Үндэсний соёл амралтын хүрээлэн үнэгүй үйлчилнэ

-Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк энэ жил ажиллахгүй гэнэ гэсэн яриа гараад байсан. Гэтэл үйл ажиллагаагаа хэдийнэ эхэлчихжээ?

-Манай хүрээлэн энэ сарын 25-наас эхлэн хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Цаашид ч ажиллана.

-Зарим нэг тоглоом засвартай, ажиллахгүй байгаа юм биш үү?

-Ганцхан Галзуу хулгана-ыг огт ажиллуулахгүй байгаа. Харин бусад бүх тоглоом ажиллаж байгаа. Гэхдээ хүчин чадлынх нь 50 хүртэлх хувийг нь л ашиглаж байна.

-Тэгэхээр тоглоомууд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байгаа гэсэн үг үү?

-Техник учраас эвдрэхгүй гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ эвдрээд бүр унахгүй ч ажиллаж болно. Тиймээс аюулгүй байдлыг бодоод 10 суудалтай тоглоомд таван хүүхдийг л суулгаж байгаа.

-Ямар тоглоомууд дээр ингэж тоглуулж байгаа хэрэг вэ?

-Одоогоор эргэдэг сандал, сансрын аялал гээд хэд хэдэн тоглоом ийм байдлаар ажиллаж байгаа.

-Хүүхдийн баяраар Үндэсний соёл амралтын хүрээлэн үнэ төлбөргүй ажиллана гэж сонссон?

-Манай тоглоомууд ерөнхийдөө 150-600 төгрөгийн үнэтэй байдаг. Харин бид хүүхдийн баяраар үнэ төлбөргүй ажиллана. Мөн энэ үеэр зарим нэг компаниуд өөрсдийн тоглоомоо авчирч, хүүхдүүдийг тоглуулах юм. Энэ тоглоомууд бага зэрэг үнэтэй байна. Гэхдээ хүрээлэнгийн тоглоомын үнээс илүү гарахгүй.

-Хүүхдийн баяраар Үндэсний соёл амралтын хүрээлэн олны хөлд дарагддаг. Үнэгүй үйлчилнэ гэхээр бүр ч олон хүн ирэх биз. Гэтэл дөнгөж хүчин чадлынхаа 50 хувиар ажиллаж байгаа тоглоомууд энэ ачааллыг даах болов уу?

-Харин тийм ээ. Бид жилийн жилд маш өндөр ачаалалтай ажилладаг. Тиймээс тоглоомуудынхаа даацыг 50 хувиас хэтрүүлэхгүй л ашиглах ёстой.

-Ингэхэд танай хүрээлэнгийхэн сүүлийн дөрвөн жил Монголын Диснейлэнд-ийг байгуулна гэж ярьж байна. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Энэ ажил маань ирэх наймдугаар сарын нэгнээс эхэлнэ. Зургадугаар сарын нэгний өдөр шинэ паркын төслөө олон нийтэд танилцуулна. Энэ төсөл 2010 он хүртэл үргэлжлэх юм.

Ж.Батцэрэн

2007.05.30 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button