Цэнхэр дуулгатнууд Сүхийн талбайд

Тиймээс манай улс энэ өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа нь энэ юм. Монгол Улс НYБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээж эхэлснээс хойш Ирак, Сьерра Леон, Афганистан, Косово улсуудад цэргийн баг, Судан, Баруун Сахар, Этиоп, Эритри, Конго улсуудад ажиглагч нараа илгээж нийтдээ 1300 гаруй хүн үүргээ амжилттай биелүүлээд иржээ. Өдгөө 300 гаруй хүн дээрх орнуудад энхийг сахиулах үүргээ амжилттай биелүүлж байгаа аж. Энхийг сахиулагчдын өдрөө тэмдэглэхээр Сүхбаатарын талбайд хуран цугласан хүндэт харуул үлээвэр хөгжимтэй цэргийн үзүүлбэр үзүүлж, цэнхэр дуулгатнууд парадаар жагсч, хилчин бүсгүйчүүд эх орныхоо ширхэг чулуу бүрийг элгэндээ тэвэрч хайрлах болно хэмээн дуулж байв.
Дэлхийн өнцөг булан бүрд гарч буй халуун цэгүүд дээр НYБ-ын далбаан дор олон улсын энхийг сахиулагчид очиж, энх амгалан, эвлэрэл тогтоох үйл хэрэгт хувь нэмрээ оруулж эхэлснээс хойш 49 жил өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд НYБ-ын 19 энхийн ажиллагаанд дэлхийн 108 орноос хандивласан олон зуун мянган энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд оролцон, дэлхийн дөрвөн тивд энхийн үйл явцад хувь нэмрээ оруулж хэдэн зуун сая хүний амьдралд аз жаргал, баяр баясгаланг авчран олон улсад энх тайван ардчилал, хүний эрхийг дээдэлсэн шударга ёсыг тогтооход идэвхитэй үүрэг гүйцэтгэсээр ирсэн аж. Өнгөрсөн хугацаанд 2000 орчим цэнхэр дуулгатнууд бусдын энх амгалан байдлыг бий болгохын төлөө алтан амиа зориулсан байна.
Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол улсын зэвсэгт хүчнээс НYБ-ын Энхийн ажиллагаа, олон улсын цэргийн ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 1300 гаруй, одоо үүрэг гүйцэтгэж байгаа 300 гаруй цэргийн албан хаагчдадаа цогтой халуун мэнд хүргэж, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье гээд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай биелүүлж Монгол улсынхаа нэр хүндийг өргөсөн зарим дайчдыг одон медалиар шагнасан юм. Yүнд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багаас бусдаасаа илүү амжилт гаргасан Б.Эрдэнэбатыг Цэргийн хүндэт медалиар, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэд ахлагч Б.Алтангадас, 330 дугаар ангийн мэргэн буудагч дэд ахлагч Г.Алтанхуяг, 014-р ангийн засварчин ахлагч Ц.Баатар нарын зэрэг хүмүүсийг Энхийн төлөө медалиар тус тус шагнав.
2003 оноос хойш Иракийн эрх чөлөө ажиллагаанд манай улсын зургаан ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай биелүүлээд ирсэн ба өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Эко баазад харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэж байгаа YII ээлжийн цэргүүд ирэх долдугаар сард эх орондоо ирэх гэнэ. Харин наймдугаар ээлжийн цэргийн бүрэлдэхүүнд багтаж Ирак явахаар анх удаа таван бүсгүй бэлтгэлээ базааж байгаа аж.
