Шалгалтад орох шар хуудсаа хаанаас авах вэ

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 8-наас эхэлнэ. Yүнтэй холбогдуулж элсэлтийн шалгалтанд бэлтгэгчдэдээ Боловсролын үнэлгээнийн төвөөс гаргасан дараахь зөвлөмжийг хүргэж байна.
ШАЛГАЛТЫН АГУУЛГА
Ерөнхий шалгалт нь тухай хүний цаашдаа хэрхэн суралцах чадварыг голчлон шалгах бөгөөд энэ ч утгаараа сэдэв нь нэлээд бүтээлч байхыг шаардах юм байна. Бүр тодруулж хэлбэл, шалгалтын сэдвийн хүрээ нь бүрэн дунд боловсролын стандартын агуулгын хүрээнд боловсруулагдсан тул их, дээд сургуульд элсэхийг хүсэгчдээс тухайн мэргэжлээр цаашид суралцаж чадах суурь мэдлэгийг нь шалгана. Мөн үүнээс гадна өөрийн олж авсан сурах чадвар буюу юмсын ерөнхий учир шалтгаан, шүтэлцээ хамаарлыг олох, эрэмбэлэх, дүгнэх, уншсан, харсанаа ашиглах гэх мэт бүтээлч сэлгэлгээний ерөнхий чадварыг шалгах аж.
ШАР ХУУДАС ГЭЖ ЮУ, ХААНААС АВАХ ВЭ
Шар хуудас гэдэг нь шалгуулагчийн хувийн мэдээллийг багтааснаас гадна тухайн шалгуулагчийг аль шалгалтын төвийн ямар зааланд, хэддүгээр ширээнд сууж шалгалт өгөхийг заасан баганан кодтой шар өнгийн хуудас юм. Шар хуудсыг энэ онд төгсч байгаа шалгуулагчид өөрийн сургуулиар дамжуулан авах юм. Харин Улаанбаатар хотод өмнө онд төгсөгчдийн хувьд ирэх сарын нэгнээс эхэлж Сан дээд сургуулиас авах хөдөө орон нутгийн өмнө оны төгсөгчид өөрийн аймгийн Боловсрол соёлын газраас авна.
ШАЛГАЛТЫН ДЭВТЭР ГЭЖ…
Шалгалтын дэвтэр нь тухайн хичээлийн агуулга бүхий даалгавруудтай, бичгийн цаасны хэмжээтэй 4-8 хуудас материал юм. Шалгалтын даалгаврууд нь бүрэн дунд боловсролын стандартын агуулгын хүрээнд зохиогдсон тул диаграмм, хүснэгт, бүдүүвч зураг, эх бичвэр гэх мэт янз бүрийн байдлаар өгөгдсөн байгаа. Мөн ерөнхий шалгалтын даалгаврууд нь хоёр төрлийн тодруулж хэлбэл, битүү олон задгай хариулттай даалгавраас бүрдэнэ.
Битүү хариулттай даалыгавар. Yүнд олон хариултаас нэгийг сонгох, дарааллыг тогтоох, харгалзааг сэргээх гэх мэт даалгавар орно. Энэ даалгавраар сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх ба зөв хариулт нь өгөгдсөн байна. Тиймээс та тухайн даалгаврыг зааврын дагуу гүйцэтгэж, олон хариултаас зөв хариултыг сонгох хэрэгтэй.
Задгай хариулттай даалгавар. Гүйцээх, чөлөөтэй илэрхийлэх гэх мэт даалгавар орно. Энэ даалгаврыг гүйцэтгэхдээ хариуг бодож гаргах ба зөв хариу өгөгдөөгүй байна. Энэ нь шалгуулагчдын бүтээлч чадварыг илрүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, судалгаа шинжилгээ, бүтээлч эрэлт хайлт хийж, өмнө эзэмшсэн мэдлэг, чадвараа өөр нөхцөлд шилжүүлэн хэрэглэх чадварыг шалгах юм.
Жич Нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут ба даалгавар бүр өөр оноотой тул шалгалтын дэвтэр дээрх гүйцэтгэх зааврыг сайтар уншиж, хугацаагаа зөв зарцуулаарай. Хариуг буруу бөглөсөн тохиолдолд оноо өгөхгүй мөн оноо хасахгүй болно.
ХАРИУЛТЫН ХУУДСЫГ ЯАЖ БӨГЛӨХ ВЭ
Хариултын хуудас нь тусгайлан бэлдсэн загвар бүхий хариулт тэмдэглэх зориулалттай, бичгийн цаасны хэмжээтэй хуудас юм. Уг хариултын хуудсыг комптютерийн программ ашиглан, машинаар уншиж дүгнэх учир засалтанд хүний оролцоо орохгүй болно.
ХАРИУЛТЫН ХУУДСЫГ БӨГЛӨХДӨӨ ДАРААХ ЗYЙЛ АНХААРААРАЙ.
•Сонгох хариулттай даалгавруудаас зөвхөн нэг хариуг сонгож, хариултын хуудсан дээр даалгаврын дугаараар нь будаж тэмдэглээрэй.
•Нөхөх хариулттай даалгаврыг гүйцэтгэхдээ тухайн даалгаврын дугаар бүхий тусгай хэсэгт өөрийн гаргасан хариугаа будаж тэмдэглээрэй. Ингэхдээ хариултын хуудас болон шалгалтын дэвтэр дээрх зааврыг сайтар анхаарна уу.
•Хариултын хуудсыг бөглөхдөө үзгэн бал ашиглана. Хариултын хуудсан дээр хариугаа тэмдэглэхдээ будах талбайнаас илүү гаргалгүй нямбай тэмдэглэх хэрэгтэй. Учир нь, хэрэв та хариултын хуудсан дээр зааснаас өөр тэмдэглэгээ хийх буюу эсвэл давхар тэмдэглэгээ хийх тохиолдолд хариулт хүчингүй болох юм.
•Шалгалтын дэвтэр дээр зөв хариуг тэмдэглэсэн боловч хариултын хуудсан дээрээ хариугаа тэмдэглээгүй тохиолдолд таныг зөв хариулсан гэж тооцохгүй. Учир нь хариултын хуудсыг машинаар уншуулж дүнг гаргах бөгөөд шалгалтын дэвтэр танд үлдэх болно. Мөн та хариултын хуудсан дээрээ тэмдэглэгээ хийсэн эсэхээ сайтар хянах хэрэгтэй.
ГЭРЭЭНИЙ ХУУДАС БОЛОН БАГАНАН КОД
Гэрээний хуудас нь таны зураг болон товч мэдээллийг агуулсан, шалгалтанд орсоныг гэрчлэх хуудас юм. Уг хуудсан дээр таны мэдээллээс гадна шалгалтын танхимд мөрдөх дүрэм, зөвөлгөө байх бөгөөд та энэ хуудсан дээр гарын үсэг зурж баталгаажуулах юм. Мөн шалгалтын хугацаа дууссаны дараа тусгайлан бэлдсэн хос баганан кодыг та дугтуйнаас өөрөө сонгон авч, уг кодыг хариултын хуудас болон гэрээний хуудасны код наах хэсэгт дундуур нь салган наах ёстой. Учир нь, баганан кодтой гэрээний болон хариултын хуудсыг тус тусд нь дугтуйлан битүүмжилнэ.
ШАЛГАЛТАД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ
Шалгалтанд бэлтгэхдээ ямар нэгэн гарын авлага, сурах бичгийг дагнан ашиглах шаардлагагүй, хэн нэгний зохиосон номноос даалгавар авахгүй учир өөрийн сонгосон сурах бичиг, гарын авлагаа ашиглан дунд сургуульд суралцсан хугацаандаа заалгасан хичээлийн агуулгаа сэргээж, багш нарынхаа заавар зөвөлгөөний дагуу бэлтгээрэй. Шалгалтыг өгсөн хугацаанд, зөв зохицуулж гүйцэтгэх нь бас нэг чадвар юм. Тиймээс шалгалтандаа бэлтгэхдээ хариултын хуудасны загварыг www.eec.mn вэб сайтаас татан авч, хариултын хуудастай ажиллах дасгал давхар хийхэд илүүдэхгүй биз ээ.
Мөн дээрх вэб сайтаас ерөнхий шалгалтын талаарх зөвлөгөө авч, шалгалт авах хичээлүүдийн жишиг даалгавраар өөрийгөө шалгаж, шалгалтандаа бэлдэх боломжтой юм.
ШАЛГАЛТТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ХААНААС ОЛЖ АВАХ ВЭ
•Их, дээд сургуулиудын вэб сайт болон элсэгчдэд зориулсан гарын авлагаас.
•Боловсролын үнэлгээний төвөөс эрхлэн гаргаж буй Боловсролын үнэлгээ сэтгүүл болон үнэгүй тараагдаж байгаа Элсэгч сонингоос мэдээлэл авах.
•Боловсролын үнэлгээний төвийн вэб сайт болох www.eec.mn сайтаас мэдээллийг авах, санал өгөх.
•Мөн энэ вэб сайтан дээр буй хичээл бүрийн зөвлөмжөөс шаардлагатай бүх мэдээллийг авч болно.
