ын даргад ирснээс хойш долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нууц санал хураалтаар шийдвэрлэх юм. Харин энэ талаар улстөрийн намууд ямар байр суурьтай байгаа талаар сонирхлоо.
МАХН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Идэвхтэн
-Одоохондоо манай нам энэ асуудлыг хэлэлцээгүй байна. Чуулганы үйл ажиллагаа ч хэвийн байх болно. ХэрвээУИХ-ын дарга Ц.Нямдорж хурал удирдахаас татгалзвал дэд дарга Д.Лүндээжанцан удирдаад чуулганыг хуралдуулах бүрэн боломжтой.
АН-ын Зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л.Гансүх
-Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа шийдвэрээ гаргалаа. Нэг үгээр хэлбэл, огцрох ёстой гэдгийг нь улам баталгаажууллаа. Манай намын хувьд өмнөх байр сууриа хэвээр хадгалж байгаа. Бид өмнө нь хуульд засвар хийж, Үндсэн хуулийг зөрчсөн нь нотлогдоход огцрох ёстой гэж хэлж байсан боловч ойшоогоогүй. Одоо санал хураалтын дүнг л харъя. Хэрвээ МАХН олонхидоо найдаж, УИХ-ын даргыг авч үлдэх юм бол Үндсэн хуулийн цэцийн дээр МАХН байдаг юм байна гэдгийг л харуулна. Ингэснээрээ Монголын ардчилалд л хохиролтой болно.
Ард түмний намын дарга, УИХ-ын гишүүн Л.Гүндалай
-Одоо нэгэнт УИХ-ын даргыг хууль зөрчсөн учир албан тушаалаас нь огцруулах үндэслэлтэй гэж Цэцээс баталлаа. Ард түмний намын байр суурь бол ердөө УИХ-ын даргыг өөрөө огцрох ёстой гэж үзэж байгаа. Өмнө нь ч манай намаас ийм шаардлага тавьж байсан. Хэрвээ ийм шийдвэр гаргахгүй бол Ц.Нямдоржоос болж УИХ, цаашлаад Үндсэн хуулийн цэц эвгүй байдалд орж байна шүү дээ. Үндсэн хуулиа дээдэлж, мөрдөхгүй юм бол ийм хууль батлах хэрэг байсан юм уу. Улстөрийн соёлтой газар бол ийм байдалд орсон хүн аль хэдийнэ өөрийн хүсэлтээр огцорчихсон байгаа.
Бүгд найрамдах намын дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан
-Манай нам ийм хэрүүл, уруул, албан тушаалын наймаанд оролцдоггүй шүү дээ. Албан тушаал, улсын хөрөнгө мөнгөний төлөө амиа өгөхөөс буцдаггүй өнөөх намууд хоорондоо хуйвалдаад л шийднэ биз. Миний хувьд гишүүнийхээ эрхийн дагуу саналаа өгнө. Гэхдээ хэн нэгэнд таалагдах гэж, албан тушаал горилох гэж саналаа бусдад худалдахгүй. Хуулиа л мөрдөх хэрэгтэй гэж бусад намынхандаа сануулмаар байна.
ҮШН-ын Хэрэг эрхлэх газрын дарга С.Отгонцэцэг
-Манай намын хувьд намын дарга Ж.Наранцацралт болон ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батхуяг нар хөдөө орон нутагт ажиллаж байгаа. Мөн Удирдах зөвлөлийн гишүүн, Шадар сайд М.Энхсайхан гадаадад ажлаар яваа тул энэ талаар намын байр суурь хараахан тодорхой бус байна. Ер нь гэхдээ манай нам долоо хоног бүрийн даваа гарагт Удирдах зөвлөлөөрөө улстөрийн тулгамдсан асуудал болон намын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлццэг. Иймд ирэх даваа гарагт энэ асуудлыг хэлэлцэж, намын байр сууриа тодорхойлно.
2007.05.25 Монголын мэдээ