Хорлон сүйтгэх ажиллагааг зохион байгуулж байна

Үүнийг хийхийн тулд хар захаар дамжуулан Иранчуудад эвдрэлтэй тоног төхөөрөмж, цөмийн судалгааны хуурамч зураг, схем нийлүүлжээ. Энэ санаатай ажиллагаанд нь Оросын цөмийн физикчид туслаж буй ажээ. Ираны цөмийн байгууламжид хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа талаар Америкийн CBS телевизид Лондоны олон улсын институтын зэвсэглэлийн асуудал хариуцсан ахлах судлаач Марк Фитцпатрик мэдээлжээ. Энэ ажиллагааны явцад Иранд хар захаар дамжуулан тоног төхөөрөмж нийлүүлэхдээ зарим эд ангийг нь удаан тогтвортой ажилладаггүй механизмаар сольдог аж. Мөн энэ зорилгоор барууны тусгай албаныхны гараар дамжуулан Ираны, физикчдэд атгуулдаг техникийн бичиг баримтад засвар оруулдаг гэнэ.

CBS телевизийн мэдээгээр Ираны цөмийн байгууламжид хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн дунд хуучин Зөвлөлтийн цөмийн физикчид болон Иранаас дүрвэн гадаадад гарсан мэргэжилтнүүд байгаа гэнэ. Ийм ажиллагааны үр дүнд Иран цөмийн хөтөлбөрийнхөө тогтвортой ажиллагааг явуулж чадахгүй байна. Натанзе дэх цөмийн байгууламжид нь 2006 оны дөрөвдүгээр сард гарсан дэлбэрэлтийн улмаас уран баяжуулах төхөөрөмжийн эргүүлгийн 50 аппарат жагсаалаас гарч байлаа. Эргүүлэх төхөөрөмжийн аппарат ч дэлбэрсэн байв. Ираны цөмийн эрчим хүчнии агентлагийн дэд ерөнхийлөгч Голямреза Агазаде атомын цахилгаан станцад хорлон сүйтгэх ажиллагаа явагдсан гэж мэдэгдэж байлаа. Тэнд дэлбэрсэн тоног төхөөрөмж нь эвдрэлтэй байсан бололтой.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Шон Маккормак телевизийн энэ мэдээлэлд тайлбар хийхээс татгалзан тусгай албаныханд ханд гэсэн байна. Нөгөөдүүл нь нууц ажиллагааны талаар мэдээлэл хийдэггүй гэжээ. CBS-ийн мэдээллийг үнэнд ойр гэж үзэх талтай. Үүний өмнөхөн ABCNews телевиз Иранд нууцаар шахалт үзүүлэх хөтөлбөрийг зөвшөөрөн баталсан тухай мэдээлсэн юм. Орчин үеийн Ираныг судлах төвийн тэргүүн Ражаб Сафаров дээрх мэдээллийг үнэн гэж үзлээ. Тэрээр Ираны дотоод байдлыг сарниулах АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн нууц хууль байгааг ч дурьдав. Тэр хөтөлбөрийн хүрээнд гурван жилийн өмнө Иранд Тагнуулын төв газар, Моссад, MI-6 албадын хэдэн зуун тагнуул, туршуул илгээсэн ажээ. Саддамын цэргийн дээд удирдлагыг худалдан авсан байсан жишээ нь АНУ-ыг ийм ажиллагаанд оруулсан гэж тэр шинжээч дүгнэв. CBS өөрийн материалд Иран үйлдвэрлэлийн хорлон сүйтгэх ажиллагаанд өртөх боломж ихтэй сануулжээ. Хориг тавьсны улмаас барууны технологийг авахаар тус орны хар захыг ашиглахаас өөр аргагүй болсон аж. Ираны хувьд цөмийн салбарынх нь хар зах нь Пакистан болж байгаа бөгөөд анхны уран баяжуулах төхөөрөмж тэндээс нийлүүлэгдсэн билээ.

(Ардын эрх 106/638)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button