Гуниглан гудайх АСГАТ

эх орончийн дүрд хувирах гэж ядаж байгааг олон нийт хангалттай харж залхлаа. Харамсалтай нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгээд байгаа улстөрчид ч, уул уурхайг түшиглэж оноо авахыг хүсдэг иргэний хөдөлгөөнүүд ч, хэрэлдүүлж байгаад дундаас нь ашиг унагадаг гадаадын зарим хөрөнгө оруулагчид ч Асгатын мөнгөний ордын талаар хоцрогдсон ойлголт, хуучирсан мэдээлэлтэй байдаг нь нууц биш. Хамгийн сайн худалч байлаа ч чихээр сонссон зүйлээ нүдээр үзсэн мэт ярьж чадахгүй нь ойлгомжтой. Тиим болохоор л нүд үнэнч, чих худалч гэдэг цэцэн үг гарсан байх. Зууны мэдээ сонин Асгатын мөнгөний ордын талаархи хамгийн сүүлийн үеийн бодитой мэдээллийг уншигчдадаа хүргэх гэж байна. Монгол Улсын хамгийн алслагдсан аймгийн нутагт оршдог, сүүлийн үед Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын анхаарлын төвд байгаа, хойд хөршийнхөл төдийгүй олон орны хөрөнгө оруулагчдын арааны шүлсийг асгаруулж дөнгөсөн Асгатын мөнгөний ордын өнөөгийн байдлын талаар газар дээрээс нь хийсэн сурвалжлагыг хүргэе.
ТҮҮХ ЖИРЭЛЗЭХ ХОЛ ЗАМД
Баян-Өлгий аймаг Улаанбаатар хотоос 1700 км-ээр алслагдсан гэдгийг хүн болгон мэднэ. Гэхдээ энэ бол нийслэлээс Өлгий хотын төв хүрэх замын урт. Бидний зорьж буй Асгатын мөнгөний орд Баян-Өлгийн төвөөс цааш 220 орчим км-ийн зайтай. Тодруулж хэлбэл, Өлгийн төвөөс Ногооннуур сум ортол 120, сумаас Асгат багийн төв ороход 80, багийн төвөөс орд руу хүрэхийн тулд 20 орчим км газрыг туулдаг юм билээ. Асгат орох замд үзэсгэлэнт Ховд гол, одоо ч нууц нь бүрэн тайлагдаагүй хиргэсүүрүүд, буган чулуу олон таарсан. Ялангуяа Ногооннуур сумаас Асгат баг хүрэх замд өнө эртний цагт зах хязгааргүи далайн ёроол байсан болов уу гэмээр чулуут талыг туулдаг юм билээ. Замын хувьд сайжруулсан шороон зам гэх боловч үе үехэн муужруулсан шороон зам гэмээр бартаа, донсолгоо таарна. Гэхдээ унаа тэрэг явж болохооргүй тиим ч муу зам биш. Бас хааяадаа хоёр гурваар айлсах шавар цагаан байшинтай казах айлууд үзэгдэнэ. Юутай ч явж өнгөрсөн газар бүхэнд эртний нандин түүх жирэлзэн урсч байлаа. Асгат баг орохын өмнө Хилийн цэргийн 0285 дугаар ангийн тавдугаар заставаар дайрсан. Заставын дарга нь А.Хавдалхах нэртэй залуухан казах эр байна лээ. Асгат руу очихын тулд ОХУ-ын хилийг хэд хэдэн удаа огтолдог гэдэг мэдээллийг Улаанбаатарт байхдаа авсан. Хилийн заставаас цааш явахад Оросын хилийг нэг л удаа огтлох бөгөөд хил гаалиар орох, үзлэг нэгжлэг хийлгэх шаардлага гарахгүй. Хамгийн гол нь заставаас юм уу, Цагааннуурын отрядаас зөвшөөрөл авах ёстой гэдгийг хилийнхэн хэлж байв. Асгат багийн иргэд хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу тусгай хуудсаар хил нэвтрэх эрх эдэлдэг тул онцын хүндрэл гараад байдаггүй юм байна.
АМЬДРАЛЫН ХҮРД ЗОГССОН ЮМ ШИГ 18-ХАН ӨРХТЭЙ БАГ
Асгат баг айхтар өндөр хоёр уулын дунд орших бөгөөд нэлээд салхитай, хүйтэн талдаа. Өвлийн улиралд тогтмол хасах 30 хэмийн хүйтэн байдаг гэсэн. Үлгэрийн юм шиг байгальтай Асгат багийг тойроод Асгат нэртэй нуур байдаг юм билээ. Эндхийн бараг бүх зуйл Асгат нэртэй юм шиг санагдсан. Өндэр уулс, хад асга ихтэй хавцал, чулуурхаг хөрс, тэгш талбай ховор болохоор нутгийн онцлогт тохируулж Асгат гэдэг нэрийг өргөн хэрэглэдэг юм билээ. Хэдийгээр үлгэрийн юм шиг байгальтай, мөрөөдлийн гэмээр нутагтай ч багийн төвийн эзэд нэг л зутруухан харагдсаны учрыг Засаг даргатай уулзаад мэдлээ. Асгат багийн Засаг дарга Д.Талгатбек биднийг найрсгаар угтан авч, нутаг орны байдал, хүмүүсийн амьдралын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Өдгөө тус багийн төвд 18-хан өрх амьдарч байгаа, тэдгээр айл бүүд Асгатын мөнгөний ордын хайгуулын ажилд залуу насаа зориулсан хүмүүс ажээ. Уг нь багийн хэмжээнд 91 өрх бүртгэлтэй ч Асгатыг манадаг нь цөөхөн. Багийн төвд амьдарч байгаа хүмүүс мэдээж малчид биш. Бараг бүгдээрээ шахуу геологи, уул уурхайн мэргэжилтэй. Асгатын ордын нөөцийг тогтоох хайгуулын ажил 1983-1996 он хүртэл хийг дээд зогссон юм байна. Энэ л арван гурван жилд Асгатад ёстой л амьдрал буцалж, түм түжигнэж бум бужигнаж байжээ. Орчин үеийн оньсон техникийн дуу хадаж, Орос-Монголын геологичид мөр зэрэгцэн ажиллаж байж. Цагийн сайханд Асгатын уулын үйлдвэрт 200 шахам хүн ажил-ладаг байсан тухай тус үйлдвэрийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Байболат өгүүлж байв. Дээрээс нь хуучнаар ЗХУ-ын геологийн экспедици 100 давсан хүнтэй байсан гэсэн. Уулын үйлдвэрийн ажилчид 1200 төгрөгийн цалин авч байсан нь тухайн үедээ л хамгийн өндөрт тооцогдож, дутагдах гачигдах зүйлгүй сэтгэл тэнэгэр амьдардаг байсан тухай нутгийнхан хуучилж байв. Гэтэл 1996 онд хөрөнгө мөнгөгүй гэдэг шалтгаанаар Уулын үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосноос хойш Асгатынхны хувьд амьдралын хүрд зогсох шиг болжээ. Ажилгүй, цалингүй хоцорсон болохоор олонхи нь нүүн одоход цөөн тооны хүн л бууриа сахин, ордоо манан хоцорчээ. Ингээд л Асгатын орд ч, ордыг нээн илрүүлж холбогдох судалгааг гардан хийсэн хүмүүс мартагдсан бололтой. Өнөөдрийн Асгат багийн төвд Асгатын мөнгөний ордыг ашиглах талаархи төр, засгийн шийдвэрийг хүлээсэн хэсэг хүн, хөдөлгөөнгүй сул зогссон машин техник уйтгарлан байна. Энэ багт нэг метр ч засмал зам байхгүй. Дээрээс нь хүний анхны анхдагч хэрэгцээ болсон гэрэл цахилгаан бүр ч сураггүй. Дизель мотортой гэх боловч бараг асаадаггүй. 1921 оноос өмнөх, бүр түүнээс ч өмнөх үеийн Монголын дүр төрх одоо Асгатад л унаган төрхөөрөө байна гэлтэй.
МӨНГӨН ДЭЭР МӨРӨӨ ГАРГАСАН МӨЧ
Багийн төв дээр хүмүүстэй уулзсаны дараа шууд л Асгатын орд руу хөдөллөө. Хэрүүл уруулын бай болж, хэн хүнгүй сонирхоод байгаа мөнгөний ордыг нүдээр үзэхсэн гэсэн хүсэл дотроос хатгаад болдоггүй. Туулах чадвараар гайхагдсан УАЗ-469 хөлөглөн өндөр уулыг өгсөн явлаа. Багийн төвөөс орд хүртэл 20 орчим км маш бартаатай замыг туулсан. Чулуу, цас, бас ус замын бартааг нэмэхийн хажуугаар орой нь үл үзэгдэх шовх уулс, ёроолгүй мэт гүн хавцлыг харахад өөрийн эрхгүй бие зарсхийдэг юм билээ. Энэ үед Америкийн Аляск, Оросын Сибирь, арай хэтрүүлж хэлбэл цаст Гималайд яваа ч юм шиг сэтгэгдэл төрж байв.
Асгатын орд бол Сийлхэмийн их уулсын салбар. Хэсэг яваад Асгатын мөнгөний орд буюу Мөнгөтийн хярд хүрлээ. Далайн төвшнөөс дээш 2700 гаруй метрийн өндөрт гарчээ. Цаг агаарын байдал нэлээн тогтворгүй, цасан шуурга нүүр нүдгүй балбана, хотод бол халуун зун болж байгаа шүү дээ. Өмнө маань өнөөх гайхал орд уйтгартайхан дүнсийнэ. Хилийнхний тайлбарласнаар Асгатын мөнгөний ордын хойт талд нь зогсч байгаагаа тэгэхэд л мэдсэн. Толгойны эргээ сайн гараагүй байсан болохоор зүг чигээ алдчихсан хэрэг л дээ. Маш өндөр шовх оройтой, цастай, асгатай нуруунд мөнгөний том орд илрүүлж чадсан монголчуудын амны хишиг харьчихаагүй гэдэгт бүрэн итгэж болно. Бидний очсон талд хоёрдугаар штольн гэдгийн бараа харагдаж байв. Мэргэжлийн хүмүүс штольн гэж хэлээд байсан л даа. Монголчилбол өрөмдөж цоолсон урт хонгил гээд ойлгочиход болно. Мөнгөний судлыг дагуулж ууланд 1-2 км урттай хонгил гаргадаг юм байна. Асгатын мөнгөний ордод тал талаас нь нэвтэлсэн ийм хонгил зургаа байгаа гэсэн. Хамгийн дээд тал нь далайн төвшнөөс дээш 3180 метрийн өндөрт уулыг нэвтэлж хонгил гаргасан өрөмдөгч, нэвтлэгчдийн ажил ямархуу хүнд нөхцөлд өрнөдөг байсныг бодохоос аймаар. Бид Асгатын орд буюу Мөнгөтийн хярд хүрэхэд км орчмын зай үлдээд байхад машинаар цааш явах боломжгүй болсон. Машинаасаа буугаад явган явах гэтэл бэлхүүсээр татсан цасан хунгар руу шигдэн орох нь тэр. Цасан доогуур уулын ус урсч байсан нь байгалийн бас нэг сонин үзэгдэл гэлтэй. Яаж ч хичээгээд хяр өөд өгсөх боломжгүй байсан тул ганц хоёр зураг дараад буцахаас өөр аргагүй болсон юм. Асгатын орд уул геологийн хүнд нөхцөлд оршдог гэдэг нь энэ бололтой.
Хэрүүлийн алим болоод байгаа энэ орд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгааг нүдээр харсан. Оросууд цаанаас нь ухаад дууслаа энэ тэр гэсэн яриа шал худлаа. Оросын талд мөнгөний нөөц байгаа ч хариугүй жоохон болохоор үйлдвэр байгуулаад ямар ч ашиггүй гэж оросууд үзсэн юм байна. Асгатын ордоос ОХУ-ын хил хүртэл таван км юм билээ. Машин байтугай хүн явахад хэцүү байгалийн нөхцөлтэй энэ ордын мөнгийг ухаад дууслаа гэдэг нь ердөө л хэн нэгний гэнэн хардлага бололтой юм. 1990-ээд оны үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Содном гуай Асгатын мөнгөний ордтой танилцахдаа Хүн амьд явахад их юм үзэх юм аа. Мөнгөн дээр зогсч үздэг л юм байна хэмээн уулга алдсан гэнэ.
ГУНИГ ТӨРҮҮЛСЭН ХҮЛЭЭЛТ
Томчуудаас, Д.Содном гуай л Асгатыг зорин иржээ. Түүнээс хойш ганц нэг УИХ-ын гишүүн ирж дуу алдаад буцдаг ч нутгийнханд амласан амлалтаа таг мартчихдаг бололтой. 1996 оноос хойш ажиллаж байгаа бүх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Асгатын мөнгөний ордыг ашиглах тухай зорилт байдаг ч ажил хэрэг бололгүй арван жилийг үджээ. Энэ нутгаас УИХ-д сонгогдсон А.Бакей гишүүний мөрийн хөтөлбөрт ч Асгатыг ашиглаж эхэлнэ гэсэн заалт байдаг гэнэ. Гэтэл Асгатын асуудлаар Улаанбаатарт хоосон улстөржөөд суухаас биш санаа тавьж, бодит байдалтай нь танилцах гээд ирж байгаа хүн алга хэмээн нутгийнхан халаглаж сууна. Монголросцветмет нэгдлийнхэн, ганц нэг гадаадын компанийн хүмүүсийг эс тооцвол хүүе, хаая гэх хүн олдохоо байжээ. Ордыг ашиглалтад оруулах талаар төр дэндүү удаан хөдөлж байгаад хорин хэдтэй залуу байхаасаа дөч гартлаа Асгатад амьдарсан хүмуүс бухимдаж байна лээ. Тэдний хүлээлт сүүлдээ гуниг болсон ч юм шиг. Асгатыг ашиглахад хэнтэй хамтрах нь тиим ч чухал биш. Хамгийн гол нь энэ их баялгаа ашиглалтад оруулж орон нутаг, аймаг, цаашлаад бүс нутгийн хөгжлөө түргэтгэх нь чухал гэдгийг Асгатынхан эрх мэдэлтнүүдэд дамжуулж өгөхийг хүссэн. Хүнгүй, бас хөгжилгүй Асгат уйтгартайхан дүнхийсээр.
Үргэлжлэл бий
