Хоёр улсын дээд хэмжээний уулзалтын тухай хэвлэлийн хамтарсан мэдээ

1. Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Но Мү Хен нар Монгол Улс, БНСУ-ын хооронд 2006 онд тохирсон Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны Түншлэл-ийн зарчим хоёр орны харилцааг шинэ түвшинд дэвшүүлснийг сайшаагаад энэхүү Түншлэлийг бодитой урагшлуулж хэрэгжүүлэх зорилт, тодорхой чиглэл, арга хэмжээнүүдийг хэлэлцэв.

2. Ерөнхийлөгч нар Монгол, Солонгосын хооронд өнөө хүртэл явж ирсэн яриа хэлэлцээний дүнд хоёр орны харилцан ойлголцол, итгэлцэл нэмэгдсэнийг тэмдэглээд цаашид дээд, өндөр болон бусад түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалж үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

3. Хоёр тал Монгол, Солонгосын түншлэлийн нэг гол чиглэл бол хоёр орны харилцааны эдийн засгийн агуулгыг баяжуулах, тухайлбал, хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх, харилцан ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэх явдал гэдгийг цохон тэмдэглээд Монгол Улсын Үйлдвэр, худалдааны яам,

БНСУ-ын Үйлдвэр, эрчим хүч, нөөцийн яамны хооронд Үйлдвэр, худалдааны хамтын ажиллагааны хороо байгуулж байгаа нь дээрх зорилтыг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

4. Солонгосын тал Таванталгойн нүүрсний орд, ураны ордуудыг эзэмшихэд оролцох сонирхолтойгоо илэрхийлэв. Монголын тал БНСУ-аас хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байгаад баяр хүргээд зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй дэд бүтэц, хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл зэрэг

олон салбарт өргөн боломж байгааг тэмдэглэв. Хоёр тал уул уурхайн салбар дахь Солонгосын оролцооны боломж, чиглэлийг идэвхтэй эрэлхийлэхээр болов.

5. Солонгосын тал БНСУ-ын зарим компаниудаас Монголын Засгийн газрын 40 мянган орон сууц хөтөлбөрт оролцож, шинэ хороолол барих, уг шинэ хороололд дулааны цахилгаан станц барих, орчин үеийн эмнэлэг, Анагаах ухааны их сургууль байгуулах санал тавьж байгааг дэмжихийг хүсэв. Монголын тал дэмжихээ илэрхийлэв.

6. Солонгосын тал Мал амьтны вирусын гаралтай өвчнийг оношлох судалгааны төв, Засгийн газрын мэдээллийн нэгдсэн төв, Гамшиг судлалын төв байгуулах, хүн сургах, сайн дурынхан, мэргэжилтэн ирүүлэх зэрэгт 6 сая ам. долларын буцалттүй тусламж олгохоор шийдвэрлэснээ мэдэгдэв.

Хоёр тал Холбоо, хяналт, мэдээллийн сүлжээ, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах систем төсөлд 26 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл ашиглах тухай хэлэлцээрт үсэг зурав.

Монголын тал БНСУ-аас Монголын ардчилал, шинэчлэлийг дэмжин боловсон хүчин бэлтгэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд тусалж ирсэн нь шилжилтийн үеийн зорилтуудыг хэрэгжүүлэх, шинэ хөгжлийн суурийг тавихад тус нэмэр болж байгааг үнэлж, талархал илэрхийлэв.

7. Монголын тал Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулахад БНСУ дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Солонгосын тал уг цогц бодлогыг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөө-г боловсруулахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

8. Хоёр тал Монголын зүүн бүсийг хөгжүүлэх Дорнод Монгол төсөл, түүний техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, юуны өмнө газар тариалан хөгжүүлэх талаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн корпорацийн хооронд хамтран ажиллахаар тохиров.

9. Хоёр тал Монгол орны усны нөөцийг хамгаалах, хангамжийг сайжруулах тухай судалгаа хийж, мастер төлөвлөгөө боловсруулахаар тохиров.

10. Монголын тал гадаадад ажиллах хүч илгээх төвийг байгуулж, дотоод дахь холбогдох дамжлагыг дуусгасан явдлыг Солонгосын тал дэмжин сайшааж, ажиллах хүч илгээх тогтолцооны дагуу солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэн Монгол Улсаас ажиллах хүч авах үйл ажиллагааг хэвийн болгохоор болов.

11. Хоёр орон түйрэн, цөлжилттэй тэмцэх идэвх чармайлтыг бэхжүүлэх тухай 2006 оны 5 дугаар сарын Монгол, Солонгосын төрийн тэргүүн нарын хэлэлцээний дагуу авах арга хэмжээний хувьд 2006 оны 11 дүгээр сард Монгол Улсын Байгаль орчны яам, БНСУ-ын Ойн газар Монголд ногоон бүс байгуулах

төсөл хэрэгжүүлэх тухай тохиролцооны баримт бичгийг байгуулж, БНСУ-ын Ус, цаг уурын газар түйрэнг хянах зорилгоор Монгол Улсад ажиглах цэгийг байгуулсан явдлыг үнэлж, цаашид түйрэн ба цөлжилтөөс сэргийлэхийн тулд хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтов.

12. Хоёр тал Монгол, Солонгосын хоорондын түүхэн нөхөрлөлийн билэг тэмдэг болгон Улаанбаатар хотноо байгуулсан Ли Тхэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг мөнхөд хадгалж хамгаалахын төлөө хамтран ажиллаж, үүний тулд шаардлагатай хууль эрх зүйн арга хэмжээг шуурхай хугацаанд дуусгахаар болов.

13. Хоёр тал Ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд цаашид иргэд, аж ахуйн байгууллагуудын харилцааг зохицуулах талаар хоёр орны хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

14. Солонгосын тал Улаанбаатар хотын төвд ЭСЯ-ны шинэ барилга, Солонгосын соёлын төв байгуулах газрын асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэв. Монголын тал анхааралдаа авснаа, судалж шийдвэрлэхээ мэдэгдэв.

15. Талууд олон улсын талбар дээрх хоёр орны хамтын ажиллагаа амжилттай явж байгааг сэтгэл ханамжтай тэмдэглэв.

Монголын тал 2006 онд Монгол Улс АСЕМ-д нэгдэхэд БНСУ идэвхтэй үүрэг гүйцэтгэснийг үнэлэн, талархал илэрхийлээд Монгол Улс бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны бүтэц, юуны өмнө АПЕК-т элсэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Солонгосын тал 2012 онд Олон улсын ЭКСПО үзэсгэлэнг Ёсү-д зохион байгуулах, 2013-2014 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдох, 2008-2010 онд Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагын зөвлөлийн гишүүн болоход дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Хоёр тал бие биеийн хүсэлтийг анхааралтай судалж үзэхээр тогтов.

16. Монголын тал Зүүн Хойд Азийн хүүхэд залуучуудын уулзалт, Зүүн

Хойд Азийн каллиграфын үзэсгэлэнг Монгол Улсад зохион явуулах санал

тавьсныг Солонгосын тал бүс нутгийн орнуудын соёлын харилцааг өргөжүүлэх,

ирээдүйн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах сайхан боломж гэж үнэлж

дэмжив.

17. Монголын тал Солонгосын хойг болон Зүүн Хойд Азийн бүс нутгийн

энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийи төлөөх БНСУ-ын Засгийн газрын хүч чармайлтыг үнэлж, 6 талт хэлэлцээний 2 дугаар сарын 13-ны тохиролцоог хэрэгжүүлснээр Умард Солонгосын цөмийн асуудал энх тайвны замаар шийдвэрлэгдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

18. Хоёр тал НҮБ зэрэг олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын

ажиллагаагаа бэхжүүлж, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, олон улсын

терроризм, хар тамхи, халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх гэх

мэт дэлхий нийтийн шинжтэй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хамтын

ажиллагаагаа бэхжүүлэхээр тогтов.

19. Хоёр тал энэ удаагийн дээд хэмжээний уулзалт амжилттай болсонд

сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү

айлчлал хоёр орны түншлэлийг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал үйл явдал

болсныг үнэлэв.

2007 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button