Цэц Ц.НЯмдоржийг юу гэж дүгнэв?

1. Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэг-ийн 51.1, 51.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг хянаж, Улсын Их Хуралд танилцуулсны үндсэн дээр ёсчилдог.
Ийнхүү эцсийн найруулгыг хянах явцад УИХ-ын дарга болон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга хуулийн агуулга, бодлого, зарч-мыг алдагдуулахгүйгээр зөвхөн найрлага, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийх эрхтэй.
2. Нэр бүхий иргэдийн өргөдөлд дурдсан Авлигын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хурлын 2006 оны хаврын чуулган өндөрлөх үеэр нэгдсэн хуралдаанд танилцуулахад миний бие дээр дурдсан бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр хуулийн эцсийн найруулгыг үргэлжлүүлэн хянаж засварлах шаардлагатайг мэдэгдсэний үндсэн дээр хуулийн агуулга, зарчим, бодлогыг өөрчлөхгүйгээр зохих засварыг хийж ёсчилсон болно.
Эдгээр хуулийн хувийн хэрэгт миний биечлэн засвар хийсэн тэмдэглэл байгааг Цэцэд хүргүүлсэн материалаас тодорхой танилцах боломжтой. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын засвар хийсэн тэмдэглэл ч тодорхой байгаа.
3. Дээр дурдсан хуулиудын эцсийн найруулгад засвар хийснээр нэр томъёог жигдэлсэн, хуулийн зүйл, заалтуудын хоорондын логик холбоо, уялдааг хангасан, үг хэллэгийн найруулгыг сайжруулсан, зүйлийн гарчигтай агуулгыг нийлүүлсэн, хоёрдмол санааг арилгасан, шаардлагатай зүйл, заалтын ишлэлийг татсан, бүтцийн хувьд ойлгомжтой, дэс дарааллыг нь цэгцтэй болгосон бөгөөд чингэхдээ хуулийн зохицуулалтын бодлогыг чанд хадгалж чадсан гэдэгт бүрэн итгэлтэй байна.
4. Дээрх хуулиудын найруулгыг Улсын Их Хурлын гишүүдэд урьдчилан тараасны үндсэн дээр Улсын Их Хурлын чуулганы 2007 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанд дахин танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс хуулиудын талаар зарчмын шинжтэй санал гараагүй болно.
Иймд Үндсэн хуулийн цэцэд маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийн төслийн санаачлагчаас оруулсан бодлого, үзэл баримтлал, төслийн хэлэлцүүлгийн явцад орсон өөрчлөлт, Улсын Их Хурлын холбогдох байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хэлэлцсэн тэмдэглэл, эцсийн найруулгыг хийсэн баримт материалыг хянан үзэж, бодлого, зарчмыг хадгалсан байдлыг онцлон анхаарахыг хүсье.
Энэхүү маргааныг Цэцийн хуралдаанд хэлэлцэн шийдвэрлэхэд намайг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нарыг томилж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Өргөдөл гарсан иргэдээс Цэцийн илтгэгч гишүүнд болон Цэцэд гаргасан тодорхой үндэслэлүүдийн талаар тухай бүрт нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбар өгөх болно гэжээ.
УИХ-ын Тамгын газар Ц.Нямдоржийг юу гэж хамгаалав
Улсын Их Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.На¬рантуяа нар эрхэм Спикерийг зөвтгөж, 2007 оны 3 дугаар сарын 1-нд Үндсэн хуулийн цэцэд 3/197 дугаар албан бичгээр тайлбараа ирүүлсэн байна. Үүнд
1. Ашигт малтмалын тухай болон Авлигын эсрэг хуулийн эцсийн найруулгыг 2006 оны 7 дугаар сарын 20-нд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Энэ өдрийн хуралдаанд хаврын чуулганаар баталсан 40 гаруй хууль, бусад шийдвэрийн эцсийн найруулгыг танилцуулсан бөгөөд цаг хугацааны хувьд олон том хуулийн эцсийн найруулгыг нэгэн зэрэг хийх боломжгүй байсан. Энэ байдлыг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд танилцуулж, эдгээр хууль, шийдвэрийн төслийн эцсийн найруулгыг ажлын хэсгийн ахлагч, Байнгын хорооны дарга нартай зөвшилцсөний үндсэн дээр хийх эрх авсан.
УИХ-ын дарга УИХ-ын хуралдааны дэгийн 51.2-т заасан эрх болон 7 дугаар сарын 20-ны нэгдсэн хуралдаанаас олгосон эрхийн хүрээнд найрлага, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын шинжтэй засвар хийж Ашигт малтмалын хуулийн эцсийн найруулгыг Ажлын хэсгийн ахлагч Д.Одхүү, гишүүн Ц.Дамиран нарт, Авлигын эсрэг хуулийн эцсийн найруулгыг хууль санаачлагч Улсын Их Хурлын дэд дарга Д.Лүндээжанцан, Байнгын хорооны дарга Ц.Мөнх-Оргил нарт танилцуулж өөр саналгүй гэсэн тул ёсчилсон.
Ер нь хууль, шийдвэрийн эцсийн найруулга хийх, танилцуулах ажиллагааг хуулиар биш, Улсын Их Хурлын тогтоолоор баталсан чуулганы хуралдааны дэгээр зохицуулдаг бөгөөд энэхүү ажиллагаа нь хууль тогтоох үйл ажиллагааны техникийн горим тул энэ талаар гарах саналын зөрөлдөөн ньҮндсэн хуулийн Цэцээр хянан шийдвэрлэгдэх маргаан биш, Улсын Их Хурал дотооддоо хэлэлцэж шийдвэрлэх асуудал юм. Иймд Үндсэн хуулийн цэц өөрт нь үл харьяалагдах асуудлыг хэлэлцэж аливаа шийдвэр гаргахгүй гэдэгт найдаж байна.
2. Авлигын эсрэг болон Ашигт малтмалын тухай хуульд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд зааснаар эхний ээлжийн засварыг Улсын Их Хурлын Тамгын газар (Ерөнхий нарийн бичгийн дарга) хийж, эцсийн хувилбарыг Улсын Их Хурлын даргад өгсөн. Энэхүү хувилбар дээр Улсын Их Хурлын дарга ажилласан. Иймд аль засварыг хэн хийснийг нарийвчлан ялгаж тогтоох шаардлагатай. Тухайлбал Тамгын газрын хийсэн засварыг Улсын Их Хурлын дарга хийсэн гэж үзэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаж болохгүй гэж үзэж байна.
З. Эдгээр хуулиудад хийсэн засвар, найруулга нь Улсын Их Хурлаас хуулийг батлахдаа баримталсан агуулга, бодлого, зарчимтай зөрчилдсөн гэдгийг зөвхөн Улсын Их Хурал, түүний гишүүд дүгнэх бүрэн эрхтэй. Авлигын эсрэг болон Ашигт малтмалын тухай хуулийг 2007 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Улсын Их Хуралд дахин танилцуулсан бөгөөд энэ үеэр дээрх хуулийн эцсийн найруулга (редакци)-ын талаар гишүүдээс нэг ч гомдол, санал гараагүй. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурал болон гишүүд хуулийн эцсийн найруулга Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг, 7 дугаар сарын 20-нд олгосон эрхийн хүрээнд явагдсан, эдгээр хуулиудад агуулга, бодлого, зарчмын шинжтэй өөрчлөлт ороогүй гэдгийг эцэслэн хүлээн зөвшөөрсөн болно.
Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд нэг заалт орхигдон ёсчлогдсон тухай асуудлыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын Зөвлөлөөс бичгээр Улсын Их Хуралд хандан тавьж, ийнхүү орхигдсон заалтыг хуульд нэмж оруулах санал тавьсныг Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 31-ний нэгдсэн хуралдаанд танилцуулж, Ашигт малтмалын тухай хуулийг ёсчилсон байдлаар нь орхигдсон заалтыг нэмж оруулан Улсын Их Хурлын гишүүдэд урьдчилан тараасны үндсэн дээр гишүүд судалж, тодорхой санал байвал дараагийн хуралдаанд авч үзэхээр шийдвэрлэсэн юм. Энэ үеэр мөн Хууль зүйн байнгын хорооны даргын саналаар Авлигын эсрэг хуулийг ч энэ маягаар авч ярихаар болсон.Үүний дагуу уг хуулиудыг Улсын Их Хурлын гишүүдэд 2007 оны 1 дүгээр сарын 31-нд хувилан тарааж, танилцуулан Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүдээс эдгээр хуулийн талаар агуулга, бодлого, зарчмын шинжтэй засвар хийсэн тухай ямар нэг санал шүүмжлэл гараагүй болно.
4. Өргөдөл гаргагчаас Үндсэн хуулийн цэцэд нэмж гаргасан Ашигт малтмалын хуульд Улсын Их Хурлын дарга Ц.Нямдоржийн хийсэн засвар ба түүнээс үүдсэн үр дагавар гэсэн нэртэй хүснэгтийн 1 дэх баганын 3-8 дахь мөрөнд бичсэн бүх заалтууд Улсын Их Хурлын гишүүдэд тараа¬сан эцсийн найруулгын заалтаас өөр болсон байна. Хуулийн эцсийн хэлэлцүүлгийн төсөл, эцсийн найруулгын төслийн аль алинд нь ийм заалт байгаагүй бөгөөд зарим заалтыг өргөдөл гаргагчид санаанаасаа зохион бичиж агуулгыг өөрчилжээ.
Тухайлбал, уг хуулийн 4 дэх мөрөнд Тус хуулийн 19.2 Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгүүлснээс хойш ажлын 3 өдөрт дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана гэжээ. Гэтэл эцсийн хэлэлцүүлэг болон эцсийн найруулгын төсөлд өргөдлийг бүртгүүлснээс хойш гэсэн үг өгүүлбэр байхгүй байна.
Өөрөөр хэлбэл өргөдөл гаргагчид чухам ямар төслүүдийг харьцуулан ийм зүйл бичсэнийг ойлгох аргагүй байна.
Иймд хуулийн зарим зүйл, заалт алга болсон, огт байхгүй зүйл нэмэгдсэн, зарчмын шинжтэй засвар оруулсан гэдгийг Цэцэд хүргүүлсэн үндсэн материалаас нягтлан үзэхийг хүсъе.
5. Өргөдөл гаргагчид Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлээс хайгуулын талбай болон уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай гэсэн заалтыг хассан гэжээ. Эдгээр үгүүдийг хассан нь үнэн бөгөөд энэ нь дараахь шалтгаантай юм. Үүнд
а/ Хуулийн зорилтод ийм үгүүд оруулсан боловч хуулийн бусад зүйл, заалтад хайгуулын талбай, уур-хайн эдэлбэрийн орчныг хамгаа-лахтай холбогдсон ямар нэгэн зүйл, заалт, зохицуулалт байгаагүй тул хассан. Хуульд уурхайг хаах үед тавигдах шаардлага гэсэн 45 дугаар зүйл байгаа боловч энэ зүйлд уурхайн эдэлбэр орчинг хамгаалах тухай ямар ч заалт алга.
б/ Хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах асуудал нь бүхэлдээ ашигт малтмал ашиглахтай холбоотойгоор гардаг олон төрлийн эрх зүйн харилцааны өчүүхэн хэсэг байдаг тул тэдгээрийг хуулийн зорилт гэсэн зүйлд онцгойлон заавал оруулах шаардлагагүй, ашиглах гэсэн ойлголт дотроо багтаж зохицуулагддаг гэсэн утгаар нь үг хэллэгийн засвар хийсэн.
6. 1997 онд батлагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 13 дугаар хэсэг, Улсын Их Хурлын 2001 оны 6 дугаар сарын 21-ний 61 дүгээр тогтоолоор баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.14-д Эцсийн хэлэлцүүлгээр баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг хэлэлцүүлэг дууссанаас хойш ажлын 6 өдөрт багтаан Улсын Их Хуралд танилцуулна. Эцсийн найруулгыг танилцуулах ажлыг Ерөн-хий нарийн бичгийн дарга хариуцна гэж тус тус заасан байсан бөгөөд энэхүү заалтын хүрээнд холбогдох засварууд байнга хийгдэж ирсэн.
Ийм найруулгын засвар урьд өмнө батлагдаж мөрдөж байсан бүх хуулиудад хийгдэж байсан бөгөөд үүнийг Улсын Их Хурлын архивт хадгалагдаж байгаа хууль, шийдвэрийн хувийн хэрэг-тэй танилцан магадлаж болно.
Өөрөөр хэлбэл найруулгын засвар зөвхөн энэ Их Хурал, Ц.Ням¬дорж даргын үед шинээр бий болсон зүйл биш, 1990 оноос хойшхи бүх Бага, Их Хурал, тэдгээрийг удирдаж байсан дарга нарын үед хийгдэж ирсэн, хууль тогтоох ажлын нэгэнт уламжлагдан тогтсон практик гэдгийг тэмдэглэж байна гэжээ.
Монгол Улсын Yндсэн хуулийн нэрийн өмнөөс
ҮНДЭСЛЭЛ
1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 93.0 хувийн саналаар баталж, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсан Авлигын эсрэг Монгол Улсын хуульд 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр, мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 83.7 хувийн саналаар баталж, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсан Ашигт малтмалын тухай хуульд 2006 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тус тус агуулга, бодлого, зарчмын болон найруулга, үг хэллэг, дараалал, бүтцийн чанартай олон тооны засвар, өөрчлөлтийг Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж хийсэн нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл болон эдгээр хуулийн хувийн хэрэг дэх баримтууд, бусад нотлох баримтаар нотлогдож байна.
УИХ-ын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-ийн Улсын Их Хурал …хуралдаанаар хуулийн төсөл, …хэлэлцэх, …батлах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална, мөн Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.4-ийн Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ дэгийн 51.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Ийнхүү Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын тогтоолоор баталсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн холбогдох заалтыг зөрчсөнөөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн; Хорьдугаар зүйлийн …хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална; Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудал болох тухай заалтыг тус тус зөрчсөн байна.
Харин Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Үндсэн хуульд… нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргах асуудлыг Үндсэн хуулийн цэц эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр хэлэлцэх тул өргөдөл гаргагч иргэдийн энэ талаар тавьсан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон
Монгол Улсын Yндсэн хуулийн нэрийн өмнөөс
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь
1.Авлигын эсрэг хууль, Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа агуулга, бодлого, зарчмын болон найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн чанартай олон засвар, өөрчлөлтийг хийснээрээ Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн; Хорьдугаар зүйлийн …хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална; Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудал болох тухай заалтыг тус тус зөрчсөн байна.
2. Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн Үндсэн хуульд… нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчөөгүй байна.
3.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
Даргалагч Ж.Бямбадорж
ГишүүдН.Жанцан, П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа
(Yг сонин)
