Ц.Даваадорж сайд ангийнхныгаа албан тушаалаар мялаасан уу

Учир нь тэрбээр яамныхаа харьяа байгууллагуудын зарим удирдах албан тушаалтанг өөрийн хүнээр солих ажил өрнүүлж байна. Сайдын халаа сэлгээг 10.а ангийнхныг албан тушаалаар мялаах нь хэмээн нэрлэсэн талаар ярилцах болж. Ц.Даваадорж сайд 23 дугаар сургуулийг хамт төгссөн зарим найзаа албан тушаалд томилж байгаагаас энэ нэр томьёо үүдэлтэй гэнэ. Тухайлбал, тус яамны Тамгын газрын даргаар нэг ангийн Т.Цогийг томилжээ. Кадастрын албаны дарга С.Ганбаатарыг тушаал бууруулан орлогч болгож түүний оронд мөн 10а-гийн н.Батмандах очоод байна. Тамгын газрын өмнөх даргаар Баярсайхан гэгч ажиллаж байсан. Түүнийг өмнөх сайд Б.Жаргалсайхан томилж байсан юм билээ. Шинэ дарга нь Төрийн өмчийн хороонд уул, уурхайн салбар хариуцаж байсан нэгэн. Харин Кадастрын албаны шинэ дарга Батмандах өмнө нь шоронд харгалзагч хийдэг байсан хэмээн эх сурвалжууд ярьж байгаа. Энэ эрхэм ажлаа хүлээж авах гэж их л яарсан гэх. Тиймээс С.Ганбаатараас тамга, ширээгээ хүлээж аваагүй байж өрөөндөө ороод суучихсан гэж ойрын эх сурвалжууд мэдээлж буй. ҮХЯ-ны Хэвлэл, мэдээллийн албаны дарга М.Батмөнхөөс халаа сэлгээний талаар тодруулахад Тамгын газрын өмнөх дарга Баярсайхан Циартминериал-д хийсэн шалгалтын дүнг хоёр янзаар гаргаж ажилдаа хариуцлагагүй хандсан.
Терийн алба хашиж байгаа хүн Ч.Улаан гишүүнийг буруутай, буруугүй гэсэн хоёр өөр дүгнэлт гаргаад сууж байж болохгүй биз дээ. Тиймээс Ц.Даваадорж сайд тушаал гаргаж түүнийг ажлаас нь чөлөөлж Т.Цог гэж хүнийг оронд нь томилжээ. Энэ хүн ТӨХ-нд уул уурхайн салбар хариуцан ажиллаж байсан туршлагатай нэгэн. Сайдтай нэг ангид сурч байсан гэдгийг нь сонссон. Гэхдээ яагаад болохгүй гэж. Харин ч багаас бие биенээ сайн мэдэх болохоор удирдаад явахад хялбар биз. Кадастрын албаны дарга н.Батмандахыг харин сайд томилоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Дээрх албан тушаалд түүнийг томилогдсон гэдгийг би нэг сонины өнгөрсен баасан гаригийн дугаараас уншиж мэдсэн. Ажлаа хүлээлцээгүй байж өрөөнд нь ороод суучихсан гэдэгт эргэлзэж байна. Яамнаас тушаал гарсны дараа ажлынхаа ерөөнд очсон байх гэлээ.
Нийгмийн толь 124 (216)