Алмас эрдэнийн уулс /Солонгос/

Алс холын Солонгос оронд, Алс Дорнодын үзэсгэлэнтэй сайхан нэгэн хойг дээр нэг тийм газар байдаг нь солонгосчуудын Чосон хэмээн нэрлэсэн Монголоор бол Цэнгэг ариун өглөөний орон гэсэн нэртэй газар юм. Төрөлх нутгийнхаа байгалийн сайхныг үзэн бахдан бишрэх гэсэн мянга мянган хүний сэтгэлийг соронзон адил татдаг, үе үеийн олон олон зураачид, яруу найрагчдын магтан дуулж ирсэн газрууд энэ нутагт их бий. Тухайлбал Солонгосын хамгийн өндөр оргилтой Пектусан уул, Сувдан хүрхрээ, Моранбангийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг болно.
Гэхдээ Чосоны хамгийн үзэсгэлэнтэй газар бол Алмас эрдэнийн уулс билээ. Солонгосоор Кымсанган гэх буюу ихэвчлэн дорно дахины ёсоор Арван хоёр мянган алмас эрдэнийн оргил гэсэн шүлэг сайхан нэрээр дууддаг. Үүн дээр нэмээд хэлэхэд Кымсанган уулыг үзээгүй бол уулсын сайхны талаар ярих хэрэггүй гэлцдэг ажээ. Энэ бүс нутаг хойгийн зүүн хэсэгт, Япон тэнгист ойрхон оршдог бөгөөд одоо хүртэл хангалттай танигдан судлагдаагүй хүрэхэд бэрх газарт тооцогдсоор байгаа билээ.
Кымсанган бол мянга мянган уулс, үнэхээрийн догшин ширүүн дүр төрх бүхий оргилуудын үзэсгэлэнтэй сайхан чуулган билээ. Уул нуруудынх нь энгэр хажуугаар огцом огцом хадан хавцлууд байх ба тэдгээр хавцлуудаар уулын түргэн урсгалт цэнгэг уст голууд урсдаг. Голын хажуугийн ангал цавуудаас урсан гарах горхинууд хэдэн арван том хүрхрээ болон хөндий руу буудаг ажээ. Голын хөндий дагуу болон уулын энгэр бэлүүдээр солонгосын нарс, хуш, царс, агч болон манжуурын самрын өтгөн шигүү ой ургасан байдаг. Тэдгээр моддын мөчир гишүүг нь ороосон зэрлэг усан үзэм ихтэй.
Уулсын хадат оргилууд, хавцал жалгуудаар нь буух хүрхрээнүүдийн хөөсөрсөн ус нарлаг өдөр өнгө өнгөөр солонгорон харагддаг. Улирлаас хамааран чиглэлээ өөрчилдөг муссон салхи намдаж, намрын салхинд үлээгдэн унасан моддын навчис нарс хуш моддын мөнх ногоон өнгөнд улаан шаргал өнгө аяс нэмсэн 9-10 саруудад Кымсанган уул нэн үзэсгэлэнтэй болдог.
Алмас эрдэнийн уулс орчмын байгалийн үзэсгэлэн нэг биш үеийн зураачид, яруу найрагчдын онгодыг бадрааж иржээ. Гайхалтай сонин хэлбэр дүрс бүхий хад чулууд, хөөс сахруулан буух хүрхрээдийн усан наадам, өтгөн шигүү ой моддынх нь янз бүрийн өнгөөр алаглах намрын аяс зэрэг нь аяндаа олон домог үлгэрийн эхлэл болдог ажээ.
Эндхийн олон газар Манмульсаны хад /Арван мянган гайхамшиг/, Самильпхо нуур /Гурван өдрийн нуур/, Курёнпхо хүрхрээ /Есөн луу/, Квименам хад /Чөтгөрийн баг/, Чинчжудам хүрхрээ /Цацарсан сувд/ зэрэг яруу уран нэртэй байдаг нь тохиолдлын хэрэг бишээ.
Энэхүү уулсын орны нэр болсон хамгийн өндөр уул болох Кымсанганы тухай хамгнйн их домог байдаг. Солонгосын Олимп болсон энэ уул манайхны ойлголтоор нэг их өндөр биш, далайн түвшнээс дээш 1700 м өргөгдсөн боловч хамгийн өндөр уул болох Пектусан уул нь 2700 м байдаг, солонгостоо л ихээхэн өндөр оргил билээ. Кымсанган уул гоо үзэсгэлэнгээрээ тэнгэрийн орноос давж гарсан тул түүнд дурласан үүлсийн дагина газарт бууж хүмүүсийн ертөнцөд амьдрахаар шийдсэн тухай нэгэн домогт өгүүлдэг. Кымсанган уулын оройд солонгон гүүр шидээд тэнгэрийн дагинас газарт бууж ирэхдээ солонгосчуудад дуу хуур, бүжиг наадам бэлэглэн тэднийг гайхалтай сайхан дуулж бүжиглэдэг болгожээ. Хүмүүс тэнгэрийн дагинасыг дууриан солонго адил хурц тод өнгийн хувцас өмсөх болж төрж өссөн эх нутгаа тэнгэр, нарнаас илүүтэйгээр хайрлах болсон гэдэг бөгөөд тэр цагаас хойш Чосоноос өөр сайхан орон ертөнцөд байхгүй гэж солонгосчууд итгэх болжээ.
Куренчхён голын /Есөн луугийн гол/ хөндий болон түүн дээрх алдарт хүрхрээнүүдийн талаар солонгосчууд олон сайхан домог хүүрнэдэг. Боржин чулуун хадаар ихээхэн хүрээлэгдсэн энэ голын хөндийн зарим газартаа бариулаас нь бариал хааяа нэг сугарч суларсан гишгүүрүүд дээгүүр болгоомжтойхон алхаж болохуйц сайтар өнгөлсөн ховил шат мэт санагддаг. Хавцал явсаар улам нарийхаи болж түүний дээгүүрх хадан цохионууд их өндөр болсон хэсэг ч бии. Хөндийн ёроол бэл тэр аяраа өндөр хадан цохионууд дээрээс унасан хад чулуугаар дүүрэн учир тэдний дундуур бэдрэн урсах Куренчхён голын ус цэвэр тунгалаг усан талстууд бүхий хүрхрээ болон буусан харагдана. Голын ус зарим газарт гялалзан шуугин урсах ба зарим хэсэгтээ хад чулуунд боогдон саатаж маргад эрдэнийн ногоон өнгөтэй болон эргэлдэж байдаг. Энэ хөндийн эхэнд зуугаад метрийн өндрөөс хүрхрээ буулгасан мөсөн голуудын цирк бий. Цаашлаад хоорондоо хүрхрээнүүдээр /гэхдээ эхний хүрхрээ шиг их өндөр, хүчтэй биш/ холбогдсон найман нуур байдаг.
Өндөр уулсын энэ нууранд эрт дээр цагт ах дүү есөн луу амьдарч байсан домогтой. Нэг өглөө ядуу аянчин эр нууранд дөхөж ирээд ах дүү нараас ямар нэгэн зүйлийн талаар асуусан гэдэг. Гэтэл ах дүү луунууд ядуу эртэй ярихыг ч хүссэнгүй, аугаа их Будда өөрөө ирээд өмнө нь зогсож байгааг мэдээгүй гэнэ. Будда бурхан уурлан хилэгнэж багахан цаасан дээр гал гэж бичээд хуйлж нууранд хаяхад нуурын ус буцлан айсан луунууд гарч зугтахдаа өндөр хавцалаад унаж тусан галзуу юм шиг гүйлджээ. Ах дүү луунуудын бүдэрч унасан газруудад хүрхрээ бий болж, хамгийн том ахынх нь унасан газарт зуун метрийн өндрөөс буудаг хамгийн том хүрхрээ Курёнпхо үүссэн гэдэг домогтой ажээ.
Алмас эрдэнийн уулсыг тахин шүтэх явдал эртнээс юм. Олон зууны өмнө эндхийн уулсын гүн дэх хадан дээр Будда бурхны аварга том дүр болон луу, бар, үлгэрийн шувуудын дүрсийг томоор сийлэн үлдээсэн байжээ. Одоо тэр газарт жуулчдын хөл тасардаггүй.
Гэхдээ энд бишрэн шүтэх бас нэг өвөрмөц газар байдаг. Ляндандэ хэмээх ариун хад уулын бөглүү нэгэн ойн цоорхойд бай¬даг. Сайн муу хамаг бодол санаа тэр хадан дээр ил харагддаг гэлцдэг юм. Хэрвээ ганцаараа тэр хадны өмнө очиж зогсох юм бол хамаг дутагдлаа олж харах ба атаархал хорсол муу сэтгэл бүхнээсээ үүрд салдаг гэнэ.
Гурван өдөр хэмээх нуурын эрэг дээр тэнгэрээс бууж ирсэн дөрвөн дагина сууж байсан домогтой дөрвөн том хад байдаг. Тэнгэрийн хаан тэднийг ердөө л ганцхан өдөр газар дээр байхыг зөвшөөрсөн байж л дээ. Гэвч энэ үзэсгэлэнтэй сайхан нууранд хоргодсон дагинас гурван өдөр болоод буцаж очиход нь үнэхээр үзэсгэлэн сайхны өмнө өөрийнх нь догшин ширүүн ааш ямар ч хүчгүйг ойлгосон тэнгэрийн хаан тэднийг шийтгээгүй гэдэг. Кымсанганд очсон охид бүсгүйчүүд тэнгэрийн дагинасын орж байсан нуурын усанд орох юм уу ядаж нүүрээ угаахыг хүсдэг. Тэр нуурын шидэт усаар угаасан нүүр царай тэнгэрийн дагинасынх шиг үзэсгэлэнтэй болдог гэж үздэг. Тэгээд ч алмас эрдэнийн уулсад эмчилгээний чанартай олон тооны эрдэнэс байдаг тул уулын нуурын ус үнэхээр сайн нөлөөтэй ажээ.
Бидний дасал болсон умардын амьтан, өвс ургамлууд болон өмнөд нутгийн гайхалтай амьтан ургамлууд хосолсон байдгаараа Кымсанганын байгаль хосгүй юм. Царс, нарс, хуш хийгээд давирхайн мод, зөрөг цэцэг, агч мод, туулайн бөөр, хулс, усан үзэм зэрэг нийлээд амьд ертөнцийн гайхалтай сайхан нийцэл зохицлыг үүсгэсэн байдаг. Баавгай, бор гөрөөс зэрэг амьтдын хөлийн мөрний зэрэгцээ барын аварга хүчирхэг сарвууны мөр ч гарсан байна. Шилүүс, буга, ирвэс. Гималайн баавгай зэрэг амьтад энд ганцхан хөндийд нэгэн доор амьдарцгаадаг ажээ.
Бороо салхинд идэгдэн сонин хачин хэлбэр дүрстэй болсон хадан цохионууд, олон тооны хүрхрээнүүд болон гайхалтай сайхан амьтан ургамлын аймаг бүгд нийлээд үлгэрийн орон мэт дүр төрхийг бүрдүүлжээ.
Өндөр огцом уул даваа өгсөн, гүнзгий харанхуй хавцлууд дээгүүр эмзэг туяхан хулсан гүүрүүдээр гарч, нарны туяанд солонгорон гялалзах хүрхрээ голуудыг гатлан явсаар гарцаагүй эрэгт хүрнэ. Япон тэнгис Оросын ч, Японы ч эргүүдээс илүү онцгой үзэсгэлэнтэй сайхан эргээ Солонгосчуудад зориулан хамгаалан үлдээжээ. Намуухан зөөлөн тэнгис эх газартай тийм гайхалтай сүлэлдэн байдаг газар энэ дэлхийн дээр ховорхон байдаг. Магадгүй зөвхөн Норвегийн фьордууд, Адриатын тэнгисийн Далматинийн эрэг зэрэг л Япон тэнгисийн солонгосын эрэгтэй дүйцэх байх.
Аварга том хадан цохионууд тэнгисийн давалгааг хүлээн аваад давстай шорвог дусал цацруулан буцаан шиднэ. Тэнгисийн мандлын тэртээд нарс модон титэм бүхий олон жижигхэн хадан арлууд бяцхан чулуун хөлөг онгоцууд мэт харагдах ба тэдгээрийн дээгүүр хойгийн гүнд арсгар барсгар оройнууд бүхий манант саарал нурууд сүндэрлэнэ.
Энэ бол үлгэрийн юм шиг сайхан ой модоор хучигдсан, гайхалтай аниргүй нам гүм эргийн орон болсон Тэнгисийн Кымсанган билээ.