Оюутны боксын дэлхийн аварга 2010 онд Монголд болно

Манай улсын нийслэлд Азийн боксын аврага шалгаруулах 24 дүгээр тэмцээн болох гэж байгаатай холбогдуулан Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхантай бид уулзаж ярилцсан юм.
– Монгол улс энэ тэмцээнийг хэзээ, хэрхэн зохион байгуулах гэж байна, бэлтгэл ажил эхлэсэн үү ?
Дэлхийн оюутны аварга шалгаруулах 2010 оны тэмцээнүүдийн эрхийг 3 жилийн өмнөөс эрхийг нь өгч, бэлтгэл ажлыг нь эхлүүлдэг юм.
Мөн манай улсын Засгийн газар энэ тэмцээний эрхийг авахын тулд Эрүүл мэндийн сайд болон Сангийн сайдын 2002 онд гаргасан 24/19 тоот тушаалын дагуу бидэнд зөвшөөрөл өгч эрх нь 1 сард бидэнд олдсон.
Тэмцээний эрхийг олгосон тухай албан тоотоо FISU гийн ерөнхий нарийн бичгийн дарга Рох Кампанагаас Эрүүл мэндийн сайд Д. Туяагийн нэр дээр өнгөрсөн 2 сарын 7 нд ирүүлсэн байгаа. Бид биеийн тамир спортын хуулийн дагуу энэ тэмцээнийг явуулах Засгийн газрын тогтоолыг гаргуулахаар танилцуулга, төсөв, төлөвлөгөөгөө 2 дугаар сард гарган ЭМЯ, БТСУХороонд хүргүүлсэн боловч, одоо хүртэл чимээгүй байна.
Манай биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд олон улсын байгууллагаас тавигдсан асуудалд 3 сарын хугацаа өнгөрөөд байхад хариу байхгүй, маш хайхрамжгүй хандаж байгаад шүүмжлэлтэй хандахаас яах вэ. Дэлхийн аваргын тэмцээн Монголд болох асуудал шүү энэ чинь.
Сураг сонсоход 2010 онд болох юм чинь одоо юугаа хийх вэ маягтай юм яригдаад байна. Уг нь тийм биш юм. Олимпийн наадмын эрхийг 7 жилийн өмнө өгөөд бэлтгүүлээд байдаг. Дэлхийн аваргын тэмцээнийг эрхийг 3-5 жил өмнө өгч бэлтгэл ажлаа тухайн орон хариуцаж явуулдаг.
Манай улсын спортын төв байгууллагын ажлын уялдаа холбоо сул, ажилтнуудын ажлаа мэддэггүй, мэргэжлийн бус, хэнэггүй, зачимгүй, хариуцлагагүй байдлаас болоод энэ сард Засгийн газрын тогтоол гаргуулах ёстой асуудал хойшлогдсон байгаа. Эрүүл мэндийн яам нь Сангийн яамд саналаа өгөхдөө энэ тэмцээний урьдчилсан төсөвтэй нь хамт өгч танилцуулах ёстой юмыг өгөөгүйгээс Сангийн сайд татгалзан хариу өгөөд байна.
Энэ нь БТСУХ, ЭМЯ-ны ажил хариуцсан хүмүүсийн ажлын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон юм. Тэр төсвийн төслийг нь бид аль 2 сард боловсруулаад тэдэнд өгсөн юм ш дээ. Бид ингэж ажил хийж байхдаа яадаг юм гээд бухимдаад сууж байна. Бусад яамд нь бүгд дэмжсэн саналаа өгсөн байна. Бид сангийн яамны нөхдүүдтэй ярьсан ЭМСайд дахиад бичгээ тэр яригдаад байгаа төсвийн төсөлтэйгээ явуулах ёстой. Уг нь Сангийн сайд дэмжиж байгаа юм билээ л дээ.
Төрийн ажлыг цалгардуулдаг ийм явдлаас болоод Монгол улс, олон улсын байгууллагын өмнө эвгүй байдалтай байна шүү дээ. Уг нь 2009 оны улсын төсөвт л хөрөнгө, мөнгө тусгагдаж шийдвэрлэгдэх юм. Одоо бол 2010 онд энэ тэмцээнийг Монгол улсад явуулахаар шийдвэрлэн баталгаажуулах ёстой. Мөн Ерөнхий сайдын шийдвэрээр Зохион байгуулах хороогоо байгуулах хэрэгтэй. Бид Засгийн газрын тогтоол хэзээ гарахыг хараад сууж байна
Гэхдээ бид зүгээр суугаагүй. Тэмцээний логоны уралдаан зарлаж шалгаруулан олон улсын байгууллагад явуулан 4 сард батлуулж авсан. Мөн тэмцээнийг явуулах хугацааг бидний явуулсан саналын дагуу олон улсын сонирхогчдын боксын холбоо /АИБА/ тай ярьж байгаа. 2010 оны 10 сарын 4-10 ны өдрүүдэд явуулахаар бид төлөвлөсөн юм. Азийн боксын аваргын 24 тэмцээний үеэр АИБА-гийн ерөнхийлөгч, Хятадын Тайваны иргэн, ОУОХ-ны гишүүн Чин Куо Ву Монгод ирнэ, тэгэхлээр түүнтэй энэ асуудлыг бид ярилцахаар болсон.
Азийн аваргын тэмцээнд оролцогч орнуудын багийн ахлагч нарт холбооны албан бичиг, дэлхийн аваргын урилгаа өгнө. Энэ үеэр Бөхийн өргөөнд дэлхийн аваргын тэмцээнийг сурталчилсан булан байгуулж, 2 ажилтан ажиллуулан холбогдох хэвлэлийн мэдээлэл, тараах материалуудыг тамирчид, дасгалжуулагч нарт өгнө. Бөхийн өргөөний дотор талд энэ тэмцээний лого, танилцуулгыг тавьж сурталчилна.
Бид энэ тэмцээнд эртнээс бэлтгэж оюутны дэлхийн аваргын боксын 2010 оны тэмцээнд 40 гаруй орны 300 гаруй тамирчид албаны хүмүүсийг урьж ирүүлэхээр ажлаа зохион байгуулна. Одоогоор бид Монголд хамгийн олон 30 орны хамгийн олон 336 тамирчид оролцуулсан тэмцээнийг 2006 онд оюутны дэлхийн аварга шалгаруулах бөхийн чөлөөт, сонгомол барилдааны тэмцээнээр рекорд тогтоогоод байгаа шүү дээ. Олон орны баг тамирчдыг Монголд ирүүлэхэд бэлтгэл ажлыг эртнээс сайн зохион байгуулж, мэдээллээ тэдэнд сайн хүргэн, түгээх л хамгийн оновчтой арга юм. Тэгвэл олон орныхон ирдэг туршлага байна.
Бид бэлтгэл ажлаа холбооныхоо хэмжээнд ийнхүү эхэлсэн. 2007 оны 4 сарын эхээр болсон Тайландын эзэн хааны цомын тэмцээний үеэр очиж сурталчилгаагаа явуулсан. Олон орнууд сонирхож байсан. Одоо энд Азийн аваргын үеэр тивийнхээ боксын мэргэжилтэнүүдтэйгээ уулзаж танилцна. Энэ оны 8 сард Тайландын Бангкок хотноо болох Универсиад наадмын үеэр томоохон акц явуулахаар төлөвлөж байгаа. Мөн энэ үеэр болох Гүйцэтгэх хорооны хуралд бэлтгэл ажлын тайланг тавина.
– Та олон улсын тэмцээнийг Монголд хэд хэдэн удаа явуулсан туршлагатай хүн шүү дээ?
Бид 2002 онд Дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын YII тэмцээнийг, 2006 онд Бөхийн сонгомол болон чөлөөт барилдааны төрлөөр оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг Улаанбаатар хотноо амжилттай явуулж, Монгол улсын нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөж байгаа, энэ төрлийн тамирчидийнхаа амжилтыг ч эх орныхоо дэвжээн дээр сайн сорьж олон медальт тамирчдыг төрүүлсэн, манай улс ч олон улсын байгууллагын өмнө үүргээ сайн биелүүлж, идэвхтэй ажиллаж байгаа үзүүлэлтэй явж байна.
Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын санхүү, зохион байгуулалтын хүчтэй дэмжлэг эдгээр тэмцээнийг явуулахад чухал үүрэг гүйцэтгэж байв. Эдгээр тэмцээнүүд тухайн төрлүүдийг Монгол улсад хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж, материаллаг хэрэгсэл, баазтай болж үлдэж байгаа, үзэгч олон түмэн ч ихээхэн сонирхолтой сайхан тэмцээн үзэж, залуу үеийнхэнд үлгэр дуурилалтай тэмцээн болж байна. Түүнчлэн манай улсад болж байгаа томоохон тэмцээнүүд дээр бидний авчирсан шатар, цаг, дэвжээ зэргийг л ашиглаж байгаа шүү.
Би өөрөө боксын спортоор хичээллэж явсны хувьд Азийн аваргын тэмцээний зохион байгуулагч нарт менежментийн туслалцаа үзүүлж өөрийн туршлагаасаа харамгүй хэлж өгч байгаа. Ер нь өнгөрсөн оны дэлхийн аварга дээр ажилласан манай холбооны хэдэн ажилтанууд энэ тэмцээн дээр голлох үүрэг хүлээж байна. Томоохон тэмцээний менежментийн асуудлууд ижил төсөөтэй, тиймээс бидний зөвлөгөө, хийж байсан ажил нь энэ удаагийн боксын Азийн аваргын тэмцээний бэлтгэл ажлыг богино хугацаанд хийхэд ихээхэн хувь нэмэр оруулж, цаг хэмнэхэд тус дэм болж байгаа.
Миний биеийн тамир дээд сургуулийн найз, Афин 2004 олимпийн наадамд шүүгчээр ажилласан, олон улсын боксын шилэгдмэл шүүгч С. Баясгалан энэ тэмцээний ЗБХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж гол ажлыг нуглаж байна. Ер нь боксынхон маань сайн ажиллаж байгаа шүү, ялангуяа боксын холбооны ерөнхийлөгч Д. Цогбаатар холбооныхоо ажилтануудын дунд нь орж амжилттай ажиллаж бэлтгэл ажлыг эрчимтэй явуулж байна.
-Дэлхийн аваргын боксын тэмцээн хаана болох вэ, ямар түвшинд явагдах бол?
Энэхүү тэмцээнийг Улаанбаатар хотноо шинээр баригдаж 2008 оны эцсээр ашиглалтанд оруулах 5200 хүний суудалтай Спортын шинэ ордондоо хүлээн авч явуулна. Танхимд нэгэн зэрэг 2 боксын ринг байрлуулна. Гадаадын тамирчдыг Баянгол зочид буудалд байрлуулахаар ярилцсан. Баянгол зочид буудал ч тэмцээнээс өмнө шинэ өргөлтгөлийн 3 дахь корпусаа барьж дуусах юм билээ. Шинэ ордон маань тамирчдын жин үзэх өрөө, эмнэлэг, допингийн үйлчилгээ, бие халаалтын өрөө, хэвлэлийн болон техникийн зөвлөгөөн хийх танхим, хувцас солих өрөө зэрэг нь нэг дор байх учир олон улсын стандартад тохирч байгаа.
Тэмцээнийг олон улсын стандартад тохирсон, өндөр зэрэглэлийн үзүүштэй сайхан тэмцээн болгоно. Азийн аварга дээр амжилттай ажилласан нөхдүүдээсээ бид ЗБХороондоо авч ажиллуулна.
– Энэ тэмцээний тухай манай уншигчидад танилцуулна уу?
-Оюутны дэлхийн аваргын анхдугаар тэмцээн 2004 онд Туркийн Станбул хотноо зохиогдсон бол удаах нь 2006 онд Казакстаны Алмата хотноо явагдсан. Гурав дах удаагийн тэмцээн 2008 онд ОХУ-ын Казань хотноо болно.
Олон улсын боксын холбооны техникийн дүрмийн дагуу зохиогдож эрэгтэй тамирчид арван нэгэн жингээр хувийн дүнгээр өрсөлддөг. Тэмцээн нь долоон өдөр үргэлжилнэ. ОУОСХ-ний дүрмээр нэг улсаас 11 тамирчин оролцно. Үүнд – 48кг, 51кг, 54кг, 57кг, 60кг, 64кг, 69кг, 75кг, 81кг, -91кг, 91 кг жинд болон багт дөрвөн албаны хүн оролцохыг зөвшөөрдөг. Тэмцээнд 18-28 насны өдрийн ангийн оюутан хүн орох журамтай.
Тэмцээнд таван тивийн олон арван залуу шилдэг тамирчид улс бүрээс шалгаран оролцдог, ойролцоогоор дэлхийн 30 гаруй орны 200 орчим төлөөлөгчид өмнөх жилүүдэд оролцож байжээ. Бидний судалгаагаар 40 гаруй орны 250 гаруй тамирчидыг 2010 оны тэмцээнд оруулах бололцоотой. Олон улсын оюутны болон боксын олон улсын хоёр байгуулллагын гишүүн орнуудтай эртнээс сайн ажиллаж байж л олон орны тамирчид Улаанбаатарт ирнэ.
Тэмцээнийг ОУОСХ-ны ерөнхийлөгчийн томилсон Гүйцэтгэх хорооны гишүүн удирдаж, энэ Холбооны ДАШТэмцээн хариуцсан ажилтан, техникийн, мандатын, эмнэлгийн комиссын нийт таван хүн, Олон улсын боксын холбооны 4 төлөөлөгч, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг удирдан явуулдаг. Мөн улс бүрээс 4 оос дээш тамирчинтай бол нэгээс дээш олон улсын зэрэгтэй шүүгчдийг авч ирдэг.
-Манай оюутан тамирчид урьдах тэмцээнүүдэд ямар амжилттай оролцож байсан вэ?
-Монголын оюутан боксдын төлөөлөгчид ОХУ-ын Ектеринабург, Тюмень зэрэг хотуудад болсон олон улсын оюутны тэмцээн, Казакстанд болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах 2006 оны тэмцээнд Э.Бадар-ууган алтан медаль хүртэж, Э. Мөнхэрдэнэ нарын 5 тамирчин хүрэл медаль авч спортын өндөр амжилт үзүүлж байсан.
Манай боксчид 2008 оны 5 сард ОХУ-ын Татарстан улсын Казань хотноо болох оюутны ДАШТ –д оролцно. Энэ тэмцээний зохион байгуулалтыг судлахаар ЗБХ-ны баг очихоор тохиролцсон. Оюутны багаа Татарстан улсын боксын шигшээ багтай 10 хоногийн хамтарсан бэлтгэл сургуулийг тэмцээний өмнө хийх юм.
-Тэмцээний зохиосны ач холбогдол юу вэ?
-Монгол улсад энэ тэмцээн зохион байгуулагдснаар манай улсыг дэлхийн тавцанд таниулан сурталчилах, олон орны нэр хүндтэй шилдэг тамирчид хүрэлцэн ирж өрсөлдөх бололцоог олгох, манайхан ур чадвараа сайжруулах таатай нөхцөл бүрдүүлэх төдийгүй 2012 оны Лондонгийн Олимпд бэлтгэх томоохон сорилт болох юм.
Түүнчлэн тамирчидынхаа амжилтыг эх орныхоо дэвжээн дээр сорин өмнөх амжилтаа ахиулах боломжтой, туршлага суулгах төдийгүй боксын багш, дасгалжуулагч, мэргэжилтэнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, үзэгчид болон спорт сонирхогчиддоо дэлхийн шилдэг тамирчдын уран тоглолтыг үзүүлэх, өсвөрийн залуу үеийнхэнийг спортод дур сонирхолтой болгон хүмүүжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
/Оллоо.МН/