Чимэдцэрэн 260 удаагийн гүйлгээрээр 10 тэрбум төгрөг завшжээ

Хадгаламжийн банкнаас 14.2 тэрбум төгрөг алга болсон хэрэгт тус банкны ахлах нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн, нягтлан н.Энхтуяа нарыг холбогдуулан хорьж, шалгаж байгаа билээ. Нэг хэсэг Ц.Чимэдцэрэнг эргэж, тойрсон хүмүүсийн хөлд Ганцхудаг дарагдсан богөөд эргэлтээр очих хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс ч нэлээд байсан гэнэ. Тэдний дунд олны танил эрхмүүд ч цөөнгүй байсан талаар эх сурвалж өгүүлсэн юм. Олны хэл амнаас төвөгшөөсөн цагдаагийнхан Ц.Чимэдцэрэнг Ганцхудаг дахь урьдчилан хорих төвөөс Дархан-Уул аймгийн хорих анги руу шилжүүлсэн. Энэ талаар манай сонин мэдээлж байсан билээ.
УМБГ-ын байцаагч нар Ц.Чимэдцэрэнгээс байцаалт авахаар Дархан-Уул аймгийг зорьдог аж. Хадгаламжийн банкнаас алга болсон 14.2 тэрбум төгрөгөөс 10 орчим тэрбум нь Ц.Чи-мэдцэрэнгийн гараар орсон нь тогтоогдсон бөгөөд тэрээр энэ мөнгийг 260 удаагийн гүйлгээгээр завшсан гэнэ. Гэхдээ тэрээр өөрийн бус нягтлан н.Энхтуяагийн дансаар уг гүйлгээг хийсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд түүний хийсэн 260 удаагийн гүйлгээг нэг бүрчлэн шалгах нөр их ажилд дарагдаәд байгаа сурагтай. Тус банкны нягтлан н.Энхтуяа нь амьдралын бололцоо муутай, гэр хороололд амьдардаг нэгэн учраас Ц.Чимэдцэрэнгээс бага хэмжээний хувь хүртэж дансаа ашиглуулдаг байсан байх гэх таамаглал байгаа аж. Хэрэгт холбогдоогүй байхдаа Ц.Чимэдцэрэн нэлээд тансаг амьдардаг байсан гэх бөгөөд зэгвар өмсөгч охидтой зугаацаж, нэлээд хэмжээний мөнгө зарцуулдаг байсан талаар эх сурвалж өгүүлсэн юм. Тэрээр найз охидоо Сингапурт суралцуулж, үнэтэй бэлэг /250ам.долларын цаг гэх мэт/ өгдөг байсан гэнэ. Тэрээр Sky худалдааны төвийн ард байрлах 300 сая төгрөгийн үнэтэй, дотроо саун, бассейнтай байранд амьдардаг байжээ. МАСЗХ-ны нөлөө бүхий эрхэм Ц.Чимэдцэрэнтэй уй зайгуй найз байсан бөгөөд шинэ жилийн тансаг хүлээн авалтын үеэр Ц.Чимэдцэрэнд 15 мянган ам.долларын үнэтэй буу бэлэглэж байсан гэнэ. Түүнчлэн Ц.Чимэдцэрэн УИХ-ын нэгэн гишүүний сонгуулийн сурталчилгаанд багагүй мөнгө цацсан гэх бөгөөд гишүүнээр сонгогдсоных нь дараа 200 саяын үнэтэй байр авч өгсөн гэх яриа банкируудын дунд байдаг аж.
(Ардын эрх 105/637)
Г.ХАСАР