Баярлалаа, монгол түмэн минь

Хоёр бяцхан хүүтэй, өнчин бүсгүй өөрийн амьдралын үнэн түүхээ ний нуулгүй телевизийн эфирээр цацсан нь олон үзэгчдийн сэтгэлд хүрчээ. Элэгний церроз гэгч аюулт өвчинд нэрвэгдсэн Тунгалаг хоёр жаахан хүүтэйгээ айлын гэр түрээслэн амьдардаг, нөхөр нь түүнийг эдгэшгүй өвчтэй болсныг мэдэнгүүтээ өөр эмэгтэйтэй ханилж, хоёр хүүгээ ч хаяжээ. Гэвч зүгээр л хаяад явчихсангүй. Шинэхэн амрагтайгаа Тунгалагийнд байнга ирж зодож, дарамталж байжээ. Амьдралд итгэх итгэлгүй болсон Тунгалаг бүсгүй хоёр хүүгээ асрамжийн газар бараадуулаад өөрөө бурхны орныг зорихоо ч шийдчихээд байж. Зоригтой, зовлонд хатуужсан тэр бүсгүй ажилсаг, ухаалаг нэгэн ажээ. Хүний нулимс дуусдаг юм билээ. Тийм болохоор нулимсандаа ч харам болчихдог юм байна гэж нэвтрүүлэгт оролцож байхдаа Тунгалаг бүсгүй ярьж байсан. Өчигдөр 25 дугаар суваг телевизийн студид Тунгалаг бүсгүйд сэтгэлийн хандив, дэм өгөхөөр олон зуун хүн ирсэн юм. Танайд хоноё нэвтрүүлгийн 26 дахь айл нь Тунгалагийнх байсан аж. Нүдэнд дулаахан, ухаалаг байрын бүсгүйд туслахаар цугласан хүмүүс Монгол ньюс компанийн хамгаалагч нарыг нэлээд сандаргав. Чага мөөг, зэрлэг гахайн элэг өгье гэж Биокомбинатаас нэгэн хөгшин ирсэн бол Да Хүрээ техникийн захад наймаа хийдэг П.Бат-Өлзий, Н.Төгсбаяр хоёр мөнгөө нийлүүлж шинэ телевизор авчирсан байлаа. Түүнчлэн Лелли захиралтай Кашмир Ази компани, Түмэн түшээт тулга компаниас хоёр хүн хамт олноо төлөөлөн ирж 300000 төгрөг, ЭМЯ-ны ажилтнуудаа төлөөлсөн хүмүүс Швейцариас ирсэн эмч нарт Тунгалагийг үнэ төлбөргүй үзүүлж, эмчилгээ хийлгэх талаар ярьж тохиролцсоноо дуулгасан бол Ачтан эмнэлгийнхэн арав хоног үнэ төлбөргүй эмчилгээ хийж, насан туршид нь эмнэлгийн үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийж өгөхөө амлалаа. Энэ мэтчилэн хүмүүс тав, арван мянган төгрөг, бүр сая гаруй төгрөг, хувцас хунар, хөргөгч гээд хүнд хэрэгтэй бүхий л зүйлээр сэтгэлийн хандив өргөж байлаа. Энд цугларагсад нийгмийн бүхий л давхаргынхан байсан. Тэднийг баячууд, ядуус гэж ялгахын ч хэрэггүй.

Монголчууд хэзээнээс л бие биеэ гэсэн сайхан сэтгэлтэй ард түмэн. Нэгэн үеийн нийгмийн байдлаас болоод л хүний мөс чанар муудаж ирсэн болохоос. Хөгшин, залуу, хүүхэд залуусын нүдэнд нулимс хурж, Тунгалагийн ухаалаг тэвчээртэй, ажилсаг нямбайг гайхаж, түүнийг хаяж явсан нөхрийг адгийн муугаар хэлж байлаа. Телевизийн шууд нэвтрүүлгийн эфирт хүн багтахгүй байсан тул нэвтрүүлгийн зохион байгуулагчид гадаа гарч нэвтрүүлгээ үргэлжлүүлсэн юм. Хандив өргөж буй хүн бүр л Тунгалаг бүсгүйг сэтгэлийн хаттай, тэвчээртэй байж, хаяж явсан нөхөр, доромж үг, дарамт шахалтаар өөрийг нь залхааж байсан хадмууддаа хэзээ ч битгий бууж өгөөрэй. Бид та гурвыг хамгаална гэж сэтгэлийн үгээ хэлж байлаа. Хүмүүсийн завсар чөлөөгөөр Тунгалаг бүсгүйгээс цөөн асуулт асууж амжсан юм.

-Чи аль нутгийнх вэ?

-Би уг нь хотынх л доо.

-Аав, ээж чинь?

-Аав маань Ховдын хүн, харин ээж маань Улаан-Үдийн Агын буриад хүн байсан. Аав маань өөд болсон. Ээжийгээ хаана байдгийг мэдэхгүй.

-Төрсөн ах, эгч бий юу?

-Байхгүй. Би айлын том нь. Таван дүүтэй. Хоёр дүү арван жилийн сурагч, гурван дүү маань тусдаа гарсан.

-Ямар мэргэжилтэй, өмнө нь юу хийж байсан бэ?

-Сургуулиа төгсч амжаагүй ээ. Хувиараа л янз бүрийн юм хийж байсан.

-Яг одоо юу бодогдож байна вэ?

-Би ямар ч байсан үхэж болохгүй юм байна гэдгээ л мэдэрч байна. Зөвхөн хоёр хүүхдийнхээ төлөө ч биш, энэ олон хүний итгэл, намайг гэон сэтгэлийг хараад би ингэж бодож байна. Би одоо шийдчихсэн.

-Юу шийдчихсэн гэж?

-Амьд явах ёстой гэж. Ямар ч эмчилгээ, хагалгаа байсан би даагаад гарна аа. Түүнээс өөр асуулт асуух ч боломж олдсонгүй. Уг нь би түүнээс Нөхрөөсөө айж байна уу гэж асууя гэж бодсон юм. Ингэж асуусан ч тэр Үгүй л гэж хэлэх байсан байх. Хамгаалагч нар түүний бие тааруухан байгааг хэлж, түүн рүү хэт ойртохгүй байхыг сануулж байсан юм. Хүмүүсийн дунд түүний салсан нөхөр, эхнэртэйгээ хамт явж байна гэсэн яриа тарж, хамгаалагч нар ч гадааллаа. Тунгалагийг Монгол ньюс-ийн байрнаас гарч ирэхэд нь нэгэн эрэгтэй Чамайг ална даа гэсэн, тэр яг нөхөр нь байсан гэцгээж байсан юм. Эцэст нь хэлэхэд, монголчууд ядарсан хүн бүрт биш ядарсан ч арчаатай, ажилсаг, ухаалаг хүнийг дээдэлж хүндэлдэг монгол зан, ухаалаг чанар, хүний мөсөө гээгээгүй гэдгийг эндээс харж болохоор байлаа. Баярлалаа Тунгалаг аа, баярлалаа сайхан сэтгэлт ард түмэн минь. Сониныхоо хамт олны өмнөөс чиний ирээдүй гэрэл гэгээтэй байж, хоёр сайхан үр чинь хүний зэрэгтэй хүн болох болтугай гэж ерөөе. Түргэн эдгээрэй.

Б.Оюунгэрэл

2007.05.30 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button