Эхийн хэвлий дэх ураг

Нэг нь боксдож, нөгөө нь тийчилж, гуравдахь нь гар, хөлөө хөдөлгөж, дөрөвдөх нь аз жаргалтайяа мишээж буй гайхамшигт зургуудыг урьд өмнө нь хэн ч, хэзээ ч хараагүй. Одоо шинэ технологийн тусламжтайгаар ирээдүйн эцэг эхчүүд төрөөгүй хүүхдээ хэрхэн инээмсэглэж, нүдээ ирмэж байгааг компьютерийн дэлгэцээс хардаг боллоо.
Эх хүн тээж буй үрээ хорвоод мэндлэхээс бүр өмнө гэдсэнд хөдөлж эхэлсэн үеэс мэдэрдэг байсан бол одоо ультра дууны 4D хэмээх шинэ технологийн ачаар хардаг боллоо. Гурван хэмжээст зургуудыг одоо цаг дээр авч, улмаар кино ч бүтээж болно. Эхийн хэвлийд буй ургийн бүхий л хөдөлгөөн, нүүрний хувирлыг бичих боломжтой.
Үр тогтсоны дараахи анхны долоо хоногт сая сая эсүүд үүсч, шинэ амьдрал ингэж эхэлдэг. Үр тогтсоноос хойш 42 өдрийн дараах зураг дээр ургийн гурван давхраа хэрхэн үүсч буй нь тодорхой харагддаг. Эктодермээс хожим нь арьс, мэдрэлийн эсүүд үүсдэг бол мезодермээс булчингууд, яс, зүрх, харин энтодермээс салслаг бүрхүүл, ходоод, уушиг, элэг зэрэг дотор эрхтнүүд ургадаг. 4 D зургуудыг өндөр хэлбэлзэлтэй дууны долгионы тусламжтай авдаг. Эдгээр долгион зөөлөн эдүүдийг нэвтэлж, харин яснаас ойдог. Компьютер ойсон долгионуудыг шинжилж, үр хөврөлийн гурван хэмжээст зургийг тооцоолон гаргадаг. Жирэмсний ес ба арван нэгэн долоо хоногтойд үр хөврөл хоёр дахин томордог. Энэ үед тэр найман сантиметр урт, 12 грамм жинтэй болдог. Цаашид ураг хүн шиг хэлбэр дүрсээ олдог. Хорин хоёр долоо хоног хүртэл яс нь гэрэлтэж харагдсаар байдаг. Ультра дууны долгионы ачаар ургийн хөгжлийн гаж согогийг эрт тодорхойлжболно. Мөн нүүр, биеийн эрхтнүүдийг нарийн судалж шинжлэх бололцоотой.
(Өглөөний сонин 106/171)
М.Цогзолмаа