Солонгос хэлний дамжаа олширч, ном нь хаданд гарав

Зургадугаар сарын гурванд болох солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад бэлтгэнэ. Туршлагатай солонгос хэлний багш, богино хугацаанд солонгос хэлийг заана. 14-хөн хоногийн дотор хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцэхээр солонгос хэлийг суръя гэвэл манайд ханд. Төвшин тогтоох шалгалтад бэлдэх хүмүүст солонгос хэлний ганцаарчилсан сургалтыг богино хугацаанд явуулна. Ийм утгатай зар сүүлийн хэд хоногт телевиз, радиогоор бараг л чих дөжрөөх шахав. Тухайн үед тийм цөөхөн хоногт солонгос хэлийг зааж, нөгөө нь сурах нь юу л бол гэж бодож байлаа. Ямар шидтэн биш дээ. Ерөнхий боловсролын сургуульд бүтэн таван жил англи хэл сураад дорвитой сураагүй хүн байдаг. Гэтэл 10-хан хоногт ямар ч хэлийг сурна гэдэг ёстой мянгуужингийн үлгэр биш үү. Үнэхээр тийм зүйл байдаг бол би ч гэсэн ганц хоёр хэлтэй болмоор л байна даг. Манайхан ч хууртаж, хулхидуулж ханахгүй улс юм даа. Солонгос явж, амьдралаа дээшлүүлэх хүсэлдээ хөтлөгдөн 20 гаруй мянган иргэн хонон өнжин дугаарлаж, нэгнээ алчих шахам зүтгэсээр 15 мянга нь бүртгүүлсэн. Тэд бүгд бүртгүүлсэн л бол хэзээ хэзээгүй Солонгос руу явчих юм шиг бодсон нь лавтай. Бүртгүүлсний дараа хэлний төвшин тогтоох шалгалт бий. Энд тэнцлээ ч эрүүл мэндээрээ ок болох нь юу л бол. Дээр нь Солонгосын хөдөлмөрийн бирж дээр нэр нь байршаад сонгогдоо ч уу, үгүй ч үү. Ер нь л бүрхэг дээ. Тэгэхээр бүртгүүлсэн 15 мянган иргэний нэлээд хэсгийнх нь хүсэл мөрөөдөл салхинд хийсэх болов уу. Билэг дэмбэрэлгүй үг боловч тийм л юм чинь. Ингээд мөн л хэсэг хүн хулхидууллаа. Одоо гэтэл тэд давхар цаасан малгай толгойдоо углачихаад сэтгэл нь аль эрт Солонгост оччихсон, бие нь энд хийсч явна. Цаг үеэ мэдэрч ажиллах нь бизнесийн алтан дүрэм боловч зарим нэгэн увайгүй хүмүүс хүний итгэл, сэтгэлээр мөнгө хийж байна. Өөрөөр хэлбэл, чоно борооноор гэдэг үгийг санагдуулан, үйл ажиллагаа явуулж байгаа хэлний сургалтын төвүүд болон зарим нэг гадаад хэл мэддэгээрээ бардагчдыг хэлж байна. Хүний мөнгийг авчихаад сар эсвэл зургаан сарын хугацаанд гадаад хэлээр бөмбөгдөж бөмбөгдчихөөд юу ч сургаж чаддаггүй гэгддэг гадаад хэлний сургалтын төвүүд яаж 10, 14-хөн хоногт солонгос хэлний төвшин тогтоох хэлийг зааж, нөгөө нь сурах билээ. Ойлгомжтой шүү дээ. Солонгост аль хэдийнэ сэтгэл нь оччихоод байгаа 15 мянган хүн ирэх сарын гурванд солонгос хэлний төвшин тогтоох шалгалтаа өгнө. Солонгос хэл мэддэг, мэддэггүй, аль нь ч шалгалтдаа санаа нь зовж суугаа. Мэдээж тэдний хөл бүртгүүлсний маргаашаас хэлний төвийн зүг алхсан байгаа. Үүнтэй зэрэгцээд хэлний төвүүд гоё сайхан үгтэй зар сурталчилгаагаа явуулж эхэлсэн нь ойлгомжтой. Тэр хэрээрээ ч олны хөлд дарагдаж эхэлжээ. Өмнө нь нэг сарын хугацаанд солонгос хэл сурахад 20-30 мянган төгрөг байсан бол одоо 45 мянган төгрөгийн төлбөртэй болсон байх юм. Бүр нэг cap cypax зардлын мөнгөөр 14-хөн хоногт солонгос хэл сурч байна. Гадаад хэл сургалтын Хөгжил төв гэхэд л 14 хоногт 28500 төгрөг авах жишээтэй. Ер нь бусад сургалтын төвүүд ч 10-14 хоногт дундчаар 18-35 мянган төгрөгийн төлбөр шаардаж байна. Сургалтын төвийнхний ярьж буйгаар дээрх хугацаанд солонгос хэлний анхан шатны бүх мэдлэгийг олгож байгаа бөгөөд Гадаадын ажилчдыг ажиллуулах систем Солонгос шалгалтын шалгалтаар тогтоосон Basic KLPT номын дагуу хичээллэж байгаа юм байна. Бодвол багш нар нь сайхан үлгэр ярьдаг байлгүй дээ. Түүнд итгэсэн залуус ангайж суугаад юм сурч байгаа нь юу л бол. Мөнгөө атгаад хэлний төвийг зорьсон хүмүүс үүнийхээ үр дүнг хэдхэн хоногийн дараа үзэх байх. Тэр үед л ус үзээгүй гутлаа тайлснаа ухаарах вий дээ. Дээр нь солонгос хэлний ном гээч жинхэнэ од болж, үнэд орж байх юм. Дээрх ном сүүлийн хэд хоногт эрэлт ихтэй болж, тэр хэрээр хэвлэгдэж байгаа аж. Номыг хэвлэн олшруулагчид ч ашиг орлого ихтэй, үүргээ сайн биелүүлж байгаа бололтой. Уг номын үнэ ном борлуулах цэгүүд дээр янз бүрийн үнэтэй байсан юм. Зарим газраар орж дээрх номын үнийг сонирхлоо. Ерөнхийдөө од болж буй ном маань 2500-5000 төгрөгийн үнэтэй байлаа. Борлуулагчид сайн зарагдаж байгаа тухай ярихын хажуугаар дуусч мэднэ шүү, үнэд ч орж магад гэж хэлээд түргэн авахыг зөвлөж байв. Ямар ч байсан 15 мянган хүний буянаар нэг хэсэг хүн ашигтай ажиллаж, хэтэвчээ зузаалаад авлаа.
Б.Майцэцэг
2007.05.30 Монголын мэдээ