Эгчмэдхэн бүсгүйд

Олоон эгч бүсгүйн зүс яасан гоёмсог
Одоо хэрнээ зүүдэлдгийг минь мэдэх болов уу яах бол
Огтоос гуниггүй түүний билгүүн хөмсөг атирах шиг
Огторгуйн жимээр хөвөх хоёрны саран ихэмсэг
Шал хэрэггүй юм асуусаар очих тоолонд минь
Шар дурдан гунигийг ороож өгдөг эгчмэдхэн
Шаналан зангирсан харцанд итгэлийн зул жаргааж
Шагшуур адил хуруу нь хуримын бэлзгэнд сүвлээстэй
Цаг хугацаа зүүд дамнан одовч
Цагаан өмсгөлтэй аялгууг мартаж үл чаднам
Цайгаа хувааж уухгүй заяа төөргөндөө гоморхож
Цамцны энгэр нэвчээн үе үе уйлнам
Очоод уулзахын эрхгүй гэж өрөвдөнгүй асгах
Олон намрын бороо уруулыг чинь норгож оржээ
Он жилүүд хэн хэний минь судсаар урсаж
Одоо та улам чиг намбалагхан болоо доо
Харцаараа бичсэн захидлыг минь өхөөрдөж уншдаг
Хайраа боосон чихрийг минь халаасандаа мартдаг
Харцуулын зүрхэнд галаар тэрлэсэн шүлэг
Хамгийн сайхан бүсгүйчүүд эгчмэд төрдөг юм даа
Зүүнбаян 1997
Дорж-Юндэнгийн Болдхуяг [email protected]