Ц.Нямдорж Хохирогчийн талд асуудлыг шийдэх нь шударга ёсонд арай ойртоно

Байнгын хорооны гурван ч хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг ийн үргэлжлүүлж буй юм. Гэхдээ өчигдрийн хурлаар мөн л эцэслэж чадсангүй. Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд заасан санаа сэтгэл цочрон давчидсаны улмаас хүний амь хөнөөсөн бол тав хүртэл жилийн хорих ялыг өөрчлөх УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхний санал гишүүдийн дунд нэлээд маргаан дэгдээсэн юм. Ажлын хэсэг уг зүйл ангид хамаарах гэмт хэрэг үйлдсэн бол ялгүй болгох санаа оруулж ирсэн байна. УИХ-ын хуульч голдуу гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нар энэ саналыг эсэргүүцлээ.

Ц.Нямдорж дарга Хүний амь үнэгүйдэх нь. Энэ зүйл ангийг бүхэлд нь хасвал гарах сөрөг үр дагавар их гэв. Хүн амины хэргийг зөөлрүүлж үзэх хэд хэдэн шалтгааны нэг нь санаа сэтгэл цочрон давчидсаны улмаас үйлдсэн хэрэг гэдгийг УИХ-ын дарга онцлоод энэ зүйлийг хасвал ийм хэрэг үйлдсэн хүнийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги буюу хүний амь насыг санаатай хөнөөсөн гэсэн зүйлээр ял төлөвлөх нөхцөл гарч ирж байгааг анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, санаа сэтгэл цочрон давчидсаны улмаас хүний амь хөнөөвөл ямар ч ял авахгүй байх эсвэл хүний амийг санаатай хөнөөсөн гэсэн зүйлээр ял сонсох болох нь. Д.Лүндээжанцан гишүүн Эрүүгийн хуулиас 93 дугаар зүйл ангийг хасвал хүн амины хэрэг нэмэгдэж магадгүй гэж болгоомжлов. Хуулийн төсөл санаачлагч, ажлын хэсгийн ахлагч Ц.Шаравдож харин эсрэг саналтай байлаа. Хэрэгт холбогдсон хүнд ашигтайгаар асуудалд хандах ёстой гэж тэрээр хэлнэ лээ. Гишүүд санаа сэтгэл цочрон давчидсаны улмаас гэдгийг хэрхэн тодорхойлох талаар бас санал зөрүүтэй байв.

Энэ заалт хэр хохиролтой талаар Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Батсайханаас тайлбар авлаа. Тэрээр Уг заалтыг хэвээр нь үлдээхэд хүн хохирох зүйл байхгүй гэсэн юм. Ц.Нямдорж дарга Монголын төр хохирсон хүний төлөө юм хийхээ больчихсон, тэдэнд дэндүү халтай төр боллоо гэсэн хатуу үгийг ч унагаж байв. Мөн хохирсон хүний талд асуудлыг шийдэх нь шударга ёсонд арай ойртоно хэмээсэн юм. Эцэст нь АН-ынхан уг асуудлыг дахин авч үзэхээр Байнгын хорооны хурлаас завсарлага авлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button