Хүний эрх ба Дунайн дайн

Олон улсын хүний эрхийн Amnesty International (Олон улсын өршөөл) байгууллагын жил тутмын шинэ илтгэлийг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кейт Гилмор өнгөрсөн лхагва гаригт Москва хотноо танилцууллаа. АГ-н шинэ илтгэлд дэлхийн 150 оронд хүний эрх ямар нэгэн хэмжээгээр зөрчиглөж буйг шүүмжилсэн байна. Хууль хяналтын байгууллагынхны дураараа загналт, шүүхийн захиалгат шийтгэл, хоригдлуудыг тамлан зовоох явдал Орост газар авсан ба АНУ-д терроризмтай хийх тэмцлийн олон улсын хууль дүрмийг зөрчиж, цагдаагийнхны зэрлэг ажиллагаа болон цаазаар авах ялыг хэрэгжүүлсээр байгааг тус байгууллага шүүмжлэв. Мексик, Куба, ӨАБНУ, Украин, Турк, Гүрж, Их Британи, БНХАУ зэрэг орнууд ч шүүмжлэлд өртлөө. Хатагтай Гилморын мэдэгдсэнээр Чеченьд 2000 хүн сураггүй болсон ч хэн нэгэн үүний төлөө шийтгэгдээгүй, сөрөг хүчний жагсаал цуглааныг Оросын эрх баригчид хүчээр дарж байжээ. Илтгэлд тэрслүү үзлийг дарж, сэтгүүлчдийг айлган сүрдүүлж, тэдэнд халдаж, үндэслэлгүйгээр эрүүдэн мөрдөж байсныг тэмдэглээд сэтгүүлч эмэгтэй Анна Политковскаяг хөнөөсөн хэргийг онцолсон байна.
Орост хүний эрх зөрчигдөж байгаа жишээнд хоригдлуудыг тамлан байцааж, цагдаа нар дураараа загнаж, хөрш орнуудаас эрэн сурвалжилж буй хүмүүсийг хүчээр шилжүүлэн өгч, мөн түүнчлэн сексийн цөөнхийн эрхийг хязгаарлах, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах болон үл тэвчих зэрэг үзэгдэл байгааг онцлон заасан байна. Тус байгууллага шударга бус шүүхийн үйл ажиллагааг бас тусгайлан тэмдэглэв. Ийм жишээнд ЮКОС компанийн удирдлагыг шүүснийг AI онцлов. Энд тэмдэглэхэд өнгөрсөн жилийн илтгэлээрээ Олон улсын хүний эрхийн Amnesty International байгууллага зөвхөн Чеченьд хүний эрх зөрчигдөж байгааг дурдаж байсан бол энэ удаа Орост тавьсан шаардлага нь улам өргөжжээ. Энэ нь Орос оронд хүний эрхийн зөрчил улам ихсч буйг харуулж байна. Amnesty International байгууллагаас АНУ-д зориулсан бүлэгт тэмдэглэхдээ тус орон Ирак, Афган болон Гуантанамагийн шоронд урьдын адил хэдэн мянган хүнийг ял сонсголгүй хорьж байна гэлээ. АНУ-ын өнөөгийн засаг захиргаа дэлхийг терроризмтай хийх дайны талбар болгон түүнийхээ хүрээнд хүний эрхийг зөрчиж байна гэж хатагтай Гилмор онцолжээ.
Америкийн эрх тушаалтнуудын зүгээс тогтмол зөрчил гаргаж байгаа ч гэсэн хэн нэгэн шийтгэгдээгүй гэж Гилмор санууллаа. АНУ өөрийгөө хүний эрхийг дээдлэх хүчин гэж үзүүлж буй ч олон улсын эрх зүйн сууринд харшилсан үйлдэл явуулж өөрийн нэр хүндийг унагаж байна гэж илтгэлд онцолжээ. Илтгэлд тэмдэглэснээр цагдаа нарын хэрэглэсэн цахилгаан гар буунаас болж 70 гаруй хүн амиа алдсан бөгөөд АНУ-ын 14 мужид 53 хүнд цаазаар авах ялыг гүйцэтгэсэн байна. Оросоос илүүтэйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг дарамталдаг орнууд байгаа ч тэдний тоо нь цөөн. Орос одоохондоо интернэтийн мэдээлэлд хяналт тавихгүй байгаа. Харин энэ талаар Хятад, Иран, Сири, Вьетнам, Белорусь шүүмжлэлд өртлөө.
Дунайн дайн
Владимир Путин сүүлийн үед заншсан ёсоороо АНУ-ыг Дунайн эргээс дахин шүүмжлэл өрнүүллээ. Австри улсад айлчилж байгаа Путин тус орны Ерөнхийлөгчийн хамт хийсэн хэвлэлийн бага хурал дээр Европт байрлуулах Америкийн пуужингийн довтолгооны эсрэг системийн талаар маргаан үүсгэсэн таван асуудлыг гаргаж тавив. Ийнхүү Австрийн Ерөнхийлөгч Хайнц Фишерын урилгаар Австрид айлчлахдаа ОХУ-ын Ерөнхийлөгч бас нэг дуулиан мандуулсан юм. Путинээс авах ярилцлагынхаа зарлалд Австрийн ORF телевиз Чеченийн дайнын зураглалаас оруулсан учир В.Путин сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөс татгалзсан билээ. Айлчлал мэдээж хэрэг амжилттай болж Орос-Австри гурван тэрбум еврогийн бизнесийн гэрээ хэлцэл хийлээ. Гэхдээ хамгийн их анхаарал татсан үйл явдал нь хэвлэлийн бага хурал болов. Путин сэтгүүлчдэд ярилцлага өгөхөө амласан. Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Европт байрлуулах Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэх системийн талаар дахин эсэргүүцэл илэрхийллээ. Түүний хэлснээр ийм систем байгуулах зайлшгүй шаардлага байхгүй гэнэ. Шинэ шинэ зэвсэглэлээр дүүргэх ямар сөрөг байдал Зүүн Европт гарч байна вэ? Болгарт яагаад шинэ бааз байгуулах хэрэгтэй юм вэ? Румынд яагаад шинэ бааз нээх ёстой гэж? Чехт яагаад байрлалын район байгуулах хэрэгтэй болов? Польшид яагаад пуужин байрлуулах хэрэгтэй вэ? гэсэн таван асуудал гаргаж тавиад Оросын тал нээлттэй, ил тод маргаанаар өөрийн санаа зөв гэдгийг түншүүддээ тайлбарлах болно гэв. Оросын Ерөнхийлөгч үр ашиггүй ажиллагаа гэж АНУ-д энэ талаар санууллаа. Эдгээр асуудлаас гадна Оросын тэргүүн газар нутаг ба төрийн байгууламжийг өөрчлөх зарчмын сэдвийг хөндлөө. Энэ асуудал олон талтай, дэлхийн хаана ч хэрэглэх учиртай гэж тэр хэлэв. Косовогийн байдлыг олон улсын эрх зүйд үндэслэн тогтоож байгаа гэж хэлээд Түүний нэг гол зарчим нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан 1244 тоот тогтоолд Косово нь Сербын залшгүй хэсэг гэж заасан хэмээн тэрээр онцолжээ. Хэрэв АНУ-ын санаачлагаар Косовод тусгаар тогтнол олговол тийм зарчим хүлээн зөвшөөрөгдөөгүй Днестр орчмын улс, Абхаз, Өмнөт Осетид бас үйлчлэх ёстой гэсэн санааг Оросын Ерөнхийлөгч гаргаж байгаа аж.
(Ардын эрх 105/637)