ГХ-ийн сайд Н.Энхболд АСЕМ-ын хуралд оролцов

Монгол Улс АСЕМ-д 2006 оны 9 дүгээр гишүүнээр элссэн бөгөөд түүний сайдын түвшний уулзалтад анх удаа оролцож байна. 1996 онд 26 гишүүнтэй үүсэн байгуулагдсан АСЕМ нь өнөөдөр Азийн 16, Европын Холбооны 27 орон, мөн Европын Холбоо, АСЕАН-ы нарийн бичгийн дарга нарын газрыг эгнээндээ нэгтгэж хоёр тивийн улс төр, эдийн засаг болон нийгмийн салбарыг хамарсан өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байна. АСЕМ-ын орнууд дэлхийн нийт бүтээгдэхүүний 50%, хүн амын 58%, худалдааны 60%-ийг эзэлж байна.
АСЕМ-ын ГХ-ийн сайд нарын 8 дахь удаагийн энэхүү уулзалтаар Афганистан, Иран, Ирак, Солонгосын хойг, Ойрхи Дорнод зэрэг олон улсын тулгамдсан асуудал, эрчим хүч, цаг уурын өөрчлөлт, терроризм зэрэг глобал асуудал болон Ази, Европын худалдаа, эдийн засаг, санхүү, зам тээвэр, технологи, соёл боловсролын хамтын ажиллагааны олон асуудлыг хэлэлцэж хурлын Даргын Мэдэгдэл гаргав. Мөн 2008-2009 онд гишүүн орнуудад хамтын ажиллагааны тодорхой чиглэлээр зохион байгуулах томоохон арга хэмжээнүүдийг тохиров. 2007 оны 10 дугаар сард АСЕМ-ын дээд хэмжээний 7 дахь уулзалт Бээжин хотноо болно.
Гадаад хэргийн сайд Н.Энхболд олон улсын зарим асуудлаар, тухайлбал Зүүн Хойд Ази, Солонгосын хойгийн асуудлаарх байр сууриа илэрхийлж, цаашид АСЕМ-тай хоёр болон олон талын хүрээнд хамтран ажиллах чиглэлээр санал бодлоо солилцов.
АСЕМ-ын уулзалтын үеэр ГХ-ийн сайд Н.Энхболд ХБНГУ, БНХАУ, Чех, Словак, Польш улсын ГХ-ийн сайд нар, Испанийн төлөөлөгчдийн тэргүүн болон Европын Комиссын Комиссар нартай уулзаж хоёр талын харилцаа болон олон талт хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар яриа хэлэлцээ хийв гэж ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн хэлтсээс манайд мэдээллээ.
/Оллоо.МН