Силвер тос нүүрний эрлэг, Синба Батаа төрийн эрлэг

Өнгөрсөн хавар хэрэгт дуртай бидний гурван сэтгүүлч вертолет унасан сургаар яаралтай хөдөө явав. Манай Батлан хамгаалах яамныхан, цагдаагийнхан нийлж аваад төрийн ордноо иргэдийн довтолгооноос нягт бүслэн хамгаалж сурсан туршлагаа амьдралд хэрэгжүүлж өнөө вертолёт гэдэг онгоц унасан газрыг ёстой зураг авах байтугай, зүү орох зайгүй чандлан хамгаалжээ. Осол болоод хоёр хонож байсан ч дэл сул яриатай, аман голдуу мэдээлэлтэй хөдөөгийнхний дунд сэтгүүлчдийн адил үнэг, нисдэг тэрэг, Батаа гишүүн нарын тухай яриа сенсаац хэвээр. Зарим нь онгоц зүгээр ослын буулт хийсэн гэж телевизээр ярьсан хэмээн Япон Монголын парламентын гишүүдийн азтайг шагшин магтаж байлаа. Нүүрэндээ сорвитой хууз хар хүн мэдэмхийрч Тэр онгоц чинь намайг дурандсаар байтал Хөшөөтийн урд польноос тариа тарьж байсан газар боссон хоёр чоныг хөөж явснаа, судагаас үнэг гараад ирэхээр андуураад эргэсэн. Тэгээд доошоо унасан. Харин нөгөө хоёр чоно нь Хөшөөтийн баруун сугаар хойшоо яваад өгсөн гэж ярив. Хууз хар хүн цааш нь өгүүлэхдээ онгоцыг эзэгнэн ан авд явсан УИХ-ын эрхэм гишүүн Синба хочит Батааг таньдаг төдийгүй цэрэг нь явсан Ажилтан нь байсан бололтой, Батаа бол хүнд rap, жаатай эр, би ч гарых нь шүүсийг их үзсэндээ гэж гайхуулна. Тэр хүний зөвлөснөөр хоног төөрүүлсэн газар маань хуучин 800 үнээтэй саалийн механикжсан ферм байсан тариа бригадын төв, одоо бол хэнд ч хэрэггүй болж хаягдсан балгасан дахь зочид буудал болж таарав. Хуучин социализм байгуулагч нар Сангийн аж ахуй гэж нэг том төрийн өмчийн аж ахуйн нэгж байгуулан түүний ид цэцэглэлтийн үед ардчилал гэж нэг гайтай юм гарч ирээд хөрөнгө үрэн таран хийсэн гэж хараал тавих хүн үүгээр олон. Харин харааж байгаа энэ хавийн хүмүүс маань өөрснөө тарьсан төмс байцаанаас эхлээд тракторын түлш, бүхэл бүтэн техник хулгай хийлцсэн л байж таараа. Сангийн аж ахуйн өмч гэдэг хэний ч өмч биш байсан учраас эрх баригч нар нь өөрсдөдөө ашигтай хуулъ гаргаад хувьчлах нэрээр хуваагаад авчихсаны үлдэгдэл нь бидний буусан сүйрсэн балгасны өнцөг дэх буурчийн газар. Энэ нутгийн иргэд эсгий гэрт амьдрах нь цөөн, голдуу жижиг тоосгон байшинтай, арай тэнхээтэй нь хувьчлалаар том балгас авч түүндээ амьдарна. Балгас болтлоо тоногдсон социализмын материал техникийн баазын үлдэгдэлийг сахисан ажилгүйчүүдийн гэр энэ хавьд хоёр нэгээр тогтохгүй байна. Энүүхэн хойно байгаа Орхоны хөндий дэх Ингэт толгойн сангийн аж ахуйг вертолетээр чоно хөөдөг Синба хэмээх Батаа гишүүн тэр жил 1998 онд ердөө хэдхэн сая төгрөгөөр худалдаж авсан гэнэ. Батаа гишүүний тухай ярихдаа Онгоц унагаахаасаа хэд хоногийн өмнө эдлэндээ очино гэж хэл явуулсан. Харим замдаа мань эр чоно эргүүлж фаактлаж байгаа л байхгүй юу гэж хуучлав. Батаа тус сангийн аж ахуйн хувьцааг хуучин ажиллаж байсан тариаланчдаас нь ганц хоёр шил найруулсан архи, хамгийн сайн үнэ нь хятад гурил өгч худалдан авч байсан овсгоотой, хулхи наймаачин эр гэв. Бас Батаа Сэргээн босголтын банкнаас хоёр гурав биш хоёр гурван зуун сая төгрөгийн ззэл авсан, дараа нь банкийг нь дампууруулсан. Олон зуун сая төгрөгийн зээл Батаа гишүүн хөөцөлдөж байхад дэргэд нь байсан тус банкны захирал Э.Чимид, нөгөө Хууз гурав баар цэнгээний газарт хамт наргиж, зээлийн хүүгээс нь илүү мөнгө үрсэнийг мэднэ гэнэ. Батаа ер нь л зайтай, жаатай, цагаан санаатай эр гэж хууз сахалт мэдэмхийрнэ. Хоног төөрүүлсэн балгасны эзнийг орон нутгийнхан Ба баяны хөдөө гэр гэх бөгөөд хуучин сангийн аж ахуй, намын дарга байсан өвгөжөөр эр, залуухан гавьяат жүжигчин хүүхэнтэй суугаад энэ балгасаа үе үе эргэж ирдэг зун нь хөдөөлдөг гэнэ. Энэ балгасыг тэр хавийнхан Багийн казино гэх бөгөөд шоглож байгаа, алдаршуулж байгаагийн алиныг бүү мэд. Үхрийн ферм байсан юмуу, эсвэл трактор засварын газар байсан юмуу ямар ч гэсэн хүн амьдарч суухаар баригдаагүй жигтэйхэн том балгасны нэг буланг мод, шил, картон, тоосго төмрөөр бөглөн тасалгаа хийжээ. Нэг өрөөнд тамхи, архи, найруулсан найруулаагүй спирт, гурил будааны худалдаа, бас хоёр ч өрөө гаргаж төмөр ор тавьсан нь зочид буудал ажээ. Тэр хавийн ажилгүй залуучууд, хотоос дүрвэгчид, махны ченж нэртэй малын хулгайч нар энд ирж хөзөр даалуу тоглон, архи дарс ууж эзгүй хээрийн балгасанд эр эм хүний жаргал эдлэн үйлчлүүлж хонож өнждөг юм байна. Казиногийн урд ганц бор гэр байх. Манаач өвгөн хууз сахалтын эцэг бөгөөд казиногийн үйлчлэгч, буфетийн худалдагч, буудлын цэвэрлэгч, хамгаалагч, эрүүлжүүлэх байрны дарга гээд бүх ажлыг хийдэг юм байна. Бор гэрт орж үзээгүй, гадуур нь гахай, тугал, гөлөг, хүүхэд гээд төрөл бүрийн тэжээмэл амьтан харагдсан. Өвгөнийг гаравч оровч арван гурав дөрвөн насны орчим нэг зовлонтой амьтан дагана. Тэр нь гар хөл нь эргэчихсэн, шүлс нусандаа холилдсон эмэгтэй хүүхэд зүүгдэн буудалд буусан бид хэдийн өрөө рүү байсхийгээд л орж ирснээ өвгөнд хөөгдөөд гарна. Ба баяны казино нэг иймэрхүү. Биднийг ирэхзд казино онгорхой ид ажиллаж байв. Задгай зуух, тамхины утаан дунд гурван нөхөр даалуу тоглож, нөгөө өрөөнд дөрөв таван эр нэг эмэгтэй архи ууцгаана. Малын ченж портер машинтай бүсгүй босс нь гэв. Махны наймаачин, нядлагч нар мах чанаж үйлчлэгч өвгөн бидэнд чанасан адууны махны зоог барина. Казиногийн хаалга онгорхой болохоор даалуу тоглогчдын хашгирах даалууны гуншин, согтуу залуусын наймааны хэрүүл аймаар санагдсан ч бас сонирхолтой. Даалуучдын зүгээс Силвэр тос нүүрний эрлэг, Синба Батаа төрийн эрлэг, Үүл буудаж бороо орно, үнэг хөөж вертолет унанаа хөө гээд уянгалуулан тасхийлгээд авав. Өвгөн зөөгчөөс энэ юун шүлэг хэлээд явчихав гэж асуутал өвгөн манаач, Манай хүү Хууз сахалтыг хэлэв бололтой хожиж байгаагаа зарлаж байна гэв. Даалуугаа тас нясхийлгэн элдэв янзаар толгой холбон шүлэглэх үгс нь утга учрыг нь ойлгоход бэрхтэй ч өөрийн эрхгүй цээжилсэн байв. Тоглогчид хэсэг дуугүй болж даалуу шажигнаж байснаа нэг нь гэнэт цочим чанга дуугаар Хойшоо оо, Та байтугай танк яваагүй, Чи байтугай Цэдэнбал яваагүй, Манжийн үед амбан яваагүй, манай үед Энхбаяр морилоогүй замаа хөө, Хойшоо бай хоншоороо тат, Хоршоонд битгий мөнгөө хадгалуул гээд тас няс хийлгэнэ. Тэр өрөөнд юу болоод удирдагчдын нэр гараад байгааг асуухад өвгөн, Манай хүү цохдуулаад Цохдуулна гэдэг нь хожих шахаад аз тутан нөгөө хүн хожилыг авахыг хэлдэг бөөн мөнгөө алдав бололтой гээд амандаа гүвтнэв. Өвгөн манаач уг нь Завхан нутагийн хүн. Анх сангийн аж ахуй байгуулахад илгээлтээр ирээд тариа бригадын даргаас энэ казиногийн манаач хүртэл тасралтгүй тавин жил хөдөлмөрлөж байгаа, МАХН-ын гишүүн Н.Багабанди Ерөнхийлөгчийн нутагийн, Н.Энхбаяр ерөнхийлөгч, Далай лам хоёрыг шүтэн бишрэгч хүн юм байна. Харин бидний танил, хууз хар хүн тоги хүү нь ажээ. Биднээс түрүүлээд ирчихсэн даалуу тоглож байгаа нь энэ. Өвгөн хүүгийнхээ аж амьдралаар нь ч, даалуу тоглох авъяасаар нь ч бахархах дуртай нь ажиглагдсан. Өвгөн хүүгээ ингэж танилцуулсан. Хүү нь цагаан цайлган юм болохоороо болох болохгүй юманд орооцолддог гэв. Хоёр ч удаа аавын хаалга татсан Шоронд орох, бичиг номонд тааруу ч сайн тракторчин гэнэ. Батаа гишүүний худалдаж авсан Сангийн аж ахуйд ажиллаж байсан, гишүүний сайн танил нь үнэн болоод явчихав. Өвгөний хүү одоо хүртэл тогтсон ханыүй. Хот орох болгондоо шахуу энэ манай авгай гэж нэг хүүхэн дагуулж ирдэг, үе үе алга болдог. Хийсэн ажилгүй ч мөнгөрхүү. Бодвол наймаа шаймаа, хөзөр даалуугаар орлого олдог. Хулгай хийж, хүн зодохоо больж хүмүүжсэн гэнэ. Олсон орлогоороо хүүхдүүдээ тэжээдэг тухай ярьсан. Хууз хар наймаанд аз муутай дандаа хүнд залилуулж мөнгөө алддаг гэлээ. Хамгийн сүүлд хүү нь нэг нүүрний тосны наймаа хийж хөглөснийг дуулаад бид бөөн инээдэм болов. Цагаан сарын өмнө хүү нь хүнд өгөх ёстой юм гэж хаанаас ч юм хэдэн үхэр хөөж ирсэн байв. Тэгэхдээ баахан нүүрэнд түрхдэг тос бөөндөж авсан гээд таван шуудай нүүрний тос авчирав. Нүүрний тос хэрэгтэй газраа хэрэгтэй байх. Манай энд юуны хэрэг болох билээ. Тэгээд тавын таван шуудай шүү. Уг нь цагаан сараар хүнд өгөхөд хямдхан эд л дээ. Cap шинэ болж хямдхан юм болохоор тэр хавийн хэдэн айл нөгөө тосыг нь хорь гучаар нь авчээ. Гэтэл нэг cap хиртэй болоод байдал бишдээд хэл ам татлаад ирсэн гэнэ. Тэр тосыг түрхсэн бүх хүний нүүр түлэгдээд хүн харахын эрхгүй зарим нь бүүр яр шарх болоод явчихсан гэнэ. Гол усаараа бузартаад яр шарханд бариулсан байна гэж нэг лам айлдаж бүгдээрээ нийлж байгаад Хөшөөтийг тахиулсан боловч зүгээр болсонгүй. Нэлээд сүүлд нь амралтаар ирсэн сургуулийн хүүхэд учрыг нь тайлжээ. Манай хүний зарж байгаа өнөө нүүрний тос чинь гутлын тос байжээ. Сургуулийн охин гэртээ иртэл ээж эгч хоёр нь гутлын тосыг нүүрэндээ нялгадаад сууж байгааг хараад пөөх паах гэж хашхираад явчихаж. Маргааш өглөө нь гутлын тосоо барьсан хэдэн хүн энэ казиног зорьж хүү нь байгаагүй бол өвгөнийг барьж идэх байжээ. Хүү нь аавындаа согтуу хэвтэж байж. Нөгөө тос чинь нүүрний тос биш гутлын тос байжээ. Зальтай юмнууд энэ хороо ав буцааж ав, дээр нь манайхны нүүр, толгойг төлж өг гэжээ. Харин хүү нь согтуу байсанд тэд баахан айсан. Хүү нь ч бандан гээд халгаагаагүйгээр зогссонгүй Муусайн гуйлагчингууд нэг их сайхан нүүртэй юм шиг, шархтай нүүртэй байтугай толгойгүй байсан ч яадаг юм бэ гээд хутга барин дайрахад ухаангүй зугтаад явчихжээ. Өвгөн, хүү хоёр энэ явдлыг эд хав болгон ярихаар барахгүй энэ хавьдаа бас нэг жил яригдах сенсаац болжээ. Хүү нь энэ явдлыг дурсан Силвэр тос нүүрний эрлэг, Синба Батаа төрийн эрлэг, Үүл буудаж бороо орно, Үнэг хөөж вертолөт унана гэж даалууны яруу найрагтаа мөнхөлсөн ажээ. Батаа гишүүний хөлөглөж яваад унасан вертолетийн зарим хүмүүс ирж эднийхээс хөл залгах унаа гуйсан байна. Өвгөн биднээс энэ эвдэрсэн онгоцыг хэн төлөх бол гэж хэрэгт дурлан асуусан юм. Харин ээ та юу гэж бодож байна гэвэл Надаас Батаа гэдэг хүн морь унаад өгөө гэж авч яваад морийг минь алчихаад ирсэн бол би төлүүлж таарна. Тэр онгоц чинь төрийн онгоц гэнэ билээ.Төрөөс унааг нь гуйж аваад унагчихсан юм чинь ялгаа юу байна. Гэхдээ арга зальтай депутатууд чинь аягүй бол төлөхгүй биднээр төлүүлж мэднэ гээд гарч одлоо. Биднийг явахад өвгөн дараа ирж хоноорой гээд урьсан. Архи дарс, мурийтай тоглоом, олны хөлөөс зайдуухан орон шоронгоос гарсан хулгайч, махны ченж, мал нядлагч гэж бодохоос дахин энд ирж хоног төөрүүлэх сонирхол хэнд маанв ч үгүй. Эгэл жирийн сэргэлэн наймаачинг төрийн түшээгээр сонгосон хотын бид чинь, гутлын тосыг нүүрний тосоор сонгож хөглөсөн хөдөөгийн муусайныгаа шоолоод ч яах билээ дээ. Социализмын хаягдсан балгасны зочид буудал, Ба даргын казино, даалуучид, хулгайчууд, өвгөн, хууз сахалт, гөлөг, хүүхэд, гахай, тахиа баяртай.
2007 он.
Дээдсийн хүрээлэн