Оргилд мацсан зам

Түүний ах нар хүү нэртэй байснаас ийн уламжилсан хэрэг. Тэгээд ч эцэг хүн хүү төрөхөд хэзээд бахархаж нэг бол бөх нөгөө бол зоригт баатар болоосой гэж бэлгэшээдэг. Хүү ах эгчийн гарыг дамжин бүүвэйлүүлж, чирэгдсээр долоон нас хүрч сургуульд оров.
Тэгэхэд аав нь эх орны алс баруун хязгаар Булганд сум нэгдлийн даргаар ажиллаж байлаа. Булган улсдаа томд орох сум. Тиймээс ч Баатархүү сумын 10 жилийн сургуульд оржээ. Түүнийг зургадугаар ангид ордог жил биеийн тамирын залуухан багш дээд сургууль төгсөж ирсэн нь Баатархүүгийн амьдралд арилшгүй мөрөө үлдээжээ. Сургуулийн биеийн тамирын зааланд мөнөөх Пунцагдаш багш олон төрлийн секц дугуйлан хичээллүүлнэ. Yеийнхэн дотроо нуруугаар өндөр Баатархүү хэдэн нөхөдтэйгээ чөлөөт бөхийн дугуйланд орж явчихав. Даргар ногоон брезентээр бүрсэн хэдэн эсгий дэвсчихээд хүүхдүүд үзэж тарна. Пунцагдаш багш өөрөө чөлөөт бөхөөр барилдахгүй ч ном сэтгүүлээс янз бүрийн мэх зааж, нөгөө хэдийг элдэж өгнө. Өглөө эрт Бүрэнхайрхан уул руу аваад гүйчихнэ. Булган голын усанд умбуулж, хөвөөн дээр нь барилдуулж гарна.
Хөдөөгийн эрдэнэ хөдсөнд боодолтой гэдгийн үлгэрээр Баатархүү, Ч.Чойсүрэн, Ж.Чулуунжав хэд өдөр хоногоор бойжиж өсч байсан хэрэг. Мэх сурч, нэгнээ ялахын донд автаж явлаа гэж А.Баатархүү тэр үеэ дурсан хуучилдаг. Тэр анх 1971 онд 52 кг-д аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орж үзэв. Юм болсонгүй нуга даруулаад нутаг буцав. Хамт явсан том ах А.Батхүү нь аймгийн аварга болоод бүсэд барилдахаар үлджээ. Нөгөө ах А.Басхүү нь тэр жил улсын аварга шалгаруулах залуучуудын тэмцээнд хоёр дахь алтан медалиа авч улмаар Токио хотноо болох Дэлхийн залуучуудын аваргад явах боллоо гэдгийг радиогоор сонсов. Бөөн гуниг. Хоёр ах маань сайхан амжилт гаргачихаад байхад өөрөө юу ч байдаггүй, хов хоосон. Тэгж бодохоор үгээр хэлж боломгүй уйтгар төрнө.
Аймаг, сумын хооронд ногоон онгоц явдаг ч агаар муу гээд ачааны тэргэн дээр суугаад гэрлүүгээ буцлаа. Хонон өнжин явсаар гэрийн бараа харав. Аймгаас Булган сум 400 шахам км, тэгээд Монголын хамгийн өндөр алдарт Улаан даваа давж, 80 км урт Бодончийн хавцлыг туулна гэдэг амаргүй, дээр нь сэтгэлдээ дүүрэн гуниг. Ийн явсаар гэртээ ирж, ээжийгээ хараад нэг их гэм хийсэн хүн шиг учир зүггүй уйлж гарчээ. Ээж намайг үнсээд миний хүү хар нялхаараа дөнгөж 14-тэй байна. Болоогүй шүү дээ. Сайн хичээвэл түрүүлнэ ээ гэж тайтгаруулж байсныг ер мартдаггүй гэж тэр ярьж байна. Энэ үеэс ялах түрүүлэхийн бөөн дон. Яаж Басхүү ах шигээ аварга болох вэ гэдэг бодол түүнийг амар байлгахгүй болжээ. Хэдэн нөхөдтэйгээ дэвжээн дээрээ ихэнх цагийг өнгөрөөнө. Хатуу брезэнтэн дээр хэд унахад өвдөг, тохой зулга. Ийн гэр хичээл, дугуйландаа гүйсээр шинэ он гарав.
Түүнийг наймдугаар ангид ордог жил буюу 1972 онд пионер сурагчдын спартакиад болов. Тэр баруун таван сумын бүсээс шалгарч, аймаг явлаа. Аймгийн тэмцээнд түрүүлж, баруун аймгуудын бүсэд хүч үзэж шалгарав. Ингээд хотыг зорив. Монголын пионер сурагчдын спартакиадад хамгийн хязгаар нутгаас ирж барилдсан А.Баатархүү 65 кг-д мөнгөн медаль хүртэв. Бөөн баяр. Yгээр хэлэхийн аргагүй уйтгар гунигт баглуулан байсан түүний цээжинд баяр урам цэлмээд иржээ.
Дараа жил нь Улсын аварга шалгаруулах залуучуудын тэмцээнд төвөггүй түрүүлж, насанд хүрэгчдийн аймгийн аварга болсон ч цааш авч явсангүй. Арга ч үгүй биз. Дөнгөж 16-тай хүүхдийг улсын томчуудтай үзүүлж, зоригийг нь мохоогоод яахав гэж бодоо биз. Харин сумынхаа наадамд барилдаж түрүүлэв. Сумын заан, алт, мөнгөн медальтай өндөр бор хүү Бүрэнхайрхан уул руу гүйж, эсгий дэвжээн дээрээ хөлсөө дуслуулсаар. 1974 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв. Алт авах байсан ч бүсийн тэмцээнд хүч үзэж байгаад гэмтчихэв. Хотод ирээд эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэсэн ч зовиур арилсангүй. Тэр холоос ирээд зүгээр буцалтай биш гээд шүд зуун барилдаж мөнгө авсан нь тэр.
Алтайн бор хүү их хотыг зорив
Аравдугаар ангиа төгслөө. Уралдаант шалгалтад орж, цэргийн ерөнхий сургуулийн хуваарь авчээ. Хүсэл, мөрөөдөл дүүрэн Алтай нутгийн бор хүү их хотыг зорин гарлаа. Эдүгээгийн Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд дөрвөн жил цэргийн амьдралаар амьсгалж, хичээл номдоо шамдахын зэрэгцээ дуртай спортоо орхисонгүй. Алдар нийгэмлэгээр овоглон уралдаан тэмцээнд орж байв. Түүний жин өгссөөр байв. 74 кг-д олон кг хасаж, арай хийж орох болжээ. 1977 оноос улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах болов. Сургуулиа төгсдөг жил гавъяат тамирчин Ч.Дамдиншарав багш ирж сургуулийн штабын даргатай уулзаад түүнийг аваад явжээ. Автобусанд суух зуураа Дамдиншарав багш түүнд Чи хотын аваргын тэмцээнд 82 кг-д ор. Эхний гурван байрны нэгэнд орохгүй бол Зүүнбаянд цэргийн даргаа хийгээд яваарай гэжээ. Тэр үеийн 82 кг-ийн жинд олон улсын хэмжээний хүчтэнүүд зогсож байсныг Баатархүү мэдэх болохоор энэ үг хатуу ч үнэн гэдгийг тэр ойлгож байв. Хэд хоноод хотын аваргын тэмцээн эхлэв. Энэ тэмцээнд Баатархүү түрүүлж улмаар насанд хүрэгчдийн чөлөөт бөхөөр анхны улсын аварга болов. Ингээд Баатархүүгийн их спортын түүх эхлэв. Тэр өөрийгөө чанга зарлан гарч иржээ.
Yнэндээ Монголд бүү хэл дэлхийн хүчтэнүүд З.Дүвчингээс сүрдэж байсан цаг. Жин хасахын зовлонг умартаж, дээд сургуулиа төгссөн Баатархүү сэтгэл хоёрдох юмгүй, санаа амар бэлтгэлээ шаргуу хийнэ. Бэлтгэл ханаж, торгон ир орох гэдэг. Чухам ийм алтан хоногууд түүнд тохиож байлаа. Улсын аварга болж байж дэлхийн аваргын тэмцээнд зодоглох эрх олж авах хатуу эрэмбэтэй. Энэ ч бичигдээгүй шударга өрсөлдөөний хууль. Дэлхийн аваргын тэмцээний цугларалт Отгонтэнгэрт болов. Баатархүү дотроо горьдлоготой ч багш, дасгалжуулагчдын амыг харан бэлтгэлээ хийсээр Мексикийн дэлхийн аваргын тэмцээнээс хоцров. 1978 оны намар Өвөрхангайд алдарт бөх, дэлхийн хошой аварга З.Ойдовын нэрэмжит тэмцээн болов. Улсын аваргын тэмцээнд эхний гурван байр эзэлсэн шилдэг баг тамирчид энд хүч үздэг байв. 82 кг-д хожим 1980 оны Москвагийн олимпоос мөнгөн медаль хүртсэн гавъяат тамирчин Ж.Даваажав, З.Дүвчин гээд хүчтэнүүд цуглажээ. Энэ тэмцээнд Баатархүүг хэн ч дийлсэнгүй.
– Энэ тэмцээний дараагаас өөртөө итгэж эхэлсэн. Сайн бөхийг сайн өрсөлдөгч төрүүлдэг юм билээ. Намайг өдий зэрэгтэй болгосон хүн чинь яах аргагүй гавьяат Дүвчин юм шүү. Бөх хүнд бяраас гадна авъяас, ухаан, өөрийн давуу байдлаа ашиглах чадвар их чухал. Энэ бүхнийг өөртөө цогцлуулсан шилдэг бөх, ховор өрсөлдөгч маань хүний гар таллаж барьж барилддаг. Түүнтэй барилдахад баруун гар нэг хэсэгтээ мэдээгүй болдог. Мөн ч зовооно шүү дээ. Тэр хэрээр ухаарал, хатуужил суудаг юм гэж тэр ярив.
Дэлхийн тэмцээнд алтан соёмбот тугаа мандуулав
1979 он гараад Интернационал тэмцээн Улаанбаатар хотноо эхлэв. Дүвчинтэй нэлээн эрт таарчээ. Тэр үнэхээр яс бэлтгэсэн бололтой. Хэн хэнээсээ оноо авч чадалгүй есөн минут дуусч, торгуулиар хасагдав. Гэхдээ дараагийн тойргуудын барилдааны амжилтыг харах болжээ. Оноо алдаж болохгүй, торгуулбал шууд байр ухарна. Тэр үед ийм дүрэмтэй байлаа, Хоёулаа чухам уралдаж гарав. Бүх өрсөлдөгчөө ялсаар хоёулаа алтан медаль хүртжээ.
1979 он түүний хувьд аз од нь гийсэн жил байлаа. Улсынхаа баяр наадамд зодоглов. Дөрвийн даваанд улсын начин Р.Лхагвасүрэнтэй тунаж орхиод тавын даваанд Улсын заан Д.Амгаад амлуулж даваад улсын начин цол хүртжээ. Тэр жил чөлөөт бөхийн дэлхийн залуучуудын аваргын тэмцээн манай эх оронд боллоо. Баатархүү долоон тойрог барилдахад ЗХУ-ын В.Евлоев, Болгарын И.Иоргев нарыг шигшээ барилдаанд дараалан давсаар дэлхийн залуучуудын аварга хэмээх хүндэт алдрыг эх орондоо анх удаа авч ирэв. Тэр ийнхүү өөрийгөө дэлхийн энтэй бөх гэдгээ нотлов. Гэхдээ сайн нэгэн бус цөөн төрөх аваргын нэг гэдгээ зарлалаа. Тэр үед капиталист, социалист хоёр системийн өрсөлдөөн ширүүсч бүх юманд манайх илүү гэдгээ харуулах их тэмцэл өрнөж байсан цаг. Энэ жамаар ЗХУ-ын бөхчүүд маш хүчтэй байсан. Дэлхийн залуучуудын аваргын 10 жингийн наймд нь зөвлөлтийн бөхчүүд түрүүлж, Болгар, Монголоос хоёр бөх түрүүлсний нэг нь манай Баатархүү. Мэдээж дахиад л улсын аварга болсон. Гэвч дэлхийн аваргын тэмцээнд явуулсангүй.
– Та улсын аварга цолыг хэдэн удаа хүртсэн бэ? гэхэд
– 10 удаа насанд хүрэгчдийн аварга болсон юмуу даа гэхэд, Монгол улсын гавъяат дасгалжуулагч, Зууны шилдэг шүүгч, Дэлхийн бөхийн холбооны шүүгчийн зөвлөлийн гишүүн, түүний төрсөн ах А.Басхүү ярианд оролцож хөлтэй зургаа, хөлгүй дөрөв гэв. (Yүний учрыг дараа тайлбарлая.)
– Тэр үед Интернациональ тэмцээнд олон орны шилдэг тамирчид хүч үздэг. Нэг ёсондоо дэлхийн аваргын сорилт тэмцээн болдог байсан гэдэг. Та ямар амжилт үзүүлж байсан бэ?
– Таван удаагийн аварга.
– Дэлхийн залуучуудын аварга болсон тухайгаа товч ярихгүй юу?
– Тэр үед манайхан бөхийг маш их сонирхдог байжээ. Эхний хоёр өдрийн тэмцээн спортын төв ордонд, шигшээ барилдаан циркт болсон юм. Ёстой алим унах зайгүй гэдэг шиг үзэгч, хорхойтон, дэмжигчдээр дүүрэн байсан. Манайхан хасагдсаар би ганцаараа шигшээд үлдсэн. Ялагдах эрх байгаагүй. Монгол орон тэр аяараа над руу харж байгаа юм шиг санагдаад хэцүү байсан. Хатуу даалгавар, зөөлөн хэлбэл итгэл, хүлээлт, найдлага. Yүнийг биелүүлсэндээ өөрөөрөө баярлаж, бахархаж явдаг даа.
– 1980 оны Москвагийн олимпийн их наадамд зодоглосон уу?
– Олимп ойртож байлаа. Улс даяараа хөдөлж байсан. Москвагийн Олимпод амжилттай бэлтгэх ялангуяа шилэн сонголт, өрсөлдөөнийг нэмэгдүүлэн, баг тамирчдыг бүрдүүлэх зорилгоор нэр дэвшсэн тамирчдыг Польш, зүүн Герман, Румынд болох олон улсын цуврал тэмцээнд оролцуулаад хэн сайн барилдсныг нь олимпод оруулъя гэж. Би үнэхээр баярлаж байлаа. Гэртээ харьж аав, ээждээ үнсүүлээд спортын төв ордны дөрвөн давхарт тамирчдын буудалд ирж хонолоо. Өглөө эрт автобус хүрээд ирж. Сэтгэл догдлоод хамгийн түрүүнд ороод суучихлаа. Манайхан цуваад ирж байна. Гэтэл автобус явдаггүй. Нэлээд болсны хойно Ч.Дамдиншарав багш намайг дуудаж байна. Баахан халгасан янзтай гайхаад очвол чамайг авч явахгүй боллоо гэсэн. Ингээд би нөхдөө гаргаж өгөөд гадаад паспорт, онгоцны билетээ бариад ганцаар хоцорлоо. Yнэхээр эвгүй байсан шүү. Чемоданаа сандайлаад хэсэг суусан. Цохилт гэдгийг тэгэхэд анх биеэрээ мэдэрсэн. Ингээд намайг олимпийн сонгомол барилдаан гэдэгт оруулж ам хаагаад буцаасан даа гэв.
Хүсэл, хясал Журулигийн зөвлөгөө
Энэ яриаг сонсоод миний сэтгэл эвгүй болж байна. Яасан гэж түүнд ингэж хатуурхсан юм бол гэж. Гээд яахав. Түүх бол түүх. Ийм явдал болоод өнгөрчээ. Тэр алдарт бөхийн цээжинд ямархан гуниг, ялан дийлэхийн хүсэл, хавчигдаж гадуурхагдахын хясал зэрэгцэн оволзож байсан бол. Ид гурван жилээ дэлхийн дэвжээнд зодоглож чадсангүй. Гэтэл нэг өдөр түүний ах А.Басхүү хүрч ирлээ. Тэр манай оронд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн, Тбилисийн тэмцээний аварга бөх, олон улсын шилэгдмэл шүүгч Нугзар Журулитай уулзжээ. Дүүгээ дэлхийн дэвжээнд хүч үзүүлэх юмсан гэсэн түүний бодлыг туршлагатай бөх, шилдэг шүүгч төвөггүй ойлгож байсан хэрэг. Жин өгсүүлж барилдуулахаас өөр замгүй гэдгийг ухуулж гарчээ. Эргэлзэж, тээнэгэлзсэн Басхүү дүүдээ энэ тухай дуулгахад тэр татгалзсангүй. Ингээд 1981 оноос 90 кг-д жин өгсөн орох болов. 1982 он гарлаа. Энэ жил Монголын баг дэлхийн аваргын тэмцээнд анх удаа оролцсонгүй. Дээд газрын шийд. Юунаас болсныг бүү мэд. 1983 онд сая нэг юм дэлхийн дэвжээнд зодоглов. Дөрөвдүгээр байртай ирлээ. Жингийнхээ дэлхийн хүчтэнүүдтэй гар зөрүүлж, барилыг авч, юм юм жигдрээд ирэх шиг болжээ.
Дэлхийн хүчтэнүүдийг дэвжээн дээр нь зургаа дараалан ялав
Энэ жил түүний хувьд нэг баярт үйл явдал тохиов. Тэр үеийн ЗХУ-ын бүх ард түмний нээлттэй наймдугаар спартакиадад Монголын баг тамирчид оролцов. Гавьяат тамирчин Д.Оюунболд, Б.Болд, Д.Дүвчин олон улсын хэмжээний мастер Д.Баяраа, А.Баатархүү нар Москваг зорив. Зөвлөлтийн 16 бүгд найрамдах улсын шигшмэл аваргууд дээр нь дэлхийн чөлөөт бөхийн хөгжлийн өнгийг тодорхойлж байсан АНУ, Иран, Япон, Турк, Болгар гээд 22 орны алдартан зодоглосон үнэхээр том наадам. Улсынхаа баяраар тав давж начин цолоо баталсан А.Баатархүү наадмын маргааш алсыг зорьжээ. Спартакиад эхэлжээ. ЦСКА-ийн спортын төв ордонд зургаан дэвжээ зэрэгцүүлж засаад барилдаж гарав. Yнэхээр сүрдмээр байсан. Дэлхийн аваргад ганцхан бөхөө сойдог ЗХУ хичнээн олон алдарт бөхтэйг тэнд харж бишрэх сэтгэл төрж явжээ.
Дөрвөн өдөр үргэлжилсэн тэмцээний эхний хоёр өдөр дуусахад дэлхийн 22 орны бөхөөс цор ганц бөх үлдсэн нь манай Баатархүү. Зургаа дараалан ялаад аваргын төлөө хүч үзэхээр шалгаран үлджээ. Спорт зочид буудалд байрласан гадаадын 220 гаруй бөх бүгд үзэгчийн суудалд хэдийнээ шилжжээ. Тэр аваргын төлөө Петр Наниевтай барилдах болов. Зэрэгцүүлэн зассан зургаан дэвжээг хурааж ганц болгоод шигшээ барилдаан эхлэв. Зөвлөлтийн бөхчүүд бүх жиндээ эхний гурван байрыг авч бөхийн орон гэдгээ дэлхийд харуулах замд Монголын Баатархүү саад болж аваргалж мэдэхээр байв.
Оросууд сандарчээ. Бүх дасгалжуулагч багш нар цугларсан харагдана. ЗХУ-ын чөлөөтийн ерөнхий дасгалжуулагч алдарт Иван Ярыгин хүндэт зочны суудлаас арга буюу бууж ирж Наниев, түүний багшид заавал ялах хатуухан үүрэг хүлээлгэж байгааг манайхан харж байв. Мэдээж шүүгч нөгөө талд. Хүч шавхан барилдаж 63-аар хожигдон мөнгөн медаль авлаа. Наниевийг торгох байсан ч хойшлуулсаар бие нь хөлөрч, норсон хойно сая торгов. Энэ тэмцээний чанар үнэхээр өндөр байсан гэдгийг тэр үеийн олон судлаач тэмдэглэсэн байдаг. Баатархүүгийн барилдааны нэг онцлогийг эндээс тод харж болно. Хүнд жингийн бөх гэхэд хөл сайн авдаг, хүчтэй дугтарч өрсөлдөгчөө цуцаадаг, хэвтээгээс барагтай бол оноо салгадаг гээд дэлхийн хэмжээний ур чадвартай, дээр нь зөвлөлтийн бөхчүүдтэй тун чадварлаг барилддаг байснаас ийм амжилт үзүүлжээ
Таван жил алдав. Гайт 1985 он гарав
Жин өгсөөд гурван жил. Нөгөө хүсэн хүлээсэн дэлхийн дэвжээний шагналын тавцанд гараагүй л байлаа. Дахиад дараа жилийг хүлээхээс өөр аргагүй. 1984 он Лос Анжелосын олимпийн жил. Бас л манайхан явсангүй. Болгарын Софи хотод Найрамдал тоглолт болов. Баатархүү дэлхийн хошой, Европын дөрвөн удаагийн аварга У.Нойпертийг 70-ээр хожиход их аварга Х.Баянмөнх толгой сэгсрэн Манай Баатархүү мөн ч олон жил үлдэх юм байна даа гэж уулга алдаж суусан гэдэг.
Ийнхүү Монголын нэгэн хүчтэн багш дасгалжуулагчийн дэмжлэггүйгээс гурван жил, үзэл суртлын хүлээснээс хоёр жил дэлхийн дэвжээнд хүчээ үзэж чадалгүй, 1985 оныг хүлээхээс өөр аргагүй болоод байлаа. Цаг хугацаа өнгөрсөөр. Тэр тусам Баатархүү бэлтгэл сургуулилтаа яс хийж, дэвжээнээсээ алхам ч холдохгүй байсан гэдэг.
Эр хүний дотор алсын нэгэн зорилго байсан нь гарцаагүй. Гайт 1985 он гарлаа. Оны эхэнд болсон Интернационал-д аваргын төлөө барилдаж байгаад хүнд гэмтэл авлаа. Спортын төв ордонд болон зурагтаар тэмцээн үзэж суусан хүмүүс түүнийг аймшигт гэмтэл авахыг нь хараад нүдээ анин, уулга алдацгаасан гэдэг. Суга таягтай жил тойров. Ах дүү нь хөөцөлдсөөр 1986 он гараад ЗХУ-д явж эмчлүүлэх болов. Мироновын институтэд дөрвөн сар хэвтэж хөл дээрээ босчээ. Мултарсан өвдгийг сэргээх хагалгаа үнэхээр аймшигтай байсан гэдэг. Группэд оров. Аажимдаа түүний хөл ч гайгүй болоод ирэв. Таягаа хаяв. Хийх юмгүй уйдахаараа олон улсын шүүгч дүү Баасанхүүгээ элдэж тавина. Өөр яалтай. Хувь заяатайгаа эвлэрхээс яахав.
Дахиад улсын дөрвөн удаагийн аварга
Тэгтэл нэг явдал түүний энэ байдлыг өөрчилж орхив. Нэг өдөр хуучин бэлтгэл хийж байсан заалаараа шагайтал тусгай арга хэмжээтэй байна, гаднын хүн оруулахгүй гээд хөөжээ. Бэлтгэлийн заал, зөөлөн дэвжээ, хөлсний үнэр, халцархай шалыг нь тэр өөрийн юм шиг бодож, өөриймсөж, ганцаардан гиеүрч байж сууж ядахаараа хааяа нэг ирдэг байж. Гэтэл түүнийг хөөнө чинээ санаагүй явж. Гомдохын дээдээр гомджээ. Тэгээд гэртээ бэлтгэлээ хийж эхэлжээ. Гэрийнхээ арын замаар гүйж, харайж, суниаж, бага багаар эрчимжүүлээд байв. 1987 оны улсын аваргад хасах 100 кг-д оролцов. ОУХМ, Улсын харцага Б.Жавхлантөгсийг хожиж улсын аварга болов. Ингээд хөлтэй байхдаа хүртсэн улсын зургаан удаагийн аварга цолоо нэмж чадсандаа өөрөө ч гайхсан гэдэг. Хамт барилдаж, үерхэж нөхөрлөж явсан нөхөд нь, гавьяат Н.Бүргэдаа нар найздаа их дэм, урам хайрлажээ. Чиний хоёр шуунаас гарахгүй юм байна. Хөлөө гамнаад үзээд бай гээд орилж байсан гэдэг. Энэ амжилт 1990 он хүртэл үргэлжилжээ. Хөлгүй дөрөв гэж Басхүү гавъяатын хэлсэн үгийн учгийг одоо та гадарлаж байгаа болов уу.
Баатархүү 82, 90, -100, +100 кг-ийн жинд улсынхаа аварга цол хүртэж нэгэн содон амжилтын эзэн болжээ. Тэрээр хүнд гэмтлийн бие болоод сэтгэл зүйн бэрхшээл сорилтыг даван туулж дахин их спортод эргэн ирж 1989, 1990 онд Азийн наадам, Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж ясны тамирчин гэдгээ харуулсан юм.
– 1989 оны Азийн наадамд аваргын төлөө үнэхээр барилдаагүй. Дэлхийн залуухан аварга Ираных байсан. Муу хөлийнхөө гэмтлийг сэдрээчихвэл насаараа зовно гэж бодож байсан. 1990 онд Азийн их наадмын финалд шалгараад сэтгэл минь ханах шиг санагдсан шүү. Одоо болъё доо. Залуу үедээ зайгаа тавьж өгье гэж тэгэхэд өөртөө хэлсэн. Тэр ёсоороо дахиж барилдаагүй гэж тэр надад ярьсан.
Эх орныхоо спортын түүхийн алтан хуудаснаа өөрийн хүч, хөдөлмөр, авьяас, оюун билэгээрээ баларшгүй мөрөө үлдээсэн Адуучийн Баатархүү хэмээх эгэл нэгэн эдүгээ төрийн тусгай албанд ажиллаж байна. Түүний хань Дорноговь аймгийн харьяат. Эднийх хүү, охин хоёртой. Алтайн уул шигээ ханхар сүрлэг ч халдаад яриад үзвэл дэндүү гэмээр даруухан. Түүний амнаас атаа жөтөө , ааг омгорхол, сагсуурал, бусдыг доош хийх, муулахын үнэр ч алга. Даль жигүүрээ хугалуулсан уулын хүчит бүргэд ааг омгоо багтааж ядаж байдгийн адил гэмтэж, шаналж, адар ширтэн хэвтэж, суга таягандаа түүртэн гутарч, гунигласан хүнд хэцүү үе түүнд байсан.
Тэр хэзээ ч хоорын дуучин байхыг хүсээгүй байна. Yүний нотолгоо нь хүнд гэмтлийн дараа авсан улсын дөрвөн удаагийн аварга цол, тивийн наадам болон аваргын хошой мөнгөн медаль. Их спортыг сүүдэр мэт дагаж байдаг бэртэл, гэмтлээс ангид байсан бол ийм жижиг юм ярьж суух нэгэн үнэхээр биш гэдгийг манай ахмад үеийн алдартнууд даанч сайн мэднэ.
Ахын харуусал, нөхдийн үнэлэмж
– Би дүүгээрээ олон удаа бахархаж явсан. Харин дүүгийнхээ өмнөөс нэг удаа их харамссан. Тэр бол хүч үзсэн өрсөлдөгч бүрээ ялж, улсын аварга, олон улсын А зэрэглэлийн тэмцээний алт авч, дэлхийн залуучуудын аваргад төрийнхөө алтан соёмбот далбааг ганцаархнаа мандуулж, чухам торгон ирэн дээрээ байсан тэр үед нь өөрийнх нь жинд ганц удаа дэлхийн дэвжээнд зодоглуулчихгүй яав даа гэх бодол надаас салдаггүй юм даа гэж А.Басхүү гавъяат ярьсан. Амжилт гаргахгүй бол шигшээгээс хөөж, цэрэг болгоно гээд ч хамаагүй цорын ганцхан удаа явуулсан бол гэж тэр нэмэв. Баатархүү начин маань ах ингэж бодож явдаг юм бий гэсэн аятай чимээгүйхэн инээвхийлж харагдана.
– Та дэлхийн залуучуудын аварга болоод ямар шагнал хүртсэн бэ? гэхэд
– Алтан гадас авсан шүү гэв.
– Зөвлөлтийн нээлттэй спартакиадын үзүүр болон бусад амжилтыг тань яаж үнэлсэн бэ? гэхэд
– Тэр үед ялах гэсэн ганцхан хүсэл байснаас намайг яаж шагнах бол гэж үнэндээ бодож ч байсангүй гэсэн юм. Их спорт гэдэг үнэндээ залуу насны ажил. Баатархүү олон улсын тэмцээнээс 19 алт, зургаан мөнгө , зургаан хүрэл нийт 31 медаль хүртсэн байдаг. Хэчнээн их хөлс урсаж, хүч шавхаа бол. Хуучнаар БНАГУ-д болсон олон улсын тэмцээнд тойргоор барилдахдаа 11 дараалан цэвэр ялж аваргалсан Монголын Баатархүү бахархууштай ялалтын шил- дэг бөхийн тусгай шагнал хүртэж байв. Энэ нэг л жишээ.
Энэ талаар зарим хүн саналаа ийн илэрхийлж байна. Монгол Улсын гавьяат тамирчин Н.Бүргэдаа
– Тамирчин хүн өөрийн ахуй амьдралаа хойш тавьж, ямар их хөлс, хөдөлмөр шавхан, ялангуяа эрүүл мэндээрээ хохирч байж эх орныхоо нэрийг гарган тив дэлхийд амжилт үзүүлдгийг А.Баатархүүгийн жишээ харуулж байна. Баатархүү тамирчин хүнд тохиолдох хэцүү бэрхшээл, гэмтлийг даван туулж, их спортын тавцанд дахин гарч өрсөлдөж байсан нь залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болсон юм гэв.
Ер нь аливаа юманд анхдагч гэж байдаг. Тэр бол хэн бүхэнд тохиогоод байдаггүй, он цаг улирах бүр бахархал болж түүхэнд үлддэг онцлогтой. Баатархүү залуу бөхчүүд, ялангуяа манай ирээдүйг араасаа амжилтын оргилд уриалан дагуулж дэлхийн залуучуудын анхны аварга болсон төдийгүй тэр том спартакиадад мөн л анхдагч болжээ. Гэхдээ бүр дэлхийн хэмжээнд шүү. Баатархүүтэй хамт Булган голын тунгалаг усанд шумбаж өссөн багын найз, чөлөөт бөхийн спортын мастер, Ховд аймгийн биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Ч.Чойсүрэн түүний тухай надад ийн хуучилж байсан юм.
Манай Баатархүүгийн нэгэн гайхамшигт түүхэн амжилт бол Зөвлөлтийн бүх ард түмний спартакиадаас мөнгөн медаль авсан барилдаан юм. ЗХУ-ын хүнд жингийн бөхчүүд үнэхээр алдартай бөгөөд улсынхаа аваргад эхний арван байранд орсон хэн нь ч дэлхийн аваргаас медаль авдаг хүчтэнүүд. Гэтэл тэднийг манай Баатархүү нутгийн нь дэвжээн дээр дараалан ялсан юм шүү. Тэмцээний 10 жингийн 30 медалийн 29-ийг ЗХУ-ын бөхчүүд хүртэж, ганц мөнгөн медалийг монголын бөх авсан нь манай орны чөлөөт бөхийн спортын түүхэнд цор ганц тохиолдсон онцлог, давтагдашгүй түүхэн амжилт гэж найзаараа бахархаж явдаг гэсэн билээ.
Зоригт Монголын золбоот хөвгүүдийн нэг, улсын өсөх идэр начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, дэлхийн залуучуудын аварга Адуучийн Баатархүүгийн спортын замналаас товч хүүрнэхэд ийм буюу.
Ц.Амарбаясгалан
