Байнгын хорооныхон санал солилцов

Хүн амын нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсролын зэрэг нийгмийн өргөн цар хүрээтэй асуудлын эрх зүйн бодлогыг зохицуулж байдгаараа хоёр орны парламент дахь тус байнгын хороодын гишүүдэд харилцан санал солилцох асуудал их байлаа.
Вьетнамын ҮИХ-д 6 удаа улиран сонгогдож, 31 жил парламентад ажиллаж байгаа туршлагатай улс төрч хатагтай Нгуен Тхи Хоай Тху тус улсын нийгмийн салбарын өөрчлөлт шинэчлэлт, ҮИХ дахь НББХ-ны үйл ажиллагааны талаар ярьсан юм. Түүний тэргүүлдэг байнгын хороо нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн даатгалын тогтолцооны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхааран ажиллаж байгаа аж.
Тус улсад жилд 1 сая 400 мянган ажлын байрыг шинээр бий болгож, 80 гаруй мянган хүнийг гадаадад ажиллах хүч болгон гаргаж байгаа боловч дотооддоо ажлын байр бий болгох нь илүү чухал байгаа гэдгийг тэрээр хэлж байсан.
Түүнчлэн дайнд оролцсон 1 сая гаруй иргэн, түүний 50.000 нь эмэгтэйчүүд байдагтай холбоотойгоор тэдгээрийн тэтгэвэр, тэтгэмжийг асуудал, хөдөөгийн иргэдийн амьжиргааг сайжруулах зэрэг хүндрэлтэй олон асуудал байгаа юм байна.
84 сая хүн амтай, дайны хөлд нэрвэгдсэн тус улсад 1990 он гэхэд ядуурлын түвшин 40% байсан байна. Вьетнамын Коммунист Нам ядуурлыг бууруулах талаар эрчимтэй ажиллаж, хөрөнгө оруулалтыг дэмжих, зээл тусламжийг ард түмэнд хүртээмжтэй, нээлттэй болгох, хувийн хэвшлийг дэмжих ингэснээрээ гэр бүлийн эдийн засгийн байдлыг сайжруулах болон өөр бусад олон талт арга хэмжээ авч ажиллсаны үр дүнд ядуурлыг 20% хүртэл бууруулж чадсан байна. 1975 онд буюу Вьетнамын дайн дууссаны дараа тус улс нь цагаан будааг гаднаас импортолж байсан бол, хөдөө аж ахуйг амжилттай хөгжүүлснээр одоо жилд 4 сая тонн цагаан будаа экспортолж, экспортын хэмжээгээр Тайландын дараа 2-рт орж байгаа гэнэ.
Ядуурлыг бууруулах талаар амжилтанд хүрсэн Вьетнам улсын туршлагаас суралцан, цаашид Байнгын хороодын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой буйгаа Т.Ганди уулзалтын төгсгөлд тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас манайд мэдээллээ.
/Оллоо.МН/