АН Солонгосууд ажиллах хүч бүртгэснийг зохион байгуулалттай луйвар гэж үзлээ

Солонгост ажиллах хүч гаргах сургаар хот, хөдөөгийнхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд цуглаж, урт дараалал үүсгэн, зарим нь гурав дөрвөн өдөр хонон өнжин дугаарласан. Харин Зовлонтой газар лам баяжиж, зовлоготой газрын нохой зоолно гэгчээр Солонгост очиж ажиллахаар зүтгэж байгаа эдгээр 15 мянган хүн ашиг хонжоо хайгчдын бай болсон. Үүний наад захын жишээ нь бүртгэлийн хураамж болох 30 доллар олдохоо байж задгай доллартай хүмүүс дээрх 30 долларыг 50 мянгаар арилжиж, цагдаа нар 30-50 мянган төгрөгөөр дугаар дайруулж, зарим иргэд анкетаа бөглөж чадахгүй солонгосуудаас уйлан хайлж гуйсан тухай мэдээлэл гарч байсан билээ. Харин энэ талаар НХХЯ, ГХЯ зэрэг холбогдох байгууллагууд Мэдэхгүй, манайд хамаа байхгүй. Солонгосууд л мэднэ гэсэн хариулт өгч өөрсдийн эрх мэдлээ ёстой л дошин дээрээ байж байгаад харийнханд булаалгасан нь үнэн. Дээрх асуудлыг АН-ын зөвлөл хэлэлцээд солонгосууд монголчуудад тусалж, дэмжих биш доромжилж Монгол хүний нэр төрийг гутааж уландаа гишгэж байна гэж үзсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АН-ын зөвлөл өчигдөр зөвлөлийн хурлаа нээлттэй хийж НХХЯ, ГХЯ-ны холбогдох хүмүүсийг дуудан ирүүлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнд солонгосууд 15 мянган хүн цуглуулаад бүртгэл хийж байхад НХХЯ яагаад дуугүй байсан юм бэ гэх асуултаар ярилцлагаа эхэлсэн. Гэвч НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга О.Байгалмаа Бид Солонгосуудад төв цэнгэлдэх хүрээлэнд бүртгэл явуулж болохгүй гэж удаа дараа хэлсэн. Бидний үгийг тоогоогүй гэсэн хариулт өгсөн. Асуудлыг үл ойшоосон байдалтай энэ хариулт гишүүдийн эгдүүг хүргэж нэлээд маргаан үүсэх, Солонгосын талтай урьдчилан тохиролцож зохион байгуулалттайгаар монголчуудаа доромжлууллаа гэж хардахад хүргэсэн. Үүнийгээ ч гишүүд шулуухан хэлж байсан. АН-ын зөвлөлиин гишүүн З.Энхболд Нэг улсын Засгийн газар нөгөө улсын нутаг дэвсгэрт ирж аж ахуйн үйл ажиллагаа явуулаад 450 мянган ам доллар аваад явлаа. Манай улсын татварын газар бүртгэл алга. Ийм үйлдэл байж болно гэсэн олон улсын эрх зүй байна уу.

З.Энхболд гишүүн энэ асуултаа ГХЯ-ны холбогдох албан тушаалтанд хандан тавьсан боловч ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Бэхбат тодорхой хариу хэлээгүй нэлээд булзааруулсан. Тавьсан асуултанд тодорхой хариу өгөхийг З.Энхболд гишүүн удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Төрийн нарийн бичиг нь ийнхүү асуултыг тойруулан бодитой хариу өгөөгүйд АН-ын гишүүд дургүйцэж Битгий нуршаад дэвэн дэлхийн юм яриад бай гэсэн боловч бас л шаардсан хариултаа авч чадсангүй. Асуултынхаа хариуг авч чадахгүй нь гэдгээ мэдсэн З.Энхболд гишүүн Өөрөө мэдэж байгаа ч хэлэхгүй байна л даа. Одоо би танай яамтай өөрөөр ярина гэж анхааруулсан. Харин солонгосууд Монгол нутагт ирчихээд нутаг дэвсгэр дээр нь иргэдииг иинхүү дээрэлхэж байгаа асуудал НХХЯ болоод ГХЯ-ны буруу огтхон ч биш гэнэ. Солонгосууд үүнийг тайбарлахдаа Өнгөрсөн онд ажиллах хүч гаргах асуудал маш их будлиантай болсон учраас Монголын талд итгэх итгэл алга. Тийм учраас өөрсдөө бүртгэлээ явуулна гэсэн хэмээн НХХЯ-ны ажилтан мэдээлэв.

АН-ын зөвлөлийн гишүүн Л.Гантөмөр-Манайхаас аль болох олон хүн явуулахыг хичээгээч гэж солонгосуудаас гуйгаад байх юм байхгүй. Солонгост манайх шиг хямд ажиллах хүч маш хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Бид эзэн хүн шиг байх хэрэгтэй. Мөн НХХЯ олон хүнийг хамарсан үйл ажиллагааны хураамжийг монгол мөнгөөр хийж болохгүй. Гадаадад ажиллах хүч ялангуяа Солонгост ажиллах хүмүүсээс хэлний шалгалт авах шаардлага байхгүй. Үнэхээр авах гээд байгаа юм бол өнөөдөр Монголд ажиллаж байгаа Солонгосын 10 мянган хүнээс Солонгосын цэнгэлдэх хүрээлэнд очоод Монгол шалгалт авч түүний хураамж 30 долларыг нь аваад ир. НХХЯ үл мэдэгч царайлж алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй бол бид хүчтэй шаардаж тэмцэнэ шүү.

АН-ын зөвлөлийн гишүүн Р.Эрдэнэбүрэн-Үүнийг би цэвэр зохион байгуулалттай хийсэн ажил гэж дүгнэж байна. Та нөхдийн хандаж байгаа байдал, хэлж ярьж байгааг чинь харахад ингэж дүгнэхээр харагдаж байна. Монголчуудад хэтэрхий бүдүүлгээр хандлаа. Үүнийхээ төлөө иргэдээс уучлал гуйх ёстой.

АН-ын зөвлөлийн гишүүн Р.Гончигдорж -Монголын тал дээрх үйл ажиллагаанд оролцоогүй үйлдлээ хэрхэвч зөвтгөж болохгүй. Би бүртгэл явуулж байгаа газар очсон. 30 доллараа тусгай дугтуйнд хийгээд барьчихсан хүмүүс байсан. Тэгэхээр тусгай зохион байгуулалттай болсон гэдгийг үгүйсгэх аргагүй. Ихэнхи асуултандаа мэдэхгүй, бидэнд хамаагүй, Солонгосын талын зөв байсан гэсэн хариулт өгч сав л хийвэл Солонгосын талыг өмөөрөх НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга О.Байгалмаад УИХ-ын .гишүүн Батж.Батбаяр Байгалмааг би Монгол нэртэй Солонгос гэж бодож байна хэмээсэн. Мөн НХХЯ болон ГХЯ монголчуудын эрх ашгийн төлөө биш Орос, Хятад, Солонгос зэрэг улсуудын эрх ашгийн төлөө үйлчилж байна гэсэн дүгнэлтийг АН-ын зөвлөл гаргасан. Асуудал хариуцсан хоёр яамны ажилтнуудын хэлэх үгийг хангалтгүй хэмээн үзсэн АН-ын зөвлөлийн гишүүд сайд нарыг чинь огцруулах хүртэл хатуу хариуцлага тооцно гэдгээ албан ёсоор хэлсэн. Мөн сайд нараас гадна асуудалд хайхрамжгүй хандсан ажилчдыг ч халах болно гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар АН-ын зөвлөлийн гишүүн З.Энхболд Өнөөдөр би арай өөр уур амьсгалтай яриа болно гэж бодож байсан юм. Харамсалтай нь Солонгосын луйварчдын гар хөл болсон хүмүүстэй яриад сууж байна. Тацай хоёр яам энэ асуудалд оролцоогүй нь Монголчуудыг доромжлох үндэс боллоо. Луйварчдыг хамгаалж байна, хаацайлж байна. Танай хоёр яам нийлж ийм юм хийж байснаас талийгаач Сүхбаатар явуулж байсан нь дээр байж хэмээн халаглаад авна лээ. Мөн НХХЯ-ны дэд сайд С.Чинзоригийг АН-ын зөвлөлийн хуралд ир гэж дуудсан боловч тэрээр ирсэнгүй. Жинхэнэ хэргийн эзэн ирээгүй нь асуудлыг улам ээдрээтэй болгож байна гэж зөвлөлийнхөн дүгнэсэн. Юутай ч НХХЯ, ГХЯ-ыг алдсан алдаагаа засаж залруулахгүй бол дараагийнхаа арга хэмжээг авах болно гэдгээ АН-ын зөвлөл албан ёсоор мэдэгдлээ.

(Өглөөний сонин 106/171)

Ж.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button