БААБАР Нас л хүрдэг юм бол их зүйл хийхээр төлөвлөсөн

Та айдаггүй юу?
-1978 онд Солжницын Худал хуурмаггүйгээр амьдрах нь гэдэг зохиолыг орчуулаад гар бичмэлээр тарааж байж баригдаад хэрэгт орж байсан. Тэр үед үйлчилж байсан хуулиар намайг буруутгадаг нь тэр үедээ зөв байх л даа. Гол нь би залуугаасаа чөлөөт сэтгэлгээний үзэл бодолтон байсан хэрэг. 1990 оны хувьсгал ийм бололцоо гаргасан учраас би өөртөө эрх чөлөө олох гэж л оролцсон юм. Би үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэхийн төлөө л тэмцсэн. Тэрнийгээ ч олсон. Одоо юунаасаа айдаг юм. Бүх насаараа шахам тэмцэж олсон тэр эрх чөлөөнөөсөө одоо би татгалзах гэж үү.
Шашин шүтэх, нэр төрөө хамгаалах гээд олон эрх чөлөөний тухай ярьдаг. Яг нарийн ангилаад төстэйг нь нэгтгээд үзэх юм бол хоёрхон л эрх чөлөө байдаг юм шүү дээ. Зөв тодорхойлж чадах юм бол. Эхнийх нь хүн өөрийн үзэл бодолтой байх. Шашин шүтлэг, итгэл үнэмшил, хүмүүжил энэ тэрээсээ хамаараад хүн ямар ч үзэл бодолтой байж болно. Хүн өөрийн үзэлтэй байх эрх гэж томъёолно. Хоёр дахь нь өөрт буй үзэл бодлоо гадагш гарган илэрхийлэх эрх чөлөө. Yг хэлэх, эвлэлдэн нэгдэх, эсэргүүцлээ тайван байдлаар илэрхийлэх, хэвлэн нийтлэх гэх мэт. Харин үзэл бодлоо илэрхийлж байна гээд бусдын эрх ашгийг хөндөж болохгүй. Миний үзэл бодол энэ гээд бусдыг зодоод унаж болохгүй биз дээ.
-Таны нийтлэлд дурдагдаж буй хүмүүс жирийн сэтгүүлч биш Баабар бичээд байгаа болохоор танд халдаж чаддаггүй юм шиг …?
-Манайд эрх чөлөөний ойлголт бүрэн төлөвшөөгүй байна л даа. Хоёрт, өөрийгөө илэрхийлж байна гээд хүнийг их гүтгэж байна шүү дээ. Энэ чинь эрх чөлөөгөө илэрхийлж байгаа хэрэг биш. Нэг талаас эрх чөлөө хязгааргүй. Гэхдээ нөгөө талаас бусдын эрх ашиг гэсэн хязгаар бий. Фридман их гоё тодорхойлсон байдаг юм. Чи гараа чөлөөтэй сунгаж болно. Харин сунгасан гар чинь бусдын эрүүнд хүрэлгүй зогсч байх ёстой. Yүгээр л таны эрх чөлөө хязгаарлагдана гэж. Тэгэхээр хүн гүтгэх, хүний нэр төрийг сэвтүүлэх, зориудаар доромжлох зэрэг нь бусад хүний эрх ашиг руу орчихно шүү дээ.
-Тэгэхээр танд баримт байгаа болохоор уу?
-Бий. Байгаа болоод л бичдэг. Би бичсэн үг, цэг, таслал бүрийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Хэрэв бичиж байгаа нь энэ гээд бусдын эрхэнд халдсан бол хуульд заасан хариуцлагаа үүрнэ. Ер нь бүгд л тийм л байх ёстой. Бичиглээч нэрээ нууж болохгүй. Хүний нэрээр бичиж болохгүй. Чөлөөт ардчилсан нийгэм гэдэг чинь хүн болгон өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээж байх ёстой.
-Гэхдээ таны бичсэн зүйлээс чинь болоод хяхаж хавчиж байсан тохиолдол байгаагүй гэж үү?
-Тиймэрхүү зүйл алхам тутамд гардаг. Гэхдээ тэр нь дургүйцэл, үзэн ядалтаар илэрдэг. Шуудаар халдахгүй л дээ. Надад хамаагүй халдах хэцүү шүү дээ. Уг нь бол ардчилсан нийгэмд хүн болгон ийм эрхтэй. Гэтэл тэр эрхийг жишээ нь би эдэлж чадаж байхад олон бичигчид чадахгүй байна.
-Та Сангийн сайдын албан тушаалыг авахдаа ард түмний өмнө хүлээх хариуцлагаас айж байсан уу?
-Хариуцлагыг нь ухамсарласан болоод л авсан байж таарна даа. Тэр албанд очоод Монголын шилжилтийн үеийн эдийн засгийн хамгийн түлхүүр асуудлын нэгийг шийдэж чадсан. Би санхүүгийн системийг зассан. Шилжилтийн эдийн засагт хамгийн түрүүнд хийх ёстой зүйлийн нэг бол санхүүгийн системийн шинэчлэл байдаг юм байна. Бид үүнийг 1990 онд хийгээгүй. 1991 онд банкны системийг хоёр шатлалтай болгож хаячихаад тэр чигээр нь орхисон. Ингээд л дандаа улсын мэдлийн арилжааны банкууд үүссэн. Бүгд дампуурсан даа. Аргагүй шүү дээ улсынх юм чинь. Зөвхөн тэндээс 1996 он хүртэлх хугацаанд 100 орчим сая доллар огт сураггүй алга болсон. Энэ бүхнийг би нэр төрөөрөө дэнчин тавьж байж зассан, бүрэн цэвэрлэсэн. Ингээд 2000 онд дараагийн Засгийн газар бүрэн цэвэрлэгдэж, эрүүлжсэн банк санхүүгийн системийг гардаж авсан шүү дээ. Өнөөдөр хэн нэг нь банкин дээр гүйж очоод хөгшөөн, танайхаас хэдэн төгрөгийн зээл авчихъя. Өөрт чинь 10 хувийг нь бэлнээр өгнө гээд яваад бүтэх үү, үгүй юу. Тэр үед чинь хавтгай тийм байсан шүү дээ. Би тэрнийг зассан. Улсын мэдлийн бараг хамгийн сүүлчийн банкин дээр луйвар гарсан байсныг илрүүлж хариуцаж байсан хүмүүсийг нь цагдаад өгсөн. Өнөөдөр шилжилт, шинэчлэлийг хэрхэн хийсэн тухай хэд хэдэн номонд миний хийсэн зүйлийг амжилтын жишээнд оруулж бичсэн байдаг юм. Сурах бичигт хүртэл орсон. Монголд байсан буруу өвчтэй тогтолцоог ингэж шинэчилж, эрүүлжүүлсэн байна гээд. Тийм учраас би үүнийг өөрийн амьдралд хийсэн нэг том бахархал гэж боддог. Би хэчнээн ч удаа гүтгүүлж, хараалгуулж, загнасан ч гэлээ эцсийн бүлэгт эцсийн үр дүн л хэрэгтэй шүү дээ. Эцсийн үр дүнд бол би энэ улсад сайн л юм хийж өгсөн. Улсын мэдлийн арилжааны банк байж болдоггүйн сүүлийн жишээ одоо шуугиад байгаа Хадгаламж банк байна шүү дээ.
-Та нэг ярилцлагандаа Улс төрийн ажилд нэг хэсэг оролцож явлаа. Одоо бараг улс төрөөр оролдохгүй дээ. Харин би Монголын улс төрд үлдэхүйц юмаа хийсэн гэж хариулсан байсан. Монголын улс төрд үлдэхүйц юм хийсэн гэдэг нь банкны системийн шинэчлэлийг хэлж байна уу?
-Yүнээс өмнө чөлөөт, ардчилсан нийгмийг бий болгоход би олон зүйлийг хийсэн, 1990-1993 онд Монголын социал демократ намын анхны дарга байсан. УИХ-ын гишүүн байхдаа Монголын батлах хамгаалах тогтоцыг өөрчлөн шинэчлэх ажлыг удирдаж хийсэн. Цэргийн номлол, батлан хамгаалах зарчим маань үндсээрээ өөр болсон шүү дээ. Хүйтэн дайны үеийн сөргөлдөгч хоёр хүчний нэгнийнх нь хавсрага байсан тогтоц номлол үндсээрээ өөрчлөгдсөн хэрэг.
-Та Сангийн сайд байхдаа Төрийн махны машин ажиллаж эхэллээ гээд хүмүүсээс бэлгэнд авсан эд зүйлсээ хураалгаж байсан. Тухайн үед тэр үйлдлийг харахад жаахан хэтрүүлж буй мэт санагдаж байсан л даа. Та тэр үйлдлээрээ юуг хэлэх гэсэн юм бэ?
-Хэтрүүлсэн юм байхгүй хүмүүс намайг нэг муу үзэг буцааж өгсөн, энэ тэр гэж ярьдаг. Тэр үеийн ханшаар би хоёр сая төгрөгийн зүйлс улсад тушаасан. Би энэ үйлдлээрээ бусдыг уриалсан юм. Бидэнд дагаж мөрдөх ёстой хууль байна. Цалингаасаа хэтэрсэн бэлэг авбал буцааж өгөх, эсвэл илүү гарсан хэмжээний төлбөрийг нь улсад тушаах хүчинтэй үйлчилж байгаа хууль бий. Яагаад энэ хуулийг хэн ч биелүүлдэггүй юм бэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд авсан бэлгээ улсад тушаалаа гэж ер сонсоогүй юм байна.
-Польш, Орос, Английн сургуульд ямар шугмаар суралцаж байсан бэ? Хувиараа юу эсвэл?
-Улсын зардлаар сурч байсан. Харин Англид нэг сангийн зардлаар сурч байсан юм.
-Дээрх улс орнуудад сурч, амьдарч, хүмүүстэй харилцаж, ном сонин уншиж, зурагт, кино үзэж байсан нь таны хошин шогийн мэдрэмжийг хөгжүүлсэн байх л даа.
-Хөгжүүлэлгүй яахав. Англичууд бол хар хошин шог (black humour) сайтай хүмүүс. Тэдний дээр гарах хүмүүс бол ганцхан жүүдүүд. Америкт жүүдүүдийн хошин шогийн бие даасан суваг байдаг. Англи хэлээр гардаг. Гэхдээ тун цөөн хүн үзнэ. Учир нь онигоог ойлгохгүй байх нь тухайн хүнд гүн эмзэглэл төрүүлдэг байна л даа. Харин ойлгож чаддаггүй хүмүүс нь маш амтархан үздэг. Зэрэгцэж суугаа хоёр хүний нэг нь учиргүй инээгээд байхад нөгөөх нь инээхгүй бол дутуу төрчихсөн юм шиг санагдана шүү дээ. Англичуудын хошин шогийг германчууд ойлгодоггүй. Түүхэндээ германчууд байлдаад Английг нэг ч дийлж үзээгүй. Герман эдийн засгийн чадавхиараа Англиас илүү гарсан ч ядаж онигоог нь ойлгодоггүй. Yүнээсээ болж германчууд англичуудаас дутуу төрчихсөн юм шиг тийм эвгүй байдалд ордог байна л даа. Ихэнх улсуудад герман чууд их дээрэлхүү шүү дээ. Гэтэл Англичуудаас нэг л гэрэвшиж, нэрэлхсэн шинжтэй байдаг.
-Таныг түүхч гэдэг. Зохиолчийн үзэл бодол шингэсэн бүтээл, он цагийн дарааллаар бичсэн бүтээл хоёрын ялгаа юу вэ?
-Түүх ихэнх тохиолдолд он цагийн дарааллаар бичигдэж ирсэн. Хятадын түүх маш олон мянган жилийн уламжлалтай. Бичиг үсэгтэй болсон цагаасаа төрийнхөө түүхийг бичиж эхэлсэн улс. Тэр түүх нь дандаа хронологи маягаар бичигдсэн байдаг. Харин түүхийн баримтад түшиглэж дүн шинжилгээ, анализ, судалгаа хийж тэдгээр баримтын учир шалтгааныг тайлах, таамаг дэвшүүлэх нь хронологиос ондоо. Анх Монголын түүхийг Персийн Рашид Ад Дин ийм хэлбэрээр бичсэн байдаг. Ер нь түүнийг универсал түүх бичлэгийн эхлэлийг тавьсан гэж үздэг. Дараа нь Арнольд Томби, түүний дараа Германы Освальд Шпэнглер гэдэг хүмүүс түүхийг шинжлэн ухаанжуулж, түүхийн логик гэдгийг бий болгосон. Иргэншил гэж ийм юм, иймийг нь соёлд хамааруулна гэх мэт ерөнхий нэг загварт оруулж өгсөн. Улмаар түүх цааш бичигдэхдээ бичлэгийн хэлбэр нь өөрчлөгдөн хувирч, хүн төрөлхтний түүхийн логиктой уялдаад, бичлэг нь уран сайхны хэлбэртэй болоод явчихсан юм.
Надад их олон түүхчид гомддог юм. Би чинь биохимийн мэргэжлийн хүн. Шашныхан, түүхчид, эдийн засагчид, хуульчид намайг өөрсдийнх нь эзэмшсэн сайхан мэргэжлийг нь булаагаад авчихлаа гэж гоморхдог. Яг үнэндээ бол тэгээд байгаа юм биш. Дээр дурдсан судлалууд бүгд нийгмийн шинжлэх ухаан. Хууль гэхэд л дотроо эрүү, эрх, өмгөөлөл гээд зөндөө задарна. Гэтэл эрхийн шинжлэх ухаан нь ерөнхий төвшиндөө эдийн засаг, логик, социологигүйгээр цогц болж чадахгүй. Yүнээс гадна эрх зүй бол урлаг. Энэ бүгд чинь нэг талаасаа философийн судлал болж байгаа юм. Аливаа нийгмийн шинжлэх ухааныг философи өнцгөөс нь харж чадахгүй бол төгс болж чадахгүй. Нэг үгэндээ хууль чинь эргээд философи болдог байхгүй юу. Монтэскю Хуулийн амин сүнс гэж алдарт бүтээл туурвисан. Тэр философи бичсэн болохоос биш хүн зодвол тэдэн жилээр шийтгэх нь зүйтэй, эсвэл өмгөөлж байгаа компанидаа тэгж хандаарай гэх мэт юм бичээгүй шүү дээ. Хуулийн амин сүнс нь философи. Тэгэхээр Монтэскюг хуульч гэх үү философич гэх үү. Гэтэл энэ хорвоо дээр философичийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль хаана ч байхгүй. Их л бодож философийн багш бэлтгэдэг. Гэтэл философи гэдэг маань хүнээс төрж бий болдог юм. Би түүхийг бичихдээ хууль, түүх, эдийн засаг гэх мэт нийгмийн шинжлэх ухааныг философи өнцгөөс нь харж ерөнхийлөн буюу том зургаар нь холбож, түүхэн үйл явдлын хоорондын холбоо, логикийг судлаж, ямар байсан, ямар байх ёстой байв, ямар алдаа байж вэ гэдэг талаас нь бичдэг болохоос биш архивт ороод л Аан … ийм юм болсон юм бий гээд л байгаа юм байхгүй шүү дээ. Архивт байгаа баримтуудыг аваад дэс дараалал, замбараа, логиктой болгоно гэдэг чинь шал өөр ажил. ХХ зууны хамгийн том философичдын нэг Карл Поппер гэж хүн байлаа. Онолын физикч хүн шүү дээ.
-Талы бүрийн мэдлэгтэй хүнийг л философич гэж ойлгож болох уу?
-Философич хүнийг ихэнх тохиолдолд өнгөрсөн хойно нь хүлээн зөвшөөрдөг. Философичийг хүлээн зөвшөөрдөг болохоос ийм мэргэжил олгодоггүй юм. Түүх л үүнийг гаргаж ирнэ. Жишээлбэл, Марск бол философич байжээ гэж хожим ярих болсон. Хэн ч түүнийг амьд сэрүүнд нь тэгж хэлээгүй ч хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн том философичийн нэг. Ер нь бол аливаа үзэгдлийг том зургаар хараад, түүнээ задлан шинжилж дүгнэлт гаргавал философи болохоос тал бүрийн мэдээллийг бол энциклопед гэдэг байхаа.
-Монголчууд Нүүдэл Суудал номыг бичихэд хэдий хэмжээний зардал гарсан бэ?
-Тэр зардлыг чинь яаж үнэлж, хэмжих юм бэ. Ойролцоогоор 10 эх материал дундаас нэг ишлэл авна. Тэгэхээр 1300 гаруй ишлэл түүж авахын тулд 10-20 мянган материал шүүж уншсан байна шүү дээ. Тэр зардлыг яаж тооцохов. Зөвхөн цахилгаан, дулааны үнээр тооцох уу. Би голдуу шөнийн 12 цагаас өглөөний найм цагийн хооронд бичиж байлаа. Миний бахархаж байгаа зүйл юу вэ гэвэл би өөрийнхөө зардлаар, өөрөө бүх эрсдлээ үүрээд, өөрөө зах зээл дээрээ ажилласанд байгаа юм. Нийгэм ийм л байх ёстой. Тэгэхэд чинь улс баахан мөнгө гаргаад, өчнөөн боть ном хэвлүүлээд, дараа нь нөгөөдүүлээ худалдаж аваад, номын сандаа улс өөрөө шахаад мөн ч сайхан бизнес явах юмаа. Нэг хармаанаасаа хулгай хийгээд нөгөө хармаа руугаа сэмхэн хийгээд байгаа хэрэг юмуу даа. Ийм механизмтай байхад сайн бүтээл гарах уу. Бололцоогүй зүйл. Тиймээс төр юунд оролцох ёстой, оролцох ёсгүйгээ мэдэх ёстой. Өөрийнхөө түүхийг өөрөө захиалж мөнгө төлж байгаад зохиолгуулж байдаг төр ёстой Сталин, Гитлерын үед л байсан байх. Их Монгол улсын ойн хүрээнд баахан ном хэвлэлээ. Улс өөрөө мөнгийг нь төлөөд л, өөрөө худалдаж аваад л. Ёстой нөгөө monkey business (сармагчингийн бизнес) гээч л тэр байх.
-Таныг найзууд тань тун олон талын мэдлэгтэй гэдэг юм билээ. Энэ хэмжээний мэдлэгтэй болоход танд юу туслав? Хүнд өссөн орчин их нөлөөлдөг гэж ярьдаг.
-Манай аав эрдэмтэн хүн. Гэхдээ 16 нас хүртлээ мал маллаж байгаад ирсэн тул яг хотын хүн гэж хэлэхэд хэцүү. Ээж маань бас 10 нас хүртлээ хөдөө мал дээр байж байгаад хот орж ирсэн. 1950-иад оны үед хөдөөнөөс хот руу орж ирэн хотын иргэн болж шүү дээ. Тэр л үед би төрж өссөн 1960-аад оны 120 мянгатын хүүхэд. Тиймээс надад үеийнхнээсээ ялгараад байх онцлог үгүй болов уу. Дундаж сэхээтний л хүүхэд. Орос сургуульд сурч байсан юм байхгүй.
-Та ном, нийтлэл бичихдээ маш олон мэдээллийн эх үүсвэрээс дурдсан байдаг. Энэ бүхнийг та хаанаас олдог вэ. Бэлэн эх үүсвэрээс авдаг уу эсвэл өөрөө дүн шинжилгээ, судалгаа, анализ хийж байж гаргаж ирдэг үү?
-Нэгд би унших маш сайн чадвартай. Маш хурдан уншдаг. Жорлонд ороод суухад нэг ном уншчихаад л гараад ирнэ. Номыг би гүйлгэж уншдаггүй. Талбайгаар нь уншдаг. За тэр яахав. Олж мэдэж байгаа, уншиж үзэж байгаа мэдээлэл чинь системтэй байхгүй бол өөрт чинь ямар ч нэмэр болохгүй. Ингэж чадахгүй бол олж авсан мэдлэгээс чинь юу ч үлдэхгүй. Дээр нь түүнийгээ хэзээ ч ашиглаж чадахгүй. Компьютертэй адилхан. Хэрэв компьютерт мэдээллээ эмх замбараатай, зөв системчлэн хадгалсан бол хайж буй мэдээллээ төвөггүй олж, ашиглана. Тухайн файланд ямар нэр өгснөө санахгүй, ангилж ялгаагүй бол хайгаад давхичихна, бараг олдохгүй дээ. Мэдээлэл хамгийн гол нь зөв системчлэгдсэн байх хэрэгтэй. Их мэдээлэл олж авчихаад түүнийгээ програмчлаагүй бол энэ нь хураасан тоосготой адил зүйл. Тоосго эмх замбараатай өрөгдөж байж байшин болно. Хамаагүй овоолоод хаячихсан тоосгыг хэн ч байшин гэхгүй. Олж авсан мэдээллээ системчилж чадахгүй, түүнээсээ дүгнэлт гаргаж чадахгүй бол тэр мэдлэг биш. Тархи чинь хогийн сав биш. Хэрэгтэй хэрэггүй мэдээллээр дүүргэж байхын оронд хоосон байсан нь дээр. Мэдээллийг чинь замбараанд оруулж файл болгон эцэст нь нэгтгэж дүгнэлт гаргуулдаг юм чинь мэдлэг. Мэдлэгийн цаана ухаан гэж бас нэг байна. Yүнийг авъяас чадвар ч гэдэг.
-Та улс төрд эрх чөлөөтэй болох гэж орсон гэлээ. Тэр эрх чөлөөгөө олсон гэж хэлсэн. Тэгэхээр таныг улс, төрч биш гэж ойлгож болох уу?
-Улс, төрч гэж ямар хүнийг хэлэх вэ. Улс төрийн ажил хийж байгаа хүнийг хэлнэ биз дээ. Монголд улс төрч гээд 1000 гаруй хүн байгаа. Улс төрийн намын байгууллагуудад ажиллаж байгаа болон түүгээрээ дамжуулан төр, олон нийтийн байгууллагад ажиллаж байгаа тийм л улсыг, улстөрч гэнэ биз дээ. Хар ухаанаар бодоход. Тэгэхээр би тийм ажил хийхгүй байгаа юм чинь яахлаараа улс төрч байх билээ.
-Гэхдээ та улс төрийн талаар их юм бичдэг шүү дээ?
-Тэр бол миний ажил. Аливаа зүйлийг судлаад, задлан шинжлээд түүнийгээ сонин хэвлэлд хэвлүүлэх эрх хэнд ч байгаа шүү дээ.
-Батбаяр гэдэг нэр яаж яваад Баабар болчихов?
-Юм бичдэг хүмүүс бичсэн зүйлээ нууц нэрээрээ хэвлүүлдэг шүү дээ. Маркетингийн зорилгоор ч нэр бодож олдог. Жишээлбэл, Мадонна гэж байна. Тэрэнтэй л адил зүйл. Гэхдээ би ийм нэрийг бүр залуу байхдаа бодож олсон юм даа.
-Би таныг дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй учраас, нийгэмд болж буй бурангуй зүйлийг зогсоох юмсан, түүнийг ард түмэнд мэдрүүлэх юмсан гэсэн сэтгэлээр бичдэг байх гэж бодсон юм.
-Тийм сэтгэлгээ байдаг л байх. Хамгийн гол нь миний бичсэн зүйлийг өндөр боловсролтой, элит, сэхээтэн давхаргын хүмүүс уншина шүү дээ. Өдрийн сонингоос өөр сайн сонин гараад ирэх юм бол би тэнд бичнэ. Телевиз ч гэсэн адилхан. Би Ийгл-д л ярилцлага өгдөг. Учир нь Ийгл л өнөөдөр аливаа зүйлийг олон талаас нь харсан мэдээлэл өгдөг. Энд чинь бас миний байр суурь гэж юм байна. Шар телевизээр гараад байвал ач холбогдолгүй шүү дээ.
-Та Бодь мөрийн зэрэг номыг орчуулахад гар бие оролцсон хүн. Та ямар шашинтай вэ?
-Би ямар ч шашин шүтдэггүй. Яагаад гэвэл миний өсч, торнисон орчин шашингүй нийгэм байсан. Тэр нийгэм дуусахад би хэдийнэ төлөвшчихсөн хүн чинь шашин шүтээд явж байх боломжгүй байсан. Гэхдээ шашин бол хүнийг хүн болгож төлөвшүүлдэг зүйл. Шашин шүтдэг үхэр мал байхгүй шүү дээ, тийм үү. Рейганы хэлсэн үг байна. Бурхангүй гүрнийг устгацгаая гэж. Ямар ч айх юм байхгүй болсон моральгүй нийгмийг ингэж нэрлэнэ. Оросыг хэлж байхгүй юу. Америкийн ард түмний дунд Зөвлөлт төр бурхныг эсэргүүцдэг учраас ямар ч ариун нандин шүтэх бишрэх юмгүй, Ерөөс бурхныг хориглодог нийгэм учраас угаасаа чөтгөрийн нийгэм байж таарна гэсэн ерөнхий ойлголт байсан юм. Аль шашин байх нь хамаа байхгүй л дээ, хүн хэмээх бодьгал ямар нэгэн шүтэж итгэх ариун нандин юмтай байх ёстой. Миний амьдарч байсан нийгэмд ийм зүйл байсангүй. Би өөрийнхөө нийгмийн л бүтээгдэхүүн. Гэхдээ шашныг хүндлэх ёстой гэсэн ойлголт надад эртнээс байсан.. Аль шашныг шүтэх нь хувь хүний өөрийнх нь сонголт.
Европ хар хувалзнаасаа хэрхэн салав. Гээд нэг өгүүлэл саяхан бичлээ. Yнэндээ ийм байдал Европт 400-500 жилийн өмнө байсан. Нийгэм мухар сүсгээсээ салсан учраас л асар их дэвшилд тэд хүрчээ. Яг ийм нөхцөл байдал өнөөдөр манайд бий болчихоод байна. Шашин нь хориотой байж байгаад гараад ирсэн чинь нийгмийн хамгийн авилгалд идэгсэн, ялзарсан газар болон босч ирж байна. УИХ-аасаа дутахгүй, аягүй бол илүү гарахаар ялзарсан тийм газар болон босож ирж байна. Буруу хөл дээрээсээ босож ирж байгаа байхгүй юу. Нийгмийн хамгийн паразит хэсэг хүмүүсийн мухар сүсгээр далимдуулж хөдөлмөрлөхгүйгээр олз олох зэвсэг нь шашин болжээ. Бурхан багш ингэж сургасан хэрэг үү. Хүмүүст Бурхан багш анх оргинолиороо юу гэж сургасныг мэдүүлж гэгээрүүлэхийн тулд энэ номыг бид орчуулсан юм. Энэ ном 1640 онд монгол хэлээр орчуулагдсан ба дараа нь хэдэн удаа кирилээр гарчээ. Гэтэл энэ хооронд хэл маш их өөрчлөгдөж өнөөгийн хүн ойлгох аргагүй зүйл болсон аж. Бид төвд, англи, герман, орос, хуучны монгол орчуулга зэргийг тулгаж байж хориод хүн хоёр жил ажиллаж энэ хэргийг бүтээсэн. Санаа нь энэхүү суурь бүтээлийг Монголын бүх өрхөд хүргэх зорилготой. Бид зөвхөн хэвлэлтийн үнээр нь өгнө, авсан хүн цааш нь зарж борлуулалгүйгээр буян болоод чадал муутайдаа бэлэглэ гэсэн зарчмаар Гэгээрэх зам санг бид ажиллуулж байна. Нийгэм өөрөө гэгээрэхгүйгээр ямар ч хөгжил дэвшилийн тухай яриа хий хоосон мөрөөдөл. Европ зөвхөн гэгээрсэн учраас сэргэн мандалтын үед хүрч улмаар цааш хөгжин хөгжин үйлдвэржилтийн хувьсгалаар дамжин өдгөө пост индустраль нийгэмд оржээ. Сэргэн мандалтын үе хүртэл Европ жишээ нь Хятадаас үргэлж доогуур байсан нийгэм шүү дээ. 10 дугаар зууны Тан улс, мөн үеийн Европ хоёрыг харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүтэй. Европ тэр үед асар хоцрогдсон байсан. Yндсэндээ тэд сүүлийн 400-500 жилийн хугацаанд л дэвшил рүү тэмүүлсэн юм.
-Та Улс төртэй хутгалдаж боллоо. Надад хийх ажил их байна гэж бас нэг ярилцлагандаа хэлсэн байна билээ. Тэр хийх их ажил чинь юу вэ?
-Зөндөө л ажил байна. Хүн чинь хийснээрээ л байх хэрэгтэй. Энэ жил их өвдсөн. Тайландад сэхээнд гурван сар хэвтлээ. Бодь мөрийн зэрэг дээр бичсэн байгаа шүү дээ. Yхлийг алсын юм гэж битгий бод. Хэзээ ч хүрээд ирж болно. Тиймээс түүнд байнгын бэлтгэлтэй бай. Хүн төрөөд л үхлийн зүг хар эрчээрээ гүйж байгаа амьтан гэж бичсэн байгаа. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд би өдий хүртэл амьдрахдаа юу хийсэн билээ гэж бодсон. Хүмүүс үхэл хол байна гэж бодоод дорвитой юу ч хийж бүтээж амжаагүй байхдаа хүндээр өвчилж, үлдсэн нас нь тодорхой болчихсон үедээ буян боддог боловч түүнээ гүйцэлдүүлж чаддаггүй үүндээ ихэд харамсдаг. Тэгээд би энэ номыг олон түмэнд хүргэж гэгээрүүлье гээд шаргуу ажилласан. Цаана нь надад хийх юм их байна. Нас л хүрдэг юм бол их зүйл төлөвлөсөн.
-Та бас чаддаг юмаараа оролдож, түүнийгээ сайн хийх хүсэлтэй гэсэн байсан. Тэгвэл та их олон юмыг сайн хийх чадах юм гэж би дүгнэдэг. Та өөрийнхөө сайн хийдэг өөр бусад зүйлсээс дурдаач?
-Би хоол хийх дуртай. Гэхдээ мэргэжлийн хэмжээнд хийж чадахгүй. Тиймээс гуанз байгуулаад хэрэг байхгүй шүү дээ. Фрийдман үүнийг их гоё хэлсэн байдаг. Чи маш сайн эмч, чи маш сайн нарийн бичиг бол чи аль илүү орлого олж байгаагаа л хий. Бусдыг нь хүнд даатга. Өөр ямар ч арга байхгүй гэж хэлсэн байдаг юм. Хэрэв миний хийж байгаа ажил Монголын зах зээл дээр нэг номерт л орж чадахгүй юм бол би тэрийг хийж яах юм бэ. Зөвхөн чадварын хувьд шүү. Хэрэв Монголд Монголын түүхийг надаас илүү бичиж чадах хүн байсан бол би бичихгүй байсан. Би тэгж л боддог.
-Та аливаа зүйлийн ард ашиг байх ёстой гэдгийг та хүлээн зөвшөөрдөг хүн. Тэгэхээр ажлыг сайн хийж чадвал, ашиг нь …
-Зөвшөөрөх юу байхав дээ, хүний мөн чанар угаасаа энд байдаг юм шүү дээ. Сайн хийж чадвал ашиг нь төдий чинээ л сайн байна. 6 сарын дотор Монголчууд Нүүдэл Суудал номын борлуулалт дотоодын зах зээл дээр 150 саяд хүрлээ. Хөдөлмөрийг шударгаар үнэлдэг зүйл бол зах зээл, мөнгө бол хөдөлмөрийн амжилтын илэрхийлэл. Ингэж чадахгүй бол түүнийг бичээд яах юм бэ. Сайн болсон учраас л борлуулалт нь сайн байгаа хэрэг биз дээ.
-Та хэр романтик хүн бэ?
-Хүн ер нь романтик байж л амжилтанд хүрнэ. Хийж буй бүх ажлаа төгрөг бүрээр нь бодоод байх юм бол тэр чинь шал өөр төрлийн ажил шүү дээ. Цэвэр оргилуун хүсэл тэмүүллээр том урлагийн бүтээл, шинжлэх ухааны нээлт, энэ том нийгмийн хөдөлгөөнүүд гардаг. Тухайлбал, 90 онд хүмүүс За хө нэг цуглаанд оролцоод бүртгүүлчихвэл төдөн төгрөг авах нь гэж бодоод оролцсон бол өнөөдөр манай нийгэмд ийм хувьсгал гарах байсан уу. Тэр үед талбай дээр 100 мянган хүн сайн дураараа цуглаж байсан шүү дээ. Одоо ч ийм цуглаан өөрийн тогтсон ханштай болчихож. Өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа асуудал, жишээлбэл энэ их утааг багасгахын төлөө хүмүүс мөнгөний төлөө биш сэтгэлээрээ зүтгэж байна шүү дээ. Авилгалын эсрэг хэдэн өдөр тэмцвэл надад тэдэн төгрөг тэдэн мөнгө ирэх юм байна гэсэн сэтгэлгээгээр ажил явахгүй. Гэхдээ тодорхой хүмүүс тодорхой үйл хэрэгт романтик сэтгэлгээгээр ханддаг зарим хэсэг нь огт тэгдэггүй, тэгэхээс ч өөр аргагүй. Жишээ нь ТYЦ ажиллуулж байгаа хүн тэрнийгээ романтик сэтгэлгээгээр ажиллуулгүй шүү дээ. Тодорхой нэг ажил эсвэл ажлын тодорхой нэг хэсэг мөнгөөр эсвэл сэтгэлээр хэмжигддэг. Энэ хоёр нь хоёулаа нийгмийг урагшлуулдаг мөртлөө өөрийн цаг хугацаа, орон зайтай байдаг. Иймэрхүү романтик зүйл чинь бол биологоор бол мутац төрүүлдэг. Харин мөнгө бол байгалийн шалгаруулалт. Дарвин амьтан хэрхэн хувьсан өөрчлөгдөж, эволюцид ордогийг нээжээ. Түүнийгээ байгалийн шалгарал гэж нэрлэв. Байгалийн шалгарал бол зүйлийг хувьсан өөрчилдөг гол хөдөлгөгч хүч болдог гэж тайлбарласан. Гэтэл дараагаар нь Мэндэль гэж хүн гарч ирээд байгалийн шалгарал биш мутац гол үүргийг гүйцэтгэдэг юм байна гэдгийг нээлээ. Өөрөөр хэлбэл тэрээр генетик хэмээгч шинэ шинжлэх ухааны суурийг тавив. Мутаци нь байгаль дээрээ зохицвол дараагийн шинэ зүйл үүсэх шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл эволюцийн гол хөдөлгөгч хүч нь мутаци. Гэтэл мутацын 99,99 түүнээс илүү хувь нь дандаа хортой байдаг. Өөрөөр хэлбэл үхдэг, амьдрах чадваргүй байдаг. Гэтэл тэр дотор л гайхамшигтай амьдрах, аливаад дасан зохицох чадвартай тийм мутац бас бий. Харин байгалийн шалгарал нь амьдрах чадвартай мутацийг цааш улам төгөлдөржүүлэн авч явдаг аж. Сонин филасофи шүү.
-Өнөөдрийн энэ ялзарсан нийгмээс салахын тулд доороосоо буюу иргэд нь боловсорч гэгээрэх хэрэгтэй гэж та үздэг. Гэтэл иргэдийг боловсрох гэсээр байтал энэ төр чинь ард түмний хөрөнгийг идээд дуусчих юм биш үү?
-Ний нуугүй хэлэхэд нийгэм ард түмнээсээ болж мөхдөг болохоос дээрээ байгаа ямар ч адгийн амьтнаас болж мөхдөггүй юм даа. Гитлер ард түмний асар их дэмжлэгтэй байсан учраас тэр түвшинд хүрсэн шүү дээ. Яагаад Ньюрэнбэргийн шүүхээр Германы ард түмнийг буруутгасан юм бэ.
-Сонгуулиар нэр дэвшигчид болон намууд сонгогчддоо элдэв зүйл амладаг туршлага өөр улс оронд бий юу?
-Бий бий. Ялангуяа бүдүүлэг орнуудад бий. Боловсон бүх орнууд мөн яг тийм замыг туулсан байдаг. Ерөнхийлөгчийн засаглалтай болбол дарангуйлал бий болно гээд л яриад байна шүү дээ. Ер нь дарангуйлал гэдгийг юу гэж ойлгодог вэ? Орчин үед дарангуйлж байна гээд л өглөөний хоолон дээрээ 6 настай хүүхэд шарж идээд байдаг үе өнгөрсөн шүү дээ. Тийм юм өнөөдөр хаа ч байхгүй,Сталин, Гитлер ч байхгүй. Саддам Хуссейн чинь Нерон, Сталин, Гитлер энэ тэртэй харьцуулахад харьцангуй гайгүй дарангуйлагч байв. Дарангуйлал гэдэг 2000-2004 онд манайд нэг дөхөж ирсэн дээ. Ард түмэн өөрсдийн үзэл бодол, хүсэл сонирхлоо илэрхийлэх боломжгүй болж, хэн ч тэдний үгийг тоохоо болихыг л дарангуйлал гэнэ. Тэрнээс биш дарангуйлж байна гээд л гудамжинд явж байгаа нэг нөхрийг дуудаж авчраад л цусыг нь жаахан сорчихоод л За чи маргааш ирж цусаа дахиж соруулаарай гэдэг ийм зүйл бий болно гэсэн үг биш. Тийм юм байхгүй. Дарангуйлал чинь хөгжөөд дарангуйллын шинэ түвшинд гарчихлаа. Өнөөгийн дарангуйлал гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Монгол улс ерөнхийлөгчийн засаглалтай болоод, дарангуйлал үүсээд л, гудамжинд зүгээр яваа хүмүүсийн төмсөгийг хага өшиглөөд л гэх мэт зүйл болохгүй.
-Та гадаадад гарч амьдрах тухай бодож байв уу?
-Yгүй. Би насаараа энд амьдарсан. Өөр газар амьдарч чадах ч үгүй. Би ер нь гадагшаа долоо хоногоос илүү явж чаддаггүй. Хүн чинь нэг дасаад зохицчихсон газартаа байхыг л хүсдэг юм билээ. Хэрэв би залуудаа, гараад явчихсан бол тэндээ дасаад зохицчих байсан байх. Өнөөдөр надад бодит утгаараа гадагш гарч амьдрах бололцоо байхгүй болчихсон.
-Таныг юу дуудаад байна. Ажил чинь дуудаад байна уу?
-Yгүй, үгүй. Хүнд чинь дасч зохицсон орчин гэж нэг юм байна шүү дээ. Би яг энэ утаатай хотод чинь 50 жил амьдарчихлаа. Хоёрт, гадаадад гараад олох орлого мөн нийгэмд эзлэх байр суурийнхаа хувьд ч би энд байгаагаас дээрдэж чадахгүй.
