П.Yржинлхүндэв Энэ удаагийн айлчлалыг шаардлагын дагуу хийж байгаа

болон БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны яамны Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан хэлтсийн хоёрдугаар нарийн бичгийн дарга Чун Ми Сунтай ярилцсаныг толилуулж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилснаас жилийн дараа тус улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэ удаагийн айлчлалын зорилгын талаар ярина уу?
-Энэ айлчлал өөрөө төрийн тэргүүний айлчлал гэдэг утгаараа чухал ач холбогдолтой. Айлчлалын үеэр ямар ажил амжуулах гэж байгаа талаар манай иргэд, судлаачид сонирхож байгаа байх. Сүүлийн 17 жилийн хугацаанд Монгол Улс, БНСУ-ын харилцаа бүх л салбарт маш эрчимтэй хөгжиж ирсэн гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Энэ айлчлалыг ч бид эрчимтэй хөгжиж байгаа харилцааны өөрийнх нь хүрээнд авч үзэх ёстой. Харилцааны захиалгаар хийгдэж байгаа арга хэмжээ. Түүнээс биш төлөвлөсний дагуу төрийн тэргүүн ирэх гэж байгаа гэж ойлговол учир дутагдалтай. Ямар нэг төлөвлөгөөнд баригдаад хэн нэгэн хүний санаачилгаар хийж байгаа арга хэмжээ гэж үзэхээсээ өмнө хоёр орны харилцаа, төрийн дээд хэмжээнд уулзаж, тулгамдсан асуудлууд, цаашдынхаа хөгжлийн төлөвийг, тодорхой хамтын ажиллагааны асуудлуудыг ярьж зохицуулах шаардлагатай байгаа учраас хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг энэ удаа зохион байгуулж байгаа юм.
-Энэ айлчлалын үеэр гурван гэрээнд гарын үсэг зурна гэсэн. Ямар гэрээ юм бол?
-Энэ удаагийн айлчлал хоёр хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд амжуулах зүйл зөндөө бий. Юуны өмнө хоёр Ерөнхийлөгч уулзаж, хоёр орны харилцааг бүхэлд нь хамарч ярина. Yүн дотроо онцгойлж төвлөрөх асуудал гэвэл 2006 онд Улаанбаатарт дээд хэмжээнд ярьж тохирсон зүйлсийн хэрэгжилтийг дүгнэж цэгнэнэ. 2006 оны Улаанбаатарын дээд хэмжээний уулзалтаар анхаарсан хоёр чухал асуудал бий. Нэг нь Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ энэ харилцааны үр ашгийг дээшлүүлье, харилцааг чанаржуулъя гэж ярьсан. Энэ ажлын явц, үр дүн өнөөдөр ямар байгаа талаар хоёр Ерөнхийлөгч тогтож ярих байх.
Нөгөө нэг асуудал нь хоёр Ерөнхийлөгч БНСУ-д гэрээгээр болон хувиараа хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн нийгмийн асуудлыг зохицуулъя, Монгол иргэдэд ажиллаж, амьдрах, сурах аятай тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж өгье гэдэг дээр төвлөрч ярьсан. Энэ чиглэлээр хоёр улсын Засгийн газар чамгүй ажил хийсэн. Энэ ажлын явц, төлөв байдлыг дүгнэж ярина гэж бодож байна.
Баримт бичгийн хувьд хоёр зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна. Мөн Засгийн газар хооронд хоёр зээлийн хэлэлцээрийн тохиролцоонд гарын үсэг зурна. Салбарын яамдын хооронд хэд хэдэн тохиролцоо бий. Мөн хоёр талд шүүхийн шийдвэрээр ял эдэлж буй иргэдийг харилцан солилцож ялынх нь хугацааг эх оронд нь эдлүүлэх гэрээ байгаа. Ийм гэрээнд гарын үсэг зурна.
Харилцаанд өнөөдөр тулгамдсан асуудлууд гэвэл олон бий. Тэр дотроо эдийн засгийн хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэх, үр өгөөжийг сайжруулах шаардлагатай байгаа. Мөн харилцаа өөрөө олон шинэ асуудлыг дэвшүүлж байна. Тухайлбал, иргэдийн урсгал хөдөлгөөн эрчимжсэнтэй уялдаж иргэдийг хөнгөвчилсөн нөхцөлөөр зорчуулах асуудал, мөн Солонгос Улсад ажил хөдөлмөр эрхэлж, сурч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хуулийн хүрээнд хангах үүднээс иргэний хэргийн салбарт эрхийн туслалцаа үзүүлэх тухай асуудал бий. Мөн хүн худалдаалах, наймаалахын эсрэг хамтарч ажиллах тухай асуудал манай хоёр орны хооронд яригдаж буй. Энэ асуудал дээр цаашид хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээний талаар ярилцах юм.
Эдийн засгийн хамтын ажиллагаан дээр ирээдүйтэй, даацтай томоохон юм бодож, ярьж ирсэн. Тухайлбал, Монголын Дорнод бүс нутгийг хамтарч ашиглах тухай сүүлийн дөрвөн жил янз бүрийн хэмжээнд ярьж байна. Энэ асуудал дээр хоёр орны ерөнхийлөгч тогтож ярина. Yүнээс гадна, мөн иргэдтэй холбоотой асуудал бий. Ажиллаж, амьдрах, сурах нөхцөл бололцоог сайжруулах талаар цаашид олон зүйл хийхээр төлөвлөж байгаа. Энэ асуудлыг мөн хөндөнө.
-Айлчлалын бэлтгэл ажлыг үндсэндээ хангаад дууссан байх?
-Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл ажил хангагдсан гэж ойлгож болно. Бэлтгэлийг хангах гэж олон сараар хоёр улсын Засгийн газар, хоёр талд сууж байгаа ЭСЯ, ажилтнууд нойр хоолоо хасч ажилласан. Баримт бичиг боловсруулах, дээд хэмжээний уулзалт дээр төвлөрч ярих асуудлуудын хүрээг тогтоох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг дахин өнөөдрийн харилцааны хүрээнд байгаа тэр өндөрлөгөөс өнгийж харж тодорхойлох ажлыг хийсэн.
Ёслол талаасаа айлчлалд хоёр тал анхаарч, бэлтгэж байна. Аюулгүй байдал талаас нь мөн чамгүй бэлтгэсэн. Айлчлалын бэлтгэл хангагдсан учраас хэн хүнгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийг Сөүл хотноо хүлээж авахад бэлэн болоод байна. Айлчлал хоёр орны иргэдэд үр дүн хайрласан, хоёр орны харилцааг улам эрчимжүүлэхэд эрч хүч өгсөн, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулсан чухал арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Зууны мэдээ сонины тусгай сурвалжлагч Л.ТУНГАЛАГ
