УИХ-ын гишүүн Ч.Улаан Намынхаа нэр хүндийг унагахгүйгээр Нямдоржийн асуудлыг шийдмээр байна

Үнэн мөнийг тогтоох нь чухал байна, надад хэн нэгнийг яллуулж шийтгүүлэх зорилго байхгүй.
-ҮХЦ-ээс УИХ-ын даргыг огцруулах шийдвэр гаргалаа. Уг нь УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийг дутуу ажлаа хийлээ гээд байсан. Хүссэн юм хүзүүгээр татна гэдэг л боллоо. Одоо яах вэ?
-УИХ дээр тэгж яригдаж байсан. Зөв бурууг би шүүхгүй. Өнөөдөр манай намын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авлаа. Бүлгийн хүрээнд ул суурьтай ярилцах байх. Нэгэнт.ҮХЦ ийм дүгнэлт гаргаж байгаа болохоор үүнийг нухацтай ярих ёстой.
-Одоохондоо бүлэг хуралдахгүй байна. Яагаад цаг алдаад байгаа юм бэ?
-Яагаад гэдгийг мэдэхгүй байна. Тодорхой хэмжээний бэлтгэл хийгдэж байгаа байлгүй. Завсарлага авсан хугацаанд бүлгийн удирдлагууд асуудлаа ярилцаад нэгдсэн байр суурьтай болж хуралдаандаа орох байх.
-МАХН сүүлийн үед их асуудалтай болж. Намын рейтинг нь их унаж байгаа. Та нарийн бичгийн даргын хувьд юу бодож байна?
-Орон тооны бус нарийн бичгийн дарга хүн шүү дээ. Тиймээс эрхэлж байгаа ажил үүрэгтэй холбоотойгоор намынхаа ажилд оролцоно. Намын бодлого тодорхойлох үйл ажиллагаа, зохион байгуулах ажилд оролцолгүй яахав. Энэ бидний үүрэг. Сүүлийн үед намын рейтинг буурч байгаад бид санаа зовж байна. Юунаас болж байна гэдэгт ул суурьтай дүгнэлт хийх зайлшгүй шаардлага үүссэн. Ер нь аливаа улс төрийн хүчин сонгуульд оролцохдоо ялалт байгуулж, суудлын тоог нэмэхийн төлөө оролцдог. Ирэх оны УИХ-ын сонгууль ойртож байна. Тийм учраас сонгуульдаа бэлтгэх, намынхаа ажлыг сайжруулах. гишүүд дэмжигчдийнхээ идэвхийг өрнүүлэх чиглэлд анхаарал тавих ёстой. Тийм ч учраас намын гишүүдийн дунд өргөн хэлэлцүүлэг явуулж байна.
-Сүүлийн үед Ерөнхийлөгчийн өрөөгөөр их орж гарч яваа харагддаг?
-Үндэсний хөгжлийн цогц бодлогын асуудлыг Ерөнхийлөгч өргөн барих гэж байгаа. Энэ ажлын хэсэгт анхнаас нь би орж ажилласан. Нэгдсэн саналыг боловсруулж эцсийн хувилбар гаргах ажлын хэсэг томилогдоход надаар ахлуулсан. Тийм учраас л бид байнга уулзалдаж байна. Ерөнхийлөгч ирэх долоо хоногт БНСУ руу айлчлалаар явна. Түүний өмнө уг асуудлыг их хуралд өргөн барихаар бэлтгэгдэж байгаа учраас уулзах шаардлага их гарч байна.
-Та намын дарга, Ерөнхий сайд М.Энхболдын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлдэг. Одоо ямар байгаа бол?
-Би энэ Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг, ажил төрөл нь сайн байгаасай гэдэг үүднээс ил тод хэлдэг. Урьд ийм бүтцээр цаашдаа ажиллахад хэцүү гэж удаа дараа саналаа хэлж байсан. Яахав саяхан Засгийн газарт тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлт хийлээ. Шинэ сайдууд томилогдсоноор Засгийн газрын үйл ажиллагаа сайжрах байх гэсэн хүлээлт бий болж байна. НХХЯ, ЭМЯ-ны сайд шинээр томилогдлоо. Өмнөхөөсөө их өөрчлөлт гарах болов уу гэж найдаж, Засгийн газрын үйл ажиллагаа эрчимжих байх гэж хүлээж байна. Ялангуяа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэл рүү эрчимтэй юм хийгээсэй гэж хүсч байна. Ерөнхий сайдын захирамжаар бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилогдсон. Эд маань нэлээд идэвхтэй сайн хөөцөлдөж ажиллаж байна. Эд бүгд нааштай, сэтгэл зөөллөж байна. Энэ жил гүйцэтгэлд хяналт тавих тал дээр ахиц өөрчлөлт гарч байна. Сайн талыг нь дэмжиж, дутуу дулимаг хийж байгаа юм байвал шүүмжилнэ. Тэрийг сандал ширээнд нь санаархлаа гэж ойлгож болохгүй. Ил хэлж байгаа бол тэр хүн сайн санаж байгаа хэрэг. Олны өмнө хэлнэ гэдэг хариуцлага, зүгээр нэг яллах гэж шүүмжлээгүй. Дутагдал байвал хэлээд, засах арга замыг нь заагаад санал онол дэвшүүлж байгаа явдал бол ажил төрлийн хэвийн харьцаа. Харин ил хэлдэггүй, далдуур шивэр авир яриад байвал харин энэ алсдаа хортой.
-УИХ-ын дарга Ц.Нямдоржийг Ерөнхийлөгчтэй муудалцаад, эцсийн эцэст огцрох боллоо гэдэг?
-Хүмүүс янз бүрээр л хэлдэг. Би тэгж бодохгүй байна Асуудалд тэгж өнгөцхөн хандаж болохгүй. Зүгээр нэг хоёр хүний хоорондын харьцаанаас болоод төрийн институциудын үйл ажиллагаанд нөлөөлөөд, ийм шийдвэр гарлаа гэж дүгнэж болохгүй. Тийм байх ч ёсгүй. Нэгэнт хуулиараа олгогдсон эрх үүрэгтэй төрийн институтууд тэр үүргээ л хэрэгжүүлэх ёстой.
-УИХ-ын даргыг огцрох сургаар зарим хүмүүс их баяртай байна?
-Нямдорж дарга бид хоёр олон жил хамт ажиллаж байна. Хоёр Засгийн газар дамжиж ажиллаж үзлээ. Ажлын төлөө сайдах, муудах явдал зөндөө л байдаг. Тэглээ гээд бие биедээ муу санаад ч байдаг улс биш. Сүүлийн арав гаруй жил хамт ажиллалаа. Ажлын төлөө л хатуу ширүүн үг хэлээд зүтгэж байдаг хүн. Яаж энэ байдлаас хуулийн дагуу, ажлын эрх ашгийг хохироохгүйгээр, намынхаа нэр хүндийг бууруулахгүйгээр оновчтой шийдлийг олох вэ гэдгийг бодох ёстой байх. Хуулийн дагуу УИХ-аар санал хураалт явуулж шийдэх учиртай. Огцруулахгүй гэж олонхи нь үзээд үлдэж болно.
-Тэгвэл ҮХЦ хэн болж таарах вэ?
-Тэрийг урьдчилж хэлэхэд хэцүү байна.
Сэрүүлэг