Клинтоны нууц амрагийн тухай хоёр ном дуулиан тарих уу?

Ном худалдаанд гараагүй байгаа ч дуулиантай хэсгүүдтэй нь хэвлэл мэдээллийнхэн танилцсан тухай Британийн The Daily Mail сонинд бичжээ. Билл Клинтон гэргийгээсээ салаад өөрийн олон тооны нууц амрагуудын нэгтэй суух гэж байсан хэмээн A Women in Charge гэдэг нэг номынх нь зохиогч баталж байна. Зохиогч Карл Бернстейн (Carl Bernstein) Уотергейтын дуулианы тухай номоороо алдаршсан бөгөөд тэрээр Арканзас мужийн нэгэн компанийн захирал Мерилин Жо Женкинс (Marilyn Jo Jenkins) гэдэг эмэгтэйн төлөө Билл Клинтон эхнэрээ ррхиход бэлэн байсан гэж бичжээ.
Арканзас мужийн захирагч байсан Билл 1989 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн тул эхнэрээсээ салаагүй гэнэ. Тэр үед Цагаан ордон болон Ерөнхийлөгчийг тогтмол хүрээлэх сэтгүүлч нар л Биллийн завхайрлыг зогсоох ёстой гэж Хиллари өөрийн дотны найз эмэгтэйд ярьж байсан гэж зохиогч өгүүлсэн байна. Моника Левинскитэй холбогдсон дуулиан Хилларийн итгэл талаар болсоэ байсныг харуулсан хэмээн Бернстейн бичсэн байна. Мөн ирэх сард худалдаанд гарах Хиллари Клинтоны тухай номонд Ерөнхийлөгчийн эхнэр нөхрийнхөө олон тооны нууц амрагуудаас салахын тулд хувийн мөрдөгчдийг хөлсөлж байсан тухай бичжээ. The New York Times сонины сурвалжлагч нарын бүтээл болох Her Way’ номонд өгүүлснээр Хиллари кабарегийн дуучин Женнифер Флауэрс (Gennifer Flowers) гэдэг эмэгтэйн тухай мэдээлэл цуглуулахаар хувийн мөрдөгч хөлсөлж байсан гэнэ. Тэрээр тэр эмэгтэйг нэг мөр баллах-ын тулд түүний хамаг муу муухайг уудлах үүргийг мөрдөн байцаагч нарт өгч байсан хэмээн уг номонд бичжээ. Сануулахад Флауэрс 12 жилийн турш Клинтонтой дотно амьдарч байсан гэж мэдэгдснээр Биллийн нууц амрагуудын тухай дуулиан эхэлсэн юм. Тэр үед Хиллари нөхрийгөө олны өмнө хамгаалсан билээ. Хоёр номын зохиолчид гэр бүлийн дуулианаас гадна Хиллари Клинтоны хувийн зан чанарт анхаарал хандуулсан байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хөтөлбөр дээр Хилларийн хамт ажиллаж байсан мэргэжилтэн амьдралдаа ийм бардам, өөрийнхөөрөө зүтгэдэг хүнтэй тааралдаагүй гэж ярьсныг Бернстейн номондоо оруулжээ. Түүний зам номонд нөхөр нь эсрэг байсан ч сенатор Хиллари хэд хэдэн хуулийн төслийн төлөө саналаа өгсөн гэжээ. Хиллари Клинтон 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлалаар хамгийн өндөр хүн гэдгийг The Daily Mail сонин онцлоод хэвлэлээс гарч байгаа хоёр ном түүнээс зарим сонгогчдыг холдуулж магадгүй боловч эдгээр номонд бичигдсэн зүйл огт шинэ зүйлийг уншигчдад өгөхгүй гэжээ. Хиллари Клинтоны хэвлэлийн алба шинээр гарч байгаа хоёр номны тухай тайлбар хийхдээ ийм ном авах хүмүүс мөнгөө хий хоосон үрнэ гээд зохиогчид нь аль эртнээс ил болсон зүйлййг дахин ярьж байна гэж мэдэгджээ.
(Ардын эрх 106/638)