Электробус замд гарлаа

Эрчим хүчний шугам сүлжээгүйгээр 5-10 км явах чадалтай уг электробусны анхны зорчигч нь хэвлэл мэдээллийнхэн болон электробусыг бүтээсэн инженер, техникийн ажилчид байв. Тэд Сүхбаатарын талбайг бүтэн тойрч, замдаа Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.
Цагт 60 км хүртэл хурдлах чадалтай уг электробусыг автобустай харьцуулахад харьцангуй бага зардалтай. Өөрөөр хэлбэл, 100 километрт ердөө 10 мянган төгрөгийн зардал гарах юм. Бас агаар бохирдуулахгүй гээд олон сайн талтай. Тиймээс Цахилгаан тээвэр компанийнхан одоо ашиглаж байгаа 50 троллейбусаа электробус болгохоор төлөвлөжээ.
Хэрэв хөрөнгийг нь шийдчихвэл бид нэг жилийн дотор л 50 троллейбусаа электробус болгож чадна гэж Цахилгаан тээвэр компанийн ерөнхий захирал Д.Жаргалсайхан ярьж байна. Тэдний бүтээсэн уг электробус цэнэгээр ажилладаг. Тиймээс хотын төвд эрчим хүчний шугам сүлжээгүйгээр явах бөгөөд хотын захад очмогц автоматаар эрчим хүчний шугам сүлжээнд холбогдон цэнэг авах юм.
Цаашид бүх троллейбусыг электробус бопгочихвол хотын төв дэх бүх эрчим хүчний шугам сүлжээг хотын зах руу шилжүүлэхээр Цахилгаан тээвэр-ийнхэн төлөвлөжээ.
Уржигдар замдаа гарсан электробусыг эхний удаад арав хоног туршилтаар явуулах бөгөөд үүний дараа албан ёсоор шугамд гаргах ажээ.
Х.Ану
