3.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр нь манай улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах үндэсний шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэгдэж иржээ. Япон улсын Засгийн газраас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж 2007-2011 оны хугацаанд нийт 3.1 тэрбум орчим төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор болсон байна. Энэ тухай удирдлагын үйлчилгээний гэрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газрын дарга Р.Бат-Эрдэнэ, Японы олон улсын хамтын ажиллагааны төвийн Гадаад оюутны үйл ажиллагааны хэлтсийн дарга Кувата Нобутоши нар өчигдөр гарын үсэг зурав. Энэхүү хөтөлбөрийн шугамаар сүүлийн таван жилд жил бүр 20 оюутан хууль зүй, эдийн засаг, олон нийтийн бодлого зэрэг чиглэлээр Японы их, дээд сурулиудын магистрантурт суралцахаар очдог бөгөөд одоо 99 хүн суралцаж байгаа юм байна.
Тус улсад суралцаад ирсэн залуус төрийн болон олон нийтийн бусад салбарт бүтээлтэй ажиллаж эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа гэж гэрээнд гарын үсэг зурах үеэр ярьж байлаа.
Гарын үсэг зурах ёслолын дараа Р.Бат-Эрдэнэтэй уулзаж, уг тэтгэлэгт хамрагдах ямар шалгууртайг лавлахад
-Ер нь энэ хөтөлбөрийн дагуу шалгаруулалтад тэнцээд явсан хүмүүсийн талаар Японы талаас үнэлгээ сайтай байдаг. Төгсөөд ирсэн залуус ч сайн ажиллаж байгаа. Энэ жил явахаар тэнцээд байгаа 20 хүн одоо хэлний бэлтгэлд байна. Удахгүй тэднийг үдэж мордуулах юм. Ирэх жил явах хүмүүсийг шалгаруулах ажил зургадугаар сар гараад эхлэнэ. Энэ тухай мэдээллийг сонин, хэвлэлээр тодорхой давтамжтайгаар гаргана. Тэгээд наймдугаар сараас шалгаруулалт эхлэнэ. Шалгаруулалт хэд хэдэн шаттай юм. Эхний шат нь шалгаруулалтад ирүүлсэн материал дээр үнэлгээ хийх. Энд тэнцсэн хүмүүсээс хэлний шалгалт авна. Дараа нь Японоос эрдэмтэд, профессорууд ирж тухайн шалгарагчийн судалгааны талаар сорилго хийнэ. Энэ бүхний дараа удирдах зөвлөлийн хүрээнд ярилцлагад оруулж өөрсдөөс нь судалгааны тайланг сонсч мөн үнэлгээ өгөх юм. Шалгаруулалт ер нь бодитой төгс болж байгаа. Шалгараад явсан хүмүүс хоёр жилийн хугацаатай суралцдаг. Эхний үед бизнесийн удирдлага, эрх зүйн чиглэлээр суралцаж ирсэн бөгөөд тэд бодлого боловсруулах чадамжтай боловсон хүчин болж байгаа юм гэлээ.
Ирэх таван жилд дахиад 100 залуу Японд суралцах нь ээ.
