Нийгэмдээ адлуулсан алдартан

Амьд сэрүүн явахдаа нэгэн цагийн домог болж, сонгодог найруулагчаар нэрлэгдсэн Андрей Тарковскийг ХХ зууны агуу найруулагчид болох Феллини, Бергман нар хүндлэн биширдэг байв. Харин дэлхийд хүндлэгдсэн авъяаслаг найруулагч Тарковскийг эх оронд нь төдийлөн үнэлж байсангүй. Тэрээр гайхамшигтай сайхан гэр бүлд 1932 оны 4 дүгээр сарын 4-нд төрсөн бөгөөд түүний эцэг Арсений Тарковский яруу найрагч, ээж нь жүжигчин байв. Тэрээр 1960 онд Бүх Холбоотын Кино Урлагийн дээд сургуулийн найруулагчийн салбарыг Михайл Роммын гар дээр, шавь нь болж суралцан төгсжээ.
Түүний анхны кино Ивановын бага нас нь Венецийн кино фестивалиас Алтан арслан хүртжээ. Энэ цагаас эхлэн Тарковскийн амьдрал уран бүтээл баруун Европын олон нийтийн анхааралд өртөх болжээ.
Түүний удаах кино нь дэлхийн кино урлагт оруулсан мөнхийн бүтээл болсон ч эх оронд нь зөвхөн атаархал авчирчээ. Андрей Рублёв гэх түүхэн сэтгэл зүйн драм нь 1969 онд Каннын кино фестивалийн тусгай шагналыг хүртсэн ч олон жил барууныханд хаалттай байж 1973 онд л Зөвлөлтийн киноны байгууллага аргагүйдэн уг киног гадаадад гаргахыг зөвшөөрчээ. Андрей Тарковский эх орондоо 20 жил ажиллахдаа 5 кино бүтээжээ. Солярис, Толь, Сталкер зэрэг кинонууд нь Зөвлөлтийн кино урлагийн түүхэн дэх гайхамшигт бүтээлүүд болсон юм. Гэвч түүнийг Зөвлөлтийн кино урлагийн байгууллагаас нэг ч удаа төрийн шагналд нэрийг нь дэвшүүлж байсангүй, Тарковскийг шахаж хавчин үзэн ядаж байв. Тарковский Ностальгия киноныхоо зургийг авахаар 1982 онд Итали явсан бөгөөд энэ нь түүний хувьд эх орноосоо эгнэгт холдсон тавилангийнх нь эхлэл байжээ. Уг киноныхоо орос нутгийн байгалийн зургийг Италид авсан бөгөөд энэ нь түүний зүрхийг гүнзгий шархлуулсан юм. Тарковский Италид ажиллах хугацаагаа сунгахыг хүсч Зөвлөлтийн байгууллагуудад удаа дараа хандсан боловч тэд хариу өгсөнгүй.
Иймээс 1984 онд эх орондоо ирэхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн юм. Зөвлөлтийн киноны холбоо Тарковскийг урвагч хэмээн зарлаж түүний киног дэлгэцэнд гаргахыг хориглож эхнэр, хүү хоёрыг нь нөхөр рүүгээ явахыг хориглов. Тарковскийн сүүлчийн кино нь Тахил өргөсөн нь байв. Энэ киноныхоо зургийг Тарковский Шведэд авсан бөгөөд энэ үед тэрээр хүндээр өвчилсөн байв. Баруун Европын олон нийт өвчтэй найруулагчид хүнлэг бус хандаж буй Зөвлөлт засгийн хатуу араншинг үл тэвчин шүүмжилсэн ба Францын ерөнхийлөгч Франсуа Миттеран Зөвлөлтийн ерөнхийлөгч Горбачевт хувийн захидал бичиж гуйснаар түүний хүүг үхэж буй эцэгтэй нь уулзуулсан ажээ. Орос-зөвлөлтийн нэрт найруулагч Андрей Тарковский 1986 оны 12 дугаар сард Парист нас барсан бөгөөд түүнийг оросын цагаачдын оршуулгын газар нутаглуулж, булшин дээр ньэнд амьддаа бурханыг харсан хүн нойрсч байна хэмээн бичжээ.
(Yг сонин)
Ч.ЧУЛУУН
