Улсын начин С.ЭрхэмбаярБи Буяндорж захирлын ивээл дор явдаг хүн

Гэхдээ тэрээр аавын хүүгийн шийрийг хатааж цагаан сараас хойшхи томоохон барилдаануудад урамтай сайхан барилдаануудыг үзүүлээд байгаа билээ. Ингээд түүнтэй уулзаж наадмын бэлтгэлийнх нь талаар хөөрөлдсөн юм.

Тун удахгүй наадам болох гэж байдаг. Бэлтгэл хэр байна даа?

– Наадмын бэлтгэлд гарах арай болоогүй. Ерөнхийдөө тактикийн суурь бэлтгэлээ хангаад л явж байна. Зургаан сарын 15-наас хойш наадмын бэлтгэлдээ гарна.

Энэ жилийн наадмаар цолоо ахиулах бодол байгаа биз дээ?

– Цолоо ахиулчих бодол байлгүй яах вэ. Урьдынх шигээ сайхан барилдааныг наадамчин олонцоо үзүүлэх болно.

Жилдээ ганц болдог улсын наадмынхаа ногоон дэвжээнд гарахад бөхчүүдэд ямар бодол төрдөг бол. Жишээ нь таны хувьд наадмын өглөө юу бодогддог вэ?

– Улсын баяр наадмынхаа зүлэг ногоон дэвжээндээ зодоглох шиг сайхан зүйл бөх хүнд хаа байх вэ. Гэхдээ бөхчүүд бидний хувьд наадмын барилдаан хариуцлагатай, хэцүү л дээ. Нутаг усныхан маань харж дэмжиж байгаа. Гайгүй сайн барилдаад цолоо ахиулж, цолоо баталчих юмсан гэж л бөхчүүд болгон л боддог. Ер нь баяр наадмаараа цол авчихаад явж байх шиг сайхан юм гэж хаа байх вэ.

Монгол хүн бүр л бөхчүүдээ хайрлаж хүндэтгэдэг. Тэр хайр хүндэтгэлийн сайн сайхан нь юундаа байдаг гэж та боддог вэ?

– Ард түмнийхээ хайр хүндэтгэлийн хүртэж явна гэдэг нь хамгийн сайхан даа. Монгол эр хүний тэвчээр хатуужлыг шалгадаг энэ спортод орсоноор хувьдаа баярлаж явдаг. Багадаа олныг шуугиулсан барилдаантай бөхчүүдийг телевизээр хараад тиймэрхүү сэтгэл донсолгосон уран барилдаантай бөх болчих юмсан гэж боддог байсан. Багаасаа л бусад бөхчүүдийн адил дээл хунараа ураад л, ноцолдоно. Манайх дөрвөн хүү, хоёр охинтой айл. Аав маань барилдах дуртай хүн байсан болохоор дөрвөн хүүгээсээ нэгийг нь бөх болгочих юмсан гэдэг битүүхэн бодолтой явдаг байсан биз ээ. Юутай ч намайг бөх болгохоор сургуульд ороход ихэд дэмжиж урам өгч байсан болохоор аавынхаа тэр их ач тусыг нь хариулчих юмсан гэж их хичээдэг байлаа. Харамсалтай нь аавыгаа амьд сэрүүн байхад нь улсын цол авч чадаагүйдээ жаахан сэтгэл гонсгор явдаг. Би чинь 2003 онд улсын начин болоод, 2006 онд цолоо баталж байгаа нь тэр л дээ.

Таныг бөхийн спортод анх хэн хөтөлж оруулсан бэ?

– Улсын заан Ц.Баярсайхан ээжийн маань төрлийн хүн. Баяраа ах маань л зааж зөвлөж тусалдаг юм. Харин намайг бөхийн спортод оруулсан хүн гэвэл аавын минь сайн найз Хөвсгөл аймгийн харьяат улсын заан Цэнд-Аюуш гуай. Манайхаар орж гарч байхдаа л намайг хараад бөх болох ирээдүйтэй хүүхэд байна гээд 1997 онд Их шавийн дээд сургуульд оруулсан. Их шавийн дээд сургуульд ороод улсын харцага Элбэг багшийн гарын шавь болж өдий зэрэгтэй явж байна даа.

Ингэхэд та чинь Ноёд групп-ээр овоглодог байх аа?

– Тийм ээ. Ноёд групп-ийн бөх гэж явдаг. Анх 2001 онд аймгийн начин болчихоод, Ардын хувсгал-80 жилийн ойгоор улсын начин цол хүртсэн Зоригт ахын мялаалганы наадам дээр очиж барилдсан. Тэр үед л Буяндорж захиралтай танилцсан . Буяндорж ах нутгаасаа ганц хоёр бөх төрүүлмээр байна, манай компаний нэр дээр барилдаач гэдэг санал тавьсан. Тэгээд би нутгийнхаа ахыг түшиж 2001 оноос хойш өдийг хүртэл хамтарч ажиллаж байна даа. Энэ дашрамд Ноёд группийнхээ хамт олонд ажлын өн¬дөр амжилт хүсч та бүхэндээ баярлаж талархаж явдаг шүү гэж хэлмээр байна.

Ингэхэд Ц.Буяндорж захиралтай хэр ойр дотно харилцаатай байдаг вэ?

– Нэг нутгийн ах дүү нар болохоор ойр дотно байлгүй яах вэ. Буяа ах маань урлаг, спортод элэгтэй хүн боло¬хоор их тусалж дэмждэг. Миний хувьд өөр компани нийгэмлэгт харьяаллагддаггүй, ганцхан Буяндорж захирлынхаа л ивээл дор яв¬даг хүн. Нутгийн дүү гэдгээрээ бас бөхөд дуртайн хувьд ганц намайг ч биш Сэлэнгэ аймгийнхаа бөхчүүдийг дэмжиж тусалдаг бөхөд элэгтэй л хүн дээ.

Ц.Буяндорж захирлыг Баянаа аваргын Мэргэжлийн бөхийн хопбооны гишүүн гэдэг. Та ч бас энэ холбоонд харъяалагддаг уу?

– Буяндорж захирал Мэргэжлийн бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Бөхчүүд нам бус гэдэг шиг л хүмүүс шүү дээ. Бид чинь нэг ёсондоо ард түмний өмч гэж явдаг. Хаана л барилдаан болно тэнд очиж барилдаад ард түмнийгээ цэнгүүлэх үүрэгтэй. Ер нь энэ хоёр холбоог тэр энэ гэлтгүй аль алийг нь дэмждэг. Хоёулаа л Монголын үндэсний бөхөө хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Бөхчүүдээ дэмжсэн амьдралыг нь дээшлүүлэх ирээдүйнх нь талаар хийж бодож байгаа зэрэг аль аль нь зүгээр санагддаг.

УГЖ дуучин Т.Ариунаа танай Ноёд групп-ийн тэргүүн хатагтай гэдгийг хүн бүхэн мэднэ. Та хоёр энэ компаниар овоглодог урлаг, спортын хүний хувьд хоорондоо ямар харьцаатай байдаг вэ?

– Өө дотно байлгүй яах вэ. Ариунаа эгч бөхөд их дуртай. Хааяа гайгүй барилдах юм бол баяр хүргэе гээд их дотно байдаг.

Бөхчүүдтэйгээ хэр найзладаг вэ?

– Амартүвшин, Ганхуяг, Сүхбаатар Амараа, гээд л найзууд бий. Нутгийнхаа болон, үеийнхээ бөхчүүдтэй ойр дотно яриа хөөрөөтэй явдаг даа. Манай Сэлэнгэ аймгийнхан сайн сайн бөхийн удамтай болоод ч тэрүү бөхчүүдээ их хүндэлдэг. Сэлэнгэ аймгийнхан маань бөхчүүдээ санхүүжүүлээд нэг гал болгоод бэлтгэлд гаргаж байгаа. Энэ нь ирээдүйн залуу бөхчүүдээ дэмжиж байгаа нэг ёсны том хөрөнгө оруулалт болохоор бид их баяртай байгаа. Тиймээс ч бэлтгэл сургуулилтандаа анхаарч нутаг усныхаа нэрийг бодож гайгүй барилдчих юмсан гэсэн бо¬дол өвөрлөж явна даа.

Хүмүүс (20/420)

Л. Цэцэгжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button