О.Байгальмаа Солонгос хэлний шалгалтыг ирэх сарын 3-нд авна. Шалгалт ил тод,шударга болно гэж найдаж байна

Тэгтэл Зуучлагч товчоо нь бас Солонгос руу ажилчид явуулсан хэвээр байна. Ер нь Солонгост ажиллах хүчин илгээж буй өнөөгийн байдлын эргэн тойронд юу болоод байна вэ. Энэ бүх асуултад хариу авахаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга О.Байгальмаатай уулзаж ярилцлаа.
-Ингэхэд дээрх хоёр байгууллагын аль нь ажиллах хүч илгээх эрхтэй юм бэ?
-Гадаадад ажиллах хүч зуучлах төв нь эрхтэй. Солонгосын тал төрийн үүргийг хэрэгжүүлж чадахуйц, төрийн өмч давамгайлсан байгууллагаа байгуулаач гэж байнга ярьдаг байсан. Тэд арваад улсаас ажиллах хүч авдаг юм байна. Дандаа төрийн байгууллагууд нь зуучилдаг аж. Тиймээс НХХЯ, Солонгосын Хөдөлмөрийн яам хоороид байгуулсан санамж бичигт өөрчлөлт орж байгаа. Монголоос ажиллах хүч зуучлах асуудлыг Зуучлагч товчоо хариуцахаар байсныг Зуучлах төв хариуцахаар болгож өөрчилнө гэсэн үг. Өнгөрсөн баасан гарагт ийм өөрчлөлтийг тусгасан албан бичгийг Солон-госын талд илгээсэн. Албажаад ирэх байх. Тэгснээр төрийн өмч давамгайлсан Зуучлах төвийн үйл ажиллагаа эхлэх боломжтой болох юм. Түүнээс гадна ирэх сарын 3-НД авах солонгос хэлний шалгалтад шинэ төв маань хянагчийн байр сууринаас оролцох боломжтой болно гэсэн үг.
-Зуучлагч товчоо цаашид Солонгост ажиллах хүмүүсийг бүртгэж, зуучлахгүй гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Засгийн газрын энэ оиы хоёрдугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл болон ТӨХ-ны дарга Д.Сугар нарт даалгасан юм. Төрийн өмч давамгайлсан гэх үгийг тогтож анхаараарай. Гадаадад ажиллах хүч зуучлах төв заавал 100 хувь төрийн өмч байна гэснээс огт өөр шүү. Тус төвд төрийн өмчийн төлөөлөл 51-ээс дээш хэдэн ч хувь байсан болно гэон санаа байгаа биз.
-Зуучлагч товчооч бас төрийн өмчит аж ахуйн нэгж биз дээ?
-Төр энэ төвийн үйл ажиллагаанд тавих хяналтаа үнэхээр алдчихаад байсан юм.
-Гадаадад ажиллах хүч зуучлах төв гэж байгуулагджээ. Төрийн өмч 51-ээс дээш хэдэн ч хувь байж болох нь. Тэгэхээр үлдэх хувийг нь хэн эзэмших болж байна?
-ТӨХ шинэ төвийн хувь эзэмшлийг тодорхойлох ёстой. Тэд өмнөх Зуучлагч товчоо-г энэ төвийн үйл ажиллагаанд оролцооч гэж хоёр ч удаа урьсан юм билээ. Харамсалтай нь, тэд татгалзсан.
-Магадгүй, Зуучлагч товчоо маань заавал шинэ төвийн хувь эзэмшилгүйгээр, бие дааж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж болох шүү дээ. Ийм боломж бий юу?
-Боломжгүй дээ. Яагаад гэхээр, БНСУ-д ажиллах хүч гаргах асуудал хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан, хүчин төгөлдөр үйлчлэх санамж бичгийн хүрээнд л зохицуулагдах учиртай.
-Зуучлагч товчоо шинээр нэмж бүртгэхгүй. Харин өмнө нь бүртгээд, Солонгосын Хөдөлмөрийн биржид нэрийг нь байршуулчихсан хүмүүсээ явуулж дуусгах юм байна гэж ойлголоо, зөв үү?
-Тэгж бас ойлгож боломгүй. Солонгосын талын хэлж байгаагаар, Гадаадад ажиллах хүч зуучлах төвийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсний дараа Зуучлагч товчоо-ны шугамаар Хөдөлмөрийн биржид нэр нь байршсан хүмүүсийг шилжүүлж авах ёстой гэж байгаа. Гэхдээ энэ асуудлыг хараахан эцэслэн шийдээгүй байна. Бид Зуучлагч товчоо-ноос энэ талд ямар байр суурьтай байгааг нь асууж хэд хэдэн удаа албан тоот явуулсан боловч хариу ирээгүй. Ер нь Зуучлагч товчоо-нд бүртгүүлсэн ч явж чадаагүй хүмүүс 10, 30 ам.доллараа буцааж аваад, шинэ төвд ирж дахин бүртгүүлэх нь л зөв болох байх.
-Гэхдээ тэдэнд давуу тал байх уу?
-Үгүй. Бусдын л адил байна.
-Зуучлагч товчоо шинээр байгуулагдсан төвийг шүүхэдсэн дуулдсан. Шүүхийн шийдвэрээр Гадаадад ажиллах хүч зуучлах төвийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн гэсэн. Тийм байтал шинэ төв маань яагаад бүртгэлийн үйл ажиллагаанд оролцсон юм бол?
-Тэд шинэ төвийг санамж бичигт нэр нь байхгүй гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан юм билээ. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх саяын 15000 хүнийг бүртгэхэд Гадаадад ажиллах хүч зуучлах төв оролцоогүй шүү дээ. Яамны харъяа агентлагаасаа бид хүн хүч гаргасан. Тэгээд ч санамж бичигт өөрчлөлт орж, шинэ төвийн үйл ажиллагаа албан ёсоор эхлээгүй байгаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Гадаадад ажиллах хүч зуучлах төвийн дарга Г.Билэгсайхан нар Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж тус улсыг зорьсон. Тэд зохих албаны хүмүүстэй уулзаж, зарим нэг асуудлаар ярилцах байх.
-Бүртгэлийн ажиллагаа нэг хэсэг хугацаанд зогссон нь ямар учиртай вэ?
-Хамгийн гол нь итгэл алдсантай холбоотой. Өнгөрсөн оны зургадугаар сард болсон хэлний шалгалт хуурамч гээд хэл ам ч их гарсан шүү дээ. БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас Зуучлагч товчоо-нд хуваарилсан 6000 хүнээс гадна илүү 4000 хүнийг хууль бусаар бүртгэсэн асуудал яригдсан. Өмнөх өдөр нь тараасан шалгалтын материалыг хувилан, маргааш нь хууль бусаар бүртгэсэн тэрхүү 4000 хүндээ тараан хуурамч шалгалт явуулсан гээд солонгосчууд цагдаад хандсан юм билээ. Цагдаагийн байгууллагаас шалгаж үзээд үнэхээр хуурамч шалгалт авсан гэдгийг нь нотолсон. Гэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзсэн. Бүтэн жилийн турш энэ ажил ингээд л зогссон шүү дээ. Энэ хугацаанд Зуучлагч товчоо дахин бүртгэхгүй байна, дахин шалгалт өгмөөр байна гэсэн гомдол санал НХХЯ-наас ер салаагүй. Бид Солонгосын талаас уучлалт гуйсан л даа. Нийгмийн хамгааллын сайд хоёр ч удаа уучлалт гуйсан. Зуучлагч товчоо-ны буруутай үйл ажиллагаанаас болж ийм хүндрэл учирсанд хүлцэл өчье гэж хэд хэдэн удаа хандсаны эцэст сая шалгалт авахаар болсон. НХХЯ-ны харъяа, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар гэсэн агентлаг байдаг. Энэ агентлаг нийслэлийн зургаан дүүрэгт хэлтэстэй. Уг нь бид анх дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсүүдээрээ дамжуулаад бүртгэе гэсэн. Гэвч солонгосчууд итгээгүй.
-Яагаад?
-Өмнө нь солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг хууль бусаар явуулж, итгэлийг нь алдчихсан юм чинь, арга ч үгүй байх. Тэгээд ч солонгосчууд хэдэн хүн бүтгүүлэх нь вэ, бүртгэлийн явц ямар байх нь вэ, бид өөрсдөө хармаар байна гэсэн. Тэгээд л шийдсэн. Олон хүн цуглах учир Төв цэнгэлдэх хурээлэнг сонгосон. Бид ч хэлсэн дээ. Яг 15000 хүн очихгүй. Бүртгүүлэх хүний ар гэрийнхэн, ах дүү нар гээд хорь, гучин мянган хүн цуглана. Замбараагүй юм болно гэж. Гэвч Солонгосын тал шууд л зарлачихсан. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг НХХЯ-ны мэдээллийн самбараас ирж харна уу гээд.
-Уг нь Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг манай тал хийх ёстой биз дээ?
-Тийм. Гэвч өмнө нь тэднийг хуурч мэхэлсэн учир төвөгтэй байдалд орчихсон юм. Тэр ч байтугай ийм тохиолдолд бүр ажиллах хүчин авах эсэхийг ярих хүртэл асуудал хүндрэх байсан юм билээ. Бүртгэлийг нэгэнт зарлачихсан учир яамны зүгээс цагдаагийн байгууллагад хандахаас өөр арга байгаагүй. Олон хүн цуглах учир эмх замбараагүй байдал гарч магадгүй. Хэв журмыг зохицуулаач гэсэн.
-Хүмүүсийг эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаж бүртгэх шаардлагатай байсан гэж үү?
-Яамны зүгээс ийм санал тавьсан юм. Тэгэхгүй болохоор адаглаад эмэгтэйчүүд маань шахалдаж, түлхэлцэж байгаад бэртэж гэмтэж ч болох байсан. Эрэгтэй 11000, эмэгтэй дөрвөн мянган хүн бүртгэнэ гэж байгаа хойно зохион байгуулалтын боломжтой арга хэмжээг авахаас л аргагүй. Бүртгэлийн явцад бүх мэдээлэл ил байсан. Одоо хэд дэх хүн нь орж байна вэ гэдгийг тухай бүрт нь мэдээлж байсан шүү дээ.
-Лав л эмэгтэйчүүдийг тооноос нь илүү бүртгэсэн гэсэн?
-Тийм, 700 хүн илүү бүртгэсэн байгаа. Хүний тоо гүйцсэн гээд шууд тасалчихаж төвдөөгүй. Тэднийг оруулсан. Эрэгтэйчүүд ч гэсэн дугаарласан бүх хүнийг бүртгэсэн.
-Дараагийн шалгалтыг хэзээ авах бол?
-Ирэх есдүгээр сард байж магадгүй. Ер нь яамны зүгээс Солонгосын талд хандаж хүсэлт тавьж байгаа. Жилд ганцхан удаа шалгалт авах учир дутагдалтай байна. Улирал бүр хэлний шалгалт авч байя гэж. Нэг удаадаа 2000-3000 хүнийг шалгалтад бүртгэнэ гэвэл урьдчилан бэлтгэлийг нь сайн хангаж байгаад зохион байгуулж болно гэсэн. Түүнээс гадна шалгалтын тестыг арай хялбаршуулмаар байгаа юм. Одоо 200 оноо авахаас 120 оноо авсан бол шалгалтад тэнцэж байна. Бид тухайн шалгуулагч 60 оноо авсан л бол тэнцүүлье гэсэн хүсэлт тавьж байгаа юм. Гэхдээ 60 оноогоор тэнцсэн хүнийг ХАА, загас агнуурын чиглэлээр ажиллах бол явуулъя гэсэн. Түүнээс дээш оноогоор тэнцсэн бол хаана ажиллахаа сонгох боломжтой байхаар ярьж байна. Тэгэхгүй бол, шалгалтын тест хүндхэн талдаа байхаар тэнцэх хүний тоо ч бага байна. Уг нь амьдрал л болсон хойно, аль болох олон хүн тэнцээд, явж байвал зүгээр биз дээ.
-Энэ удаад шалгалтыг хаана авахаа шийдсэн үү?
-Тийм ээ. ШУТИС, Улаанбаатар дээд сургууль, УБИС, 84 дүгээр дунд сургууль, МУИС, хоёрдугаар дунд сургууль, Хүмүүнлэгийн их сургууль, Эрэл дунд сургууль гээд нийт найман сургуулийн байранд, зургадугаар сарын 3-нд авна. Шалгалтын танхимд байх хянагч нарын ихэнхи нь Монголын их, дээд сургуулиудын багш, профессорууд байх юм. Тиймээс энэ шалгалт нийтэд ил тод, зөв шударга болох байх гэж найдаж байгаа.
-Харин тэнцсэн хүмүүсийг хэзээ зарлах вэ?
-Зургадугаар сарын 25-нд зарлана.
-Уучлаарай, өмнө нь 10 ам.доллараар бүртгэж байсан. Тэгтэл яагаад энэ удаа 30 ам.доллар нэхсэн юм бэ?
-Ийм учиртай юм. Тэгэхэд Солонгост ажиллахаар хүсэлт гаргач нь эхлээд бүртгүүлчихээд, эрүүл мэндийн үзлэгтээ орж, сургалтад хамрагдсаны дараа шалгалтаа өгдөг байсан. Нэг үгээр шалгалтад орох хүртлээ тодорхой хэмжээний мөнгө төлөөд л яваад байдаг байсан. Шалгалтдаа тэнцэх, эсэхийгээ мэдэхгүйгээр шүү дээ. Муугаар бодоход, хэрэв тэнцэхгүй гэвэл тэр хүн шатаад л өнгөрнө. Тиймээс бид энэ удаа эхлээд шалгалтаа өгчих гэж байгаа юм. Энэ 30 ам.доллар бол чухам л шалгалтын хураамж. Хэрэв тухайн хүн хэлний шалгалтдаа тэнцэх юм бол цааш бусад хураамжаа төлөөд явна. Ёстой өнөө 10 ам.доллараа төлж бүртгүүлнэ. Дараа нь бас тодорхой хэмжээний мөнгө төлөөд эрүүл мэндийн үзлэгт орно гээд л. Угтаа Солонгост ажиллахаар хүсэлт гаргагчийн эрсдлийг бууруулж байгаа хэрэг.
-Хүмүүст шалгалтад бэлтгэх хугацаа өгсөнгүй гэж байгаа. Нээрэн, ядаж сарын өмнө зар түгээж болоогүй юм уу?
-Тэртэй тэргүй хүмүүс бүтэн жил шалгалтаа хүлээсэн. Дээр хэлсэн шүү дээ. Дахин шалгалтыг хэзээ авах вэ гээд байнга л асуудаг, сурдаг байсан. Ямар нэг хэмжээгээр бэлтгэсэн л байгаа болоод тэр. Тэгээд ч их, дээд сургуульд элсэхдээ тухайн сурагч хувийн бэлтгэлээ шалгуулдаггүй биз дээ.
-УИХ-ын зарим гишүүн Гадаадад ажиллах хүч зуучлах төвд нэлээд тааламжгүй хандаж байна уу даа. Тойргоосоо баахан хүнийг Солонгос явуулна гээд бүртгүүлчихсэн байхад нь ийш, тийш нь хөдөлгөж орхилоо шүү дээ?
-УИХ-ын гишүүн бол зөвхөн сонгуулийн нэг тойргийн гишүүн биш. Төрийн түшээ. Хууль тогтоогчид. Тэд нэг яамны харъяаны байгууллагын хийх ёстой ажлыг барьж аваад байх ёстой ч уу, үгүй ч үү. Ер нь улстөрчдийн аливаа амлалт салбарын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын жишгийн дагуу явуулахад төвөгтэй байдалд хүргэдэг.
-Тэгэхээр одоо шинэ байгуулагдсан төвд УИХ-ын гишүүд маань хандаж болохгүй нь ээ?
-Ерөөсөө боливол яасан юм бэ. Манай нийгмийн л согог байх даа. Аливаа асуудлыг дандаа танил талаараа, ах дүү, хамаатан садан, бүр УИХ-ын гишүүнээрээ дамжуулж бүтээнэ гэдэг. УИХ-ын гишүүд маань хууль тогтоох тэр ажлаа хий л дээ. Сонгогчдоо заавал зуучилж, бүртгүүлэх гээд байх ямар ч шаардлага байхгүй.
-Орон нутгийн иргэд гадаадад ажиллах эрхгүй гэж хэлэх гээд байна уу?
-Тийм биш. Зохих шаардлага хангасан хэн ч тус улсад ажиллах бүрэн эрхтэй. Эрх нь ч нээлттэй байгаа. Бүх боломж нь байж байхад заавал УИХ-ын гишүүдээр дамжуулж яах гээд байгаа юм бэ. Адаглаад л, УИХ-ын гишүүдээ чирэгдүүлээд, тэдэндээ давхар давхар ажил бий болгоод байна шүү дээ. Хэрэв хүсч байвал ирээд бүртгүүл. Шалгалтаа өгч тэнцээд, эрүүл мэндийнхээ үзлэгт ороод, тэгээд нис л дээ. Юу нь болохгүй байгаа гэж.
-Гэхдээ алс аймгаас замын зардал төлөөд ирдэг. Шалгалтдаа тэнцэхгүй бол тухайн хүн л хохирно шүү дээ. Орон нутагт нь очоод бүртгэж болохгүй юу?
-Бид тал талаас нь л ярьж байна. Холбоо, харилцаа хөгжсөн шүү дээ. Хөдөө, орон нутгийн иргэдийг интернэтээр бүртгэж болох нь уу гээд судалж байна. Гарц хайгаад л байгаа.
-Тухайн хүн анх бүртгүүлж эхлээд, Солонгосыг зорих хүртлээ нийт хичнээн төгрөг төлөх вэ?
-Зуучлагч товчоо-ны авч байснаас аль болох бага мөнгө төлдөг байхаар ярилцаж байна. Нэг хүн явах хүртлээ 850-910 ам.долларын зардал гаргадаг бол зүгээр гэж байгаа. Миний хувийн бодол юм даа. Өнөөдөр Солонгос руу 18-39 насны, тэгээд дандаа эрүүл чийрэг, голдуу эрчүүд явж байна. Тэд эх орондоо ажиллаж, амьдарч байсан бол ямар сайн байх билээ. Ид л ажиллах, гэр бүлтэй болж, амьдрал зохиох насны хүмүүс. Харамсалтай нь, Монголд цалин бага, амьдралын баталгаа ч тааруу учир яалт ч үгүй байдаг бололтой.
-Зарим хүн ярьдаг. Төрийн бодлого буруу байна гэж. Тэнд очиж боолын хөдөлмөр хийлгэхийн тулд аль болох олон хүн явуулах гээд байна гэж ярьдаг?
-Тийм биш л дээ. НХХЯ-ны туйлын зорилго бол аль болох олон хүн гаргах биш юм. Боолын хөдөлмөр гэл үү. Тэгж яриад хэрэггүй л дээ. Наад зах нь, тухайн хүн эндээс сайн дураараа явж байна. Монголчууд тэнд солонгос хүн ямар ажил хийж байгаа, яг тэр ажлыг л хийж байна. Хөдөлмөртэйгөө таарсан цалин хөлс авч байна. Цалиндаа ч сэтгэл хангалуун байдаг байхгүй юу. Харин болгоомжгүй байдлаасаа, ажилдаа сайн мэргэшиж чадаагүйгээсээ зарим тохиолдолд үйлдвэрлэлийн осолд орох гэх мэт тал байна лдаа.
-Энэ жил нийт хичнээн хүн явуулах квоттой байгаа бол?
-Одоо жилд яг төдөн хүн гэж квот тогтоохыг чухалчлахгүй байгаа шүү дээ. Хамгийн гол нь, Солонгосын ажил олгогчид хэдэн хүн сонгоно, тэр хэмжээгээр л явуулна гэж байгаа.
-Тэгвэл заавал 15000 хүн биш, 20, 30 мянган хүн ч хамаагүй бүртгээд, шалгалтад нь оруулаад байж болох л юм байна шүү дээ?
-Бодит амьдралд 30, 40 мянган хүн бүртгэнэ гэвэл хэцүү л дээ. Адаглаад тэр олон хүнээс шалгалтдаа тэнцэхгүй нь ч олон гарна биз. Бас л 30 ам.доллар, хайран болно.
-Цаашид бүртгүүлэхдээ авчрах ёстой бичиг баримтын бүрдэлд өөрчлөлт орох уу. Лав л сая цагдаагийн тодорхойлолт нэхээгүй санагдаж байна?
-Тийм, сая цагдаагийн тодорхойлолт нэхээгүй. Гадаад паспортгүй бол ИБМУТ-өөс 1000 төгрөг тушаагаад лавлагаа авсан байхад л болно гэсэн. Цаашдаа ч ийм маягаар явах байх. Жишээ нь, гадаад паспортгүй хүн явах, эсэхээ мэдэхгүй, зөвхөн бүртгүүлэх гэж байж бас л баахан мөнгө зарцуулаад паспорт гаргуулж авна гэхээр эрсдэлтэй байгаа биз дээ. Үнэхээр юу юугүй явах нь тодорхой болчихвол сая гадаад паспортоо авна л биз. Бид бүртгэлийн 30 ам.долларыг ядаж 15 ам.доллар болгож хямдруулаач гэсэн хүсэлтийг Солонгосын талд хэлж л байгаа.
-Шүүхийн шийдвэр Зуучлагч товчоо-ны талд гарчихвал яах вэ. Шинэ төв байгуулсан нь хууль бус гэдэг ч юм уу?
-Тийм юм болохгүй байх гэж бодож байна. Эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд ярьвал тийм зүйл болохгүй байх.
-Солонгост ажиллах хүч зуучлах төв Солонгост төлөөлөгчийн газартай байх уу?
-Тэгнэ. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд төлөөлөгчийн газар байгуулахаас өөр аргагүй.
Э.Соёл-Эрдэнэ
2007.05.29 Монголын мэдээ