Соёлыг гайхав гэхэд эндүүрэл болохгүй байлгүй

Хотын төвийн цэцэрлэг дэхь хэдийнээ гөлөглөж навчаа дэлгэсэн буурал хайлаас, миний бага байхад ургаж төлжиж өдий хүрсэн улиасны төгөл дунд бор туулай булталзан гүйхэд Булган уулын садан үр төлөө бидэнд илгээв үү гэлтэй бодол төрнө. Вангийн хүрээний туурь дээр үлдсэн Баруун замын байлдааны штабын байшингийн саарал дээвэр моддын дундаас бараа төдий харагдаж, баатарлаг үйлсийн эзэн Хатанбаатар Магсаржавын бунхан хотын баруун толгой дээр дүнхийх нь өнгөнд үл хууртагч хүмүүний айлдвар тэндээс дуурсах мэт салхи үлээх бөгөөд өнөөгийн бүтээгч хүмүүнд итгэл, зориг нэмэх шиг санагдана. Баруун этгээдэд эх орныхоо хилийг манаж байхдаа баатарлаг гавьяагаараа мөнхөрсөн Улсын баатар Лхагвадоржийн хөшөөний орчинд шинэ засал чимэглэл хийж, зүлэг суулгаж, тохижуулалтын ажил ундарч байна. Тэртээ 1960-аад оны эхээр Булган уулын самарт явсан хүүхдүүд буцахдаа оройтоод, нэгэн айлд тараг ууж хоноход тэр айлын эзэгтэй авдраа уудлан шинэхэн хурган дээл гаргаад хүүхдүүд даарна хучиж унт гээд өгөхөд нь манай нөхөр ийм сайхан хурган дээлээр яаж хучих вэ шөнө нойрондоо тийчлээд дотрыг нь урчихаж мэднэ гэхэд

-Миний хүү амьд байсан бол нэг байтугай нэлээд хэдэн дээлийн дотор урж эхийгээ баярлуулах байсан даа, нэрэлхэх хэрэггүй ээ хучаад унт гэсэн тухай нөхөр маань ярьж байсан санагдаж, эх орончийн ижий гэдэг эх оронч байдгийг мэдэрч эхийн сэтгэл гэдэг энэ дээ гэх бодол хөврөнө.

Булган хотын төвөөс хойш хараа бэлчээвэл Удвал багшийн уран бүтээлийн байшин хэн нэгнийг ирэхийг хүлээх мэт чимээ аниргүй дүнхийх. У багш минь, уран бүтээлийн байшинтай болох гэж байгаа тухайгаа бидэнд их л баяр хөөр болон ярьдагсан.

-Миний байшин чинь давхар юм шүү дээ. Зуны цагаар хотоос ирэх зохиолчдыг хүлээж авч айраг, тараг, тарваганы махаар дайлна. Намайг байгаа болохоор айлын эзэгтэй нарын ааруул хурууд, цайны сүү зөөх цуваа тасарна гэж үгүй. Зун хөдөө гарахдаа хэдэн хайрцаг чихэр, бас нэг хайрцаг архи авчраад орон доогуураа хийгээд хадгалчихна. Ааруул боож ирсэнд нь чихэр өгч, авьяасаа тордож, зохиол бичиж суугааг нь хундага юмаар шагнаж тэдэнтэйгээ наргиж сууна гэж дандаа ярьдагсан. Хотоос ирсэн зохиолчид төд удалгүй уйдаж цалгардаад байвал Жаргалантынхаа зусланд хэд хонуулна гээд байшин нь босчихсон юм шиг, хүнээ хүлээж авахад бэлэн юм шиг л зөгнөдөг байж. Эрхэм хүний энэхүү хүсэл мөрөөдлийг Булганыхан биелүүлж У багшийн уран бүтээлийн өргөөг хүү Өнөбаатарт хүлээлгэн өгсөн цаг үе саяхан даа. Тэнд багшийн маань номын ширээ, ном зохиол үзэг харандаанаас эхлээд эд өлгийн зүйлийг тавьж хадгалсан аж. Харин багшийн минь сэтгэлд хоногшиж нүдэнд үзэгдтэл ярьж байсан зохиолчдыг ажиллуулах, тэдэнтэй холбоо барьж амруулах талаар энэ жилээс аймгийн Засаг даргын Тамгын газраас анхаарал тавьж байгаа тухай ярилцаж байна. Ярьснаа ажил болгож буй эхний алхам нь 2007 онд соёлоор харилцах үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болов. Түүгээр ч зогсохгүй олон нийтийн хандив, хотоос хөдөөд чиглэсэн нутгийн олны харамгүй туслалцааны үр дүнд 293 сая төгрөгийн санхүүжилттэйгээр Цагаан суваргын хөшөөг батлагдсан зураг төслийн дагуу Авзага трейд компани барьж байна. Цагаан энергийн төв хэмээн алдаршсаар ирсэн энэ орчинд буй хуучин Диваажингийн сүм байсныг цаашид барьж байгуулах хүсэлтэй нутгийн бизнесмэнүүд ч байгаа гэнэ. Диваажингийн сүм байгуулах зураг төслийг бурханч лам, зураач Г.Пүрэвбат зохион бүтээж нийслэлд барихаар бэлтгэж байгаад нутгийн сүсэгтэн олон ихэд бишрэлтэй хандаж байгаа гэнэ. Харин шамбалын орон, диваажингийн сүм гэж домог мэт яриа л улбаалж ирсэн болохоос бус, энэ бүтээн байгуулалт бидний үед биелэлээ олох цаг ирнэ гэж зүүдэлж байсангүй. Нийслэлд баригдах Диваажингийн сүмд очих мөргөлчдийн тоо улам өснө дөө гэж баярлаж байгааг сонсч явахад таатай байлаа. Тус аймагт энэ жил Төгс төгөлдрийн төлөө хамтдаа уриатай соёлын арга хэмжээ өргөн хүрээнд болж байна. Соёл гэдэг өргөн ухагдахуунтай энэ ойлголтыг ажил хэрэг болгохоор албан байгууллага, айл өрх, эзэн хүн бүрийн оролцоог сайжруулах олон талт ажил өрнөжээ. Улс төрийн орчин, нөлөөллөөс шалтгаалахгүйгээр бүх нийтийн соёлын тухай асуудлыг хөндөж тавьсан нь хүнээ хөгжүүлэх, хайрлах, байгууллагаа дээш татах, айл өрх аж төрөх ёсоо дээдлэх, үр хүүхэд нь аав ээжээ хайрлах, буурлуудаа асран хамгаалахын зэрэгцээ хашаа хороо, малын өтөг бууцнаас эхлээд мал аж ахуйн ачлага уналгын тоног хэрэгсэл, тэрэг чаргыг уламжлалт ёсоор эзэмшиж, хийж сурахад олон түмнийхээ анхаарлыг чиглүүлэх зорилготой юмаа гэж З.Батзориг бидэнд танилцуулав. Хогноосоо салах тухай олон жилээр ярьж байгаа манай нийслэлийнхнийг бодвол соёлоор амьсгалж байгаа Булганыхны яриаг сонсоход таатай байлаа. Хотын төвд 7.2 км зам тавьж, цэцэрлэгжүүлэх их ажил эхлээд байна. Айл өрхүүд хашаандаа мод, ногоо, жимс тарих нь уламжлал болжээ. Төв цэцэрлэгт хүрээлэнд алдарт бөх Намхай аварга, анхны ууган спортын мастер Б.Түвдэндорж, аварга Цэрэн гээд аваргуудын хөшөөг байрлуулж байна. Энэ орчны тохижилтыг нэгдсэн нэг бүтэцтэй байлгахаар зураг төсөл нь бүтээгджээ. Тэнгэрлэг эгшиглэнт Баатар вангийнхан урлаг соёлын тоглолтоо Хутаг-Өндөр сумынхан аймгийн төвд зохион байгуулах үеэр сурагч Намнанбаатарыг СУИС-д суралцах зардлыг аймгаас гаргахаар болсон байна. Түүнчлэн сурагчдын дунд морин хуур сурах хөдөлгөөн өрнүүлснээр Хишиг-Өндөр суманд 20 морин хуурч тодорч, тэдний хөгжмийн зэвсгийг аймгаас хангаж өгчээ. Хялганат тосгоны хүүхдийн Хараацай чуулгаас арван морин хуурч шинээр төрж, хөдөөгийн хүүхдүүдээс хөгжим бүжигт хамрагдах хүрээ өсч, авьяас чадвараа нэмэгдүүлэх бололцоог аймгаас сайн дэмждэг байна. Хэзээнээс монгол хэл бичгээр улсад цуутай Хишиг-Өндөр сумын сургууль төвийн бүсийн аймгуудын түшиц сургууль байсаар байгаа бөгөөд уламжлал болон зохиогдож байгаа эрдэмтэн, зохиолч Ш.Гаадамбын нэрэмжит олимпиадад хил залгаа дөрвөн аймгийн 15 сургуулиас 300 гаруй багш, сурагч тэнд цугларч авьяас чадвараа сорьжээ. Мөн МУЭ-ийн шагналт зураач Л.Гүрсэд, өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнг нутагтаа дэлгэн үзүүлэхээр шамдан ажиллаж, одоо Булганаас төрсөн алдар цуутай хүмүүсийн хөрөг 50 гаруйг зурж дуусаад байгаа гэнэ. Эмнэг сургах жинхэнэ монгол соёлоос авахуулаад, гэр барьж сурах үйл ажиллагаа, тариалангийн газрын соёл, үл хөдлөх хөшөө дурсгалыг бүртгэлжүүлэх, нүдлэн хамгаалах төдийгөөр зогсохгүй сумдын номын сан, соёлын газруудад их засвар хийх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, уран сайханчдын хувцас, хөгжмийн зэмсгийг сайжруулах олон арван ажилд хүч анхаарлаа тавьж байна. Аль ч Засгийн газрын үед хөрөнгө мөнгөний гачаалаас гарч чаддаггүй хөдөөгийн соёлын салбарынхан Соёл сан байгуулан ажилласны үр дүн ийнхүү гарч байгаа юм байна. Булганыхан Төгс төгөлдөрийн төлөө соёлоор амьсгалж байнам.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button