Шалгалтаас хоцорвол дахин орох эрхгүй

Ингэхдээ манай улсын НХХЯ-ны Хөдөлмөр бодлого зохицуулалтын газрын дарга Т.Энхтуяатай хамт ирсэн ч харамсалтай нь тэрээр манай мэдлийн асуудал гэж бараг байхгүй шүү хэмээн сэтгүүлчдэд учирлаж харагдсан. Уг хурал дээр дараахь зүйлийг ярилаа. Хурлын гол зорилго зургадугаар сарын 3-нд солонгос хэлний төвшин тогтоох шалгалт эхэлж байгаатай холбогдуулан бүртгүүлсэн иргэд ямар шугамаар хэлний шалгалт өгөх тухай байв. Солонгосын Хөдөлмөрийн яамны мэргэжилтний тайлбарлаж байгаагаар бол, өнгөрсөн хугацаанд бүртгүүлсэн монгол иргэдээс 95 хүн бичиг баримтын зөрчилтэй, нас хэтэрсэн гэсэн шалтгаан байгаа тул шалгалтад оруулахгүй болсон. Бусад хүн шалгалтад орно, үүнээс 70 хувь нь тэнцэх боломжтой. Шалгалтыг товлосон өдрийнхөө өглөө 9.00-15.00 цагийн хооронд хоёр хувааж авна. Солонгос хэлний мэдлэгээ шалгуулах гэж буй иргэд товлосон цагаасаа 30 минутын өмнө ирсэн байхыг албан ёсоор сануулж байна.

Бүртгүүлсэн иргэд ШУТИС 3120, Улаанбаатар дээд сургууль 2800, Боловсролын их сургууль 1800, нийслэлийн 84 дүгээр дунд сургууль 1720, МУИС 1500, нийслэлийн хоёрдугаар дунд сургууль 1480, Хүмүүнлэгийн их сургууль 1320, Эрэл сургууль дээр хуваарилсан тооны дагуу очих ёстой.

Шалгалтаас хоцорвол Солонгос руу явж чадахгүй, дахиж шалгалтад орох эрх хаагдана. Монголчуудаас авсан шалгалтын материалыг зургадугаар сарын 4-нд Солонгос руу явуулна. Хариу нь зургадугаар сарын 25-нд ирэх бөгөөд шалгалтад тэнцсэн эсэхээ харьяа дүүргийнхээ нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс авна гэв.

Солонгос төлөөлөгчөөс сэтгүүлчид сонирхсон асуултаа тавихад тэрээр би ердөө гурван асуултад хариулна гэсэн. Түүнээс дараахь гурван асуултад хариу авав.

-Солонгосууд Монголд үйл ажиллагаа явуулж иргэдээс мөнгө авсан хэрнээ яагаад татвар төлөхөөс зугтаагаад байгаа юм бэ?

-Манайх ашгийн бус байгууллага, татвар төлөхгүй тийм ёс байхгүй. Бид бусад оронд ч татвар төлдөггүй.

-Тэгвэл бүртгүүлсэн иргэдийн мөнгийг юунд зарцуулж байгаа вэ?

-Бүртгэлд зориулж байна.

-Яг хэчнээн төгрөг болсон бэ. Зарим албаны хүмүүс 15 мянгаас илүү хүн бүртгэсэн гэж байна. Энэ үнэн үү?

-Хэдэн төгрөг цугларсныг хэлэх боломжгүй, манай дотоод асуудал. Эмэгтэйчүүдийн бүртгэл дээр бага зэрэг зөрүү бий. Солонгосын Хөдөлмөрийн яамны албаны хүн манай иргэдэд зориулж ердөө ийм л мэдээлэл өгч байна.

Бүртгүүлсэн иргэдийн сонирхсон олон асуулт хариултгүй үлдлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button