Гэмт хэргээс мултрах нь алга урвуулахын төдий гэж үү

Сүр дуулиантайгаар ноцтой хэрэгт холбогдуулан баривчлан саатуулдаг ч удалгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, нотлогдсонгүй, эзэн холбогдогч нь тодорхойгүй зэрэг олон шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь олонтаа. Ялангуяа хууль хяналтын байгууллагад томоохон танил талтай овжин нөхөд гэмт хэргээс мултрах нь алга урвуулахын төдий хялбар зүйл болжээ. Ийн нэгэн жишээг дурдья. Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дарга Н.Энхээг авилгын хэрэгт сэжигтнээр татан, албан өрөөнөөс нь сүр дуулиантайгаар баривчлан хорьсон нь саяхан. Түүнийг дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын тодорхой албан тушаалтнуудыг байнга дарамталж, өөрийн эрх ашигт нийцүүлэхийг шаардан, цаашлаад авилга нэхдэг гэдэг гомдол ер тасардаггүй. Хамт олон нь ч татварын ашгийн орлогыг хувьдаа завшиж, улсын хөрөнгийг шамшигдуулж суудаг тухай холбогдох газруудад мэдэгдэж, гомдол, санал гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг ч удалгүй замхардаг байна. Хамгийн сүүлд гэхэд л татварын 82 сая төгрөгийг байцаагчтайгаа хуваан идсэн тухай мэдээллийг цагдаагийнханд өгсөн ч олон сая төгрөгийг дур мэдэн идэж, уусан Н.Энхээ даргад холбогдох хэргийг удалгүй хэрэгсэхгүй болгожээ. Ямар учир шалтгааны улмаас гэдэг нь тодорхойгүй ч Улсын прокуророос хэргийг нь дахин сэргээх тухай асуудлыг хөндөж эхэлсэн байна. Гэмт хэрэгт сэжигтнээр саатуулсан ч удалгүй хэргийг нь хэрэгсэхгүй болгон сулласанд омогшсон Н.Энхээ албан тушаалдаа эргэн орсон өдрөө л хамт олон руугаа Монголын хууль, цагдаа миний гарт. Намайг яаж ч чаддаггүй л байхгүй юу. Та нар хөлөө хүртэл газар яваарай хэмээн агсарч, тооцоо бодно гэж омогджээ.

Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дарга Н.Энхээ нь 2001 онд улстөрийн томилгоогоор Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж эхэлснээсээ хойш нэр цэвэр байсан нь ховор гэх. Байнга л авилга, албан тушаалын хэрэгт нэр нь холбогдож явдаг тэрээр өөрт нь атаархаж, жөтөөрхсөн хүмүүс ийн худал хуурмаг яриа гаргаж байна гэж үгүйсгэдэг. Тухайлбал, Пакистан улсын хөрөнгө оруулалттай Адачи-Авто ХХК-ийг татвараа төлөөгүй шалтгаанаар дүүргийнхээ цагдаагийн ажилтнаар дарамтлуулж Тоёота Ланд круйзер маркийн HDJ81-0004847 дугаарын автомашин, 25 мянган ам.долларыг хахуульд авсан тухай хэсэг шуугисан. Тэрээр энэ асуудлаас бултахын тулд машинаа дүү Н.Нацагдоржийнхоо нэр дээр бүртгүүлж, удалгүй бусдад худалдсаныг хууль хяналтынхан чихээ бөглөн өнгөрөөжээ. Мөн БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Тегань Жунгхаб Кебаль компанийн захирлаас мөнгө нэхсэн тухай бараг л онигоо гэмээр яриа татварынхны дунд яригдаж байна. Тус компанид 24 сая төгрөгийн төлбөрийн акт бичүүлж, төл хэмээн шахаж, бүтэхгүй болохоор нь арга буюу долоон сая төгрөгийг бэлнээр нь гаргуулж авсан. Yүнийхээ 5,5 сая төгрөгийг Н.Энхээ дарга өөртөө авч, үлдсэн 1,5 сая төгрөгийг үгийг нь дайж мөнгө нэхсэн татварын байцаагч нь хувийнхаа дансанд шилжүүлсэн тухай яриа хамт олных нь хүрээнээс хальжээ. Хана ч чихтэй болсон өнөө үед даргыгаа бусадтай үгсэн татварын мөнгийг хувьдаа завшиж буй тухай хамтран ажиллагсад нь байнга сонсч байдаг ч огт хариуцлага тооцдоггүйд нь эгдүүцэж суудгаа нуудаггүй. Энэ мэт мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд байнга орооцолдож явдаг Н.Энхээ даргын талаар дүүрэгт нь үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуйн нэгж, компани, байгууллагынхан амнаас ам дамжуулан ярих болж.

Дахин нэгэн жишээ дурдья. Энэ оны хоёрдугаар сарын 6-ны өдөр тус дүүргийн татварынхан цагдаагийнхаа хэлтэстэй хамтран дүүргийнхээ дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар татвараас зайлсхийсэн Дөрвөн луу ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр борлуулж байсан 6900 шил архийг хураан авч лацаджээ. Гэтэл тав хоногийн дараа буюу 11-ний бүтэн сайн өдөр Дөрвөн луу компанийн захирлын охин Баярмаа нь Н.Энхээ даргад Хураасан буцаан олгооч. Гурван сая төгрөг өгье гэсэн бичгийг танилаараа дамжуулан өгч, энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг мэдсээр байж Нийслэлийн прокурорын орлогч Ж.Алтанзүрх архийг хураасан татварын байцаагч болон Н.Энхээ даргаас гуйснаар архийг буцаан олгосон гэдэг. Төр түмэн нүдтэй гэгчээр удалгүй Н.Энхээ даргын дур мэдэн аашилсан энэ явдал илэрч, түүнд УМБГ-ын Ү хэлтсээс Эрүүгийн хуулийн 263-ийн II зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч төд удалгүй хэрэг мөн л замхарчээ. Yүнийг уг хэрэгт гар бие оролцсон Ж.Алтанзүрх прокурортой холбон тайлбарладаг аж. Эл хэргийг мөрдөн шалгаж байсан мөрдөн байцаагчийг гурван удаа сольжээ. Цаг хугацааны хувьд сунжирч байсан уг хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгонбаяр хяналт тавьж байхдаа ийн хэрэг биш болгожээ. Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын удаа дараагийн хууль бус үйлдлийн нь талаар гомдол одоо Улсын ерөнхий прокурорт ирээд байгаа ч дахин замхрах вий гэсэн эмзэглэл бийг ч гомдол гаргагчид үгүйсгэхгүй байна. Энд аанай л Авлигатай тэмцэх газрыг дурдахгүй өнгөрч боломгүй. Нэгэн дүүргийн татварын хэлтсийн даргатай холбоотой, шалгавал зохих олон баримт хууль хяналтын байгууллага дамжин, удаа дараа хэрэгсэхгүй болж байгааг тус байгууллага анхааралдаа авмаар. Энэ бүгд худал цуу яриа юу, цагдаагийн байгууллага асуудлыг шалгаад үнэхээр хэрэг биш байв уу. Хэрэгсэхгүй болгосон шалтгаан нь хууль дүрмийнхээ дагуу байв уу гэдгийг ч Н.Энхээ дарга зохих газраар шалгуулж, бусдын хардлага, сэрдлэгийг таслан зогсоовол яасан юм бэ. Yнэхээр татвар төлөгчдийн мөнгөөр тоглож суугаа бол хуулийн байгууллага түүнд хариуцлага тооцох цаг болсон юм биш үү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button