Микроавтобусны жолооч нар жилд 7,6-16,4 тэрбум төгрөг татварт төлдөг ч ямар ч даатгалд хамрагддаггүй

Улаанбаатар хотод явж байгаа микро автобусны тоог Хотын тээврийн газар гаргаж өгдөггүй, 1500 орчим байдаг гэдэг боловч жолооч нарын тооцоолсноор нийт 37 аж ахуйн нэгжийн 3500 гаруй микро автобус явдаг гэнэ. Хотын тээвэр зохицуулалтын газар жолооч нараас орлого нь тодорхой бус иргэдээс авах татвар болох 10000, хариуцагч аж ахуйн нэгжээс замын хуудасны зөвшөөрөл авч өгч, ажил үйлчилгээ үзүүлсний зуучлалын хөлс 75000-150000 авдаг байна. Энэ нь жилд 7.6-16.4 тэрбум төгрөг болдог аж. Гэвч энэ мөнгөний дөнгөж 500 сая орчим нь улсад ордог бөгөөд тэдгээр микрын жолооч нар эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагддаггүй ажээ. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар жолооч нар цаг хугацаандаа мөнгөө төлөхгүй бол шугамнаас гаргах заалт байдаг юм байна. Иймд тэд ажлаа алдахгүй тулд нэг талд үйлчилсэн энэхүү гэрээнд гарын үсэг зурдаг байна. Хэдийгээр микрын жолооч нар өөрсдөө нэгдэж, эвлэл байгуулан, зохих татваруудаа төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдахыг хүссэн ч Хотын тээврийн газар зөвшөөрдөггүй ажээ. Иймд тэд энэ удаа Иргэний шударга шүүхтэй нэгдэж, тэдэнтэй хүсэл зорилго нэг гэдгээ илэрхийлэх болсон гэнэ.
Ялангуяа 2004 оноос хойш нийтийн тээврийн салбарт маш олон хууль бус зүйл болжээ. Тухайлбал, мөн оны нэгдүгээр сараас гуравдугаар cap хүртэл жолооч нараас гурван мянган төгрөгийн татвар cap бүр нэмж авсан байна. Жолооч нар ямар учиртай мөнгө авч байгааг нь асуухад хоёр сарын дараа Trans insurance гэдэг даатгалын компанийн дансанд зорчин явагчдын даатгал гэж төлсөн гэжээ. Гэтэл жолоочид Trans insurance гэж яг ямар байгууллага байгааг нь хайсан боловч олоогүй байна. Хувь хүн хэдэн төгрөгөөр даатгуулах, хаана даатгуулахаа өөрөө л сонгох ёстой. Энэ тухай зарим нэг нь мэдэж, хэлснээр энэхүү даатгалыг авахаа больсон аж. Харин гурван сарын хугацаанд жолооч нараас нийт 91.5 сая төгрөгийг үл мэдэгдэх даатгалын компанийн нэрээр хураан авсан гэнэ. Хэдийгээр нэг хүнээс 9000-12000 төгрөг гарсан ч энэ бүхний цаана УИХ-ын гишүүн Бадамжунай, тухайн үеийн хотын тээврийн газрын дарга Пүрэвдорж нарын хүмүүсийн халаасанд орсон гэж тэд үзэж байгаа юм байна.
Тэдний хэлснээр бол Хотын тээврийн газар замын хөдөлгөөнийг зохицуулахаас илүүтэй мөнгө л төлж байвал бусдыг нь орхидог газар ажээ. Шугамнаас 400 гаруй микро хассан гэдэг ч тэд нар нь хоёр дахин илүү татварыг тээврийн татварын албанд төлдөг байна. Сүүлийн үед микро автобусыг шахах бодлого барих болсон нь энэ үйл ажиллагааг эрхэлдэг 37 аж ахуйн нэгжийн удирдлагатай холбоотой гэж тэд үзэж байгаа аж. Аж ахуйн нэгжийн дарга нар жолооч нарын татвараар хөлжиж, одоо том оврын автобус оруулж ирэх бодолтой байгаа гэнэ. Учир нь том оврын автобус оруулж ирвэл орлогоороо ажилчдынхаа цалин хөлсийг тавьж, зардлаа нөхөөд, улсаас нэг автобусандаа дор хаяж нэг сая төгрөгийн татаас аваад суух боломжтой юм байна. Тиймээс энэ сарын 29-ний өдрийн цуглаанаараа тэд нийтийн тээвэртэй холбоотой хууль бус үйлдэл бүрийг ил болгох, нэгдсэн нэг удирдлагатай болж, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах зэрэг шаардлагуудыг тавих юм байна.
(Өглөөний сонин 105/170)
М.Уранчимэг