Хуланг өслөө гэж ад үзэх хэрэггүй

Чухамхүү эдгээр ховордож байгаа амьтныг хөнөөхийг хуулиар хориглодог бөгөөд ингэж хамгаалагдсан амьтныг дархан цаазтай амьтад гэдэг. Ийнхүү дархан цаазтай амьтдаас хулан хайрлан хамгаалагдсаны ачаар өсөн үржиж байгаа юм. Энэ нь ховордсон амьтдыг улаан номонд бүртгэж хамгаалалтад авбал үр дүнд хүрч болдгийг амьдрал баталсны гэрч. Дорнын талын ганц доголон хулангийн эмгэнэлт амьдралын тухай гунигт түүх үеэ өнгөрөөж говьд хулан нэг үеэ бодвол өсч үржиж байгаа баримтыг жишээ болгон хэлье.
Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Улаанбадрах, Айраг, Сайхандулаан суманд хэдийнээ хулантай болсныг нутгийн хүмүүс батлан ярьдаг. Yнэхээр Хатанбулаг суманд явж байхад Эргэл, Сүүжийн тал хэмээх уужим талд хулан сүрэглэж тоос татуулан цахилж, зарим нь машин унаатай хүн амьтнаас айсан шинжгүй, бэлчээр нутагтаа тааваараа идээшлэх нь аргагүй л дархан цаазтай амьтан шүү гэсэн гэрэл гэгээтэй сэтгэгдэл төрж билээ. Энэ сайн хэрэг. Гэвч хулан баталгаатай өсч үржиж байгаа гээд хараа хяналтаасаа гаргамааргүй байна. Яагаад гэвэл тэдэнд дайсан мунддаггүй бололтой. Нутгийн зарим малчдын ярианаас сонсоход хээрийн боохой нэлээд барьж иддэг, зарим нэг нь говьд ган болж булаг шанд хатсан зун цангах, цасгүй хар зудтай хүйтэн өвөлд тэжээлгүйтэж осгож үхэх нь цөөнгүй. Нөгөө нэг бэрхшээл нь ус бэлчээр нь малтай давхцаж энд тэнд хот суурин олноор байгуулагдаж идээшсэн бэлчээрийг эзэмшсэн нь тэдний амьдрах нөхцөлд хүндрэл учирч хорогдлын нэг шалтгаан болдог гэнэ. Сүүлийн үед малчдын дунд энэ хулан өслөө, бэлчээр сүйтгээд дууслаа, хаврын цагт ядаж байхад ургамлын үндсийг цавчлаад хаячих юм гэж ад үзэх хандлага ч цухалзах боллоо. Тэр ч атугай хулгайн ангуучид малын хулгайтай зэрэгцэж төв сууринд мах ховор, үнэ нь хадаж байгааг далимдуулан хулангийн мах сэм бэлтгэж худалдаалдаг болсон тухай мэдээлэл олонтаа дуулдах юм. Нэгэн жишээ дурдахад Дорноговь аймгийн Мандах сумын нутагт өнгөрсөн жил Улаанбаатараас зохион байгуулалттай ангуучид ирж 70 гаруй хулан агнаад үйлдэл дээрээ баригдан шүүхийн хаалга татсан. Бас сэм хуйвалдаж, нам дарж нойль мах гэж нэрийдэн хулангийн мах зардаг хэсэг бүлэг сүлжээ бүхий хүмүүс бий болсон бололтой. Сүүлийн үед хулангийн махыг танигдахгүй болтол элдэв ногоо амтатнаар хачирлаж хиам, хоол хийж ашиг олж буй тухай ам яриа мэдээлэл ч сонсогдсон. Хэсүүл яриа үнэний улбаатай гэдэг дээ. Харамсалтай нь манай хяналтын газрын байцаагчид, аймгийн Байгаль орчны нөхөд мэдээгүй дүр эсгэж ийм зөрчлийг илрүүлэхийн оронд эвлэрч таг дуугүй байгаад жирийн иргэд ч гайхшралаа барж суудаг аж. Өнөөдөр хулан хэмээх энэ ховор амьтныг өссөн гээд түр зуур ч гэсэн агнах зөвшөөрөл өгчихвөл уухайлан дайрч авч ашиглахын донтонгууд олширч богинохон хугацаанд хулангаа дуусгачихаж мэдэх байх. Одоо чинь нохойн махаар хоол хийхээс буцахгүй болсон цаг үед хулангийн махыг адууны мах шигээ хэрэглэж болзошгүй шүү дээ. Ерөөсөө Монголчууд бид туйлшрахдаа гарамгай гэгддэг болохоор ганцхан мөнгө унацыг нь бодож манай айлын эмээ хүртэл ангийн бригадад нэгдэж магадгүй л байх. Иймд хулангаа яаж хамгаалах вэ гэсэн асуудал хөндөгдөнө. Хулангийн нутагшил бэлчээрийн хүрээг тэлж, говиос төв рүүгээ хойшлуулж ус бэлчээр, ургамал сайтай газар руу шилжүүлж болох юм. Бас бэлчээрийг усжуулж, булаг шандыг сэргээн засч, хавсаргатай хавар илүү цангадаг хуланг ундаалж, тус хүргэх ажлыг их говийн зоригтны өлгийн хүмүүс бид санаачлахсан. Нөгөө талаар хулангийн тооллого явуулж хамгаалах ажлын хүрээнд төрөөс баримтлах бодлого чиглэлийг шинэчлэх, хагас маллагаа, тэжээврийн аргаар үржүүлж улмаар монгол адуутай эрлийзжүүлбэл хурдан удмын морины эрин эхэлсэн энэ үед чухал юм. Хулангийн унага хүнд амархан дасдаг гэж ярьдаг нь үнэн юм билээ. Байгалийн ан амьтнаа зохистой ашиглах, хайрлан хамгаалах ухаанд хүүхэд залуучуудаа зөв зан үйлээр сургадаг гол арга болсон, өвөг дээдсийн маань их өв Монгол анчдын сургууль нээж ажиллуулахыг сэргээе. Тэгснээр ан амьтнаа хайрлан хамгаалдаг ариун нандин зан заншлыг судлан сурталчлах ажлыг санаачилж амьдралд нэвтрүүлмээр байна. Монгол Улсын ан агнуурын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хууль хяналтын байгууллагаас гадна төрийн бус байгууллагууд, иргэд олон нийтийн оролцоог ашиглаж үр нөлөөтэй хяналтын ажлыг зохион байгуулмаар байна. Yүний тулд идэвхтэн байгаль хамгаалагч, урамшилтай эргүүлийг орон нутагт олшруулъя. Ийм аргаар хулангийн болон малын хулгайтай зэрэг тэмцэж зөрчлийг цаг алдалгүй илрүүлэн хуулиар хорьсон ховордсон хуланг хамгаалах ажилд иргэдийн сайн дурын оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулмаар байна. Эдүгээ хулан өсч байна гэж тайвшрах бас ад үзэх биш харин хамгаалах ажлыг улам эрчимжүүлж, дархлагдсан хулангийнхаа тоогоор дэлхийд тэргүүлэх орны нэг болчихвол дэлхийн улаан номд данслагдсан хулангаа хайрлаж хамгаалах гэсэн зорилго биелэгдэх учиртай. Хулан өсч байгаа ч хамгаалалт нь хэвээрээ шүү гэж олон түмэндээ сэрэмжлүүлэхийн зэрэгцээ энэ ариун сайхан амьтны төлөө хүн бүр сэтгэлээ чилээж яваасай гэсэндээ үүнийг тэрлэвай.
