ХЗХ-ны хохирогчдын эрхийг УИХ хамгаалж чадах уу

Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал 10000 гаруй иргэнийг амьжиргаагүй болгосон. Тэдний нийт 60 тэрбум төгрөг зүгээр л салхинд хийсчихсэн. Энэ бол мөнгө. Их хэмжээний мөнгө. Даанч луйварчдын гарын салаагаар гоожчихсон л болохоос. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид өнгөрсөн хугацаанд мөнгөө олж авахын тулд боломжтой бүхий л аргаар тэмцэж байна. Жагсаал, цуглаан зохион байгуулж, өлсгөлөн, суулт зарлаж, одоо зарим нь бүр цөхрөх хандлагатай болжээ. Зарим нь ч тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдээд байна. Засгийн газраас нийт хохирлын 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төсвөөс гаргаж, хохирогчдод өгөх хуулийн төсөл санаачилсан ч энэхүү төсөл УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч, хуульчлагдах эсэх нь одоо хэр эргэлзээтэй байгаа юм. Ямар ч байсан, хадгаламж зээлийн хоршооны хохирогчид гэх Монгол Улсын иргэдийн эрх ашиг хохирсон нь тодорхой. Хүний эрхийн үндэсний комисс тэдний эрхийг хамгаалахаар есөн зүйлийн санал боловсруулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Хүний эрхийн дэд хороонд хүргүүлжээ. Дэд хороо өчигдөр энэ асуудлыг хэлэлцэв. Хүний эрхийн дэд хороо нь таван гишүүнтэй. Гэсэн ч өчигдрийн хуралдаанд Э.Бат-Үүл, Д.Баттулга нар л ирсэн харагдсан. Ц.Шаравдорж гишүүн утсаар ярьж, ирсэн гэж бүртгүүлсэн юм байх. Таван гишүүний нэг нь утсаар хуралдаа сууж, хоёр нь танхимдаа ирснээр дэд хорооны хуралдаан эхлэв. Дүрэм бол дүрэм. Хэдийгээр дэргэд нь ганцхан гишүүн сууж байгаа ч хурал даргалагч Д.Баттулга гишүүн, За, асуулт асуух гишүүд гараа өргө гэж байв. Гурван гишүүн байж ирц бүрдэх учир утсаар ажлаа хийж байгаа гишүүнээ оролцуулан ийн олон тоон дээр ярьсан хэрэг биз. Хүний эрхийн үндэсний комиссын саналд, УИХ, Засгийн газар хохирогчдын тавьж буй шаардлагын талаар өөрийн бодлого, чиглэлээ тодорхойлж, иргэдэд мэдэгдэх ёстой гэжээ. Засгийн газар шүүхийн шийдвэрийгбодитой, хурдан шуурхай биелүүлэх бололцоог хангах, зээлийг шүүхийн журмаар эргэн төлүүлэх асуудлыг зохион байгуулах хэрэгтэй гэх саналыг ч бас тавьсан байна. Цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Өмгөөлөгчдийн холбооны ажлын уялдаа холбоо хангалтгүй байгааг Хүний эрхийн үндэсний комисс шүүмжилжээ. Хуулийн байгууллагууд өөртэй нь холбоотой гомдол, санал гарахаас хэт болгоомжлох байдал ажиглагдаж байна гэж ХЭҮК-ын дарга Д.Солонго ярив. Хадгаламж зээлийн хоршоодын битүүмжилсэн хөрөнгийн худалдагдах боломжит үнийн судалгааг яаралтай хийж, хохирогчдод мэдэгдэх нь зүйтэй гэж тэд бас үзсэн байна. Хэрэв төрийн албан хаагниддампуурсан хадгаламж зээлийн хоршоодоос зээл авч байсан бол түүний харьяалсан төрийн байгууллага нь эдгээр албан тушаалтнаар зээлийг төлүүлэх ёс зүйн шаардлага тавих ёстой гэсэн байр сууриа ч тэд илэрхийлжээ. Удаан хугацааны хорих ял шийтгүүлсэн эздийг хохирлоо төлөх боломж бүхий ажлын байраар хангах боломжтой хувилбар бий болгох, шүүхийн төсөв тодорхой хязгаартай тул хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой хэргийг шийдвэрлэх явцад төрөөс шүүхэд санхүүгийн болон бусад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх шаардлагатай байна гэж ХЭҮК-ын саналд дурьдсан байна. Түүнчлэн, хадгаламж зээлийн хоршооны хохирогчид Монгол Улсад Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийг 2007-2008 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд заасан Гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд нөхөн төлбөр олгох тухай хуулийн төслийг боловсруулах, хохирлыг барагдуулах сангийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх-ээр тусгасныг нэн даруй хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм. Тиймээс УИХ дээрх хуулийг хэлэлцэхгүй байгаагийн шалтгааныг нийтэд ил тод болгож, санг хэрхэн бүрдүүлэх талаар олон нийтээс, тэр дундаа хохирогчдоос санал авах ажлыг зохион байгуулах нь зүйтэи гэж үзжээ. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Э.Бат-Үүл, ХЭҮК ийм том, том санал. боловсруулсан нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжид хэр нийцэж байгааг сонирхов. Харин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ш.Сүхбаатар, Энэ санал манай яамаар дамжаагүй. Өнөөдөр л сонсч байна. Тиймээс асуудлыг судалж үзээд, ХЭҮК-ын саналууд хууль, тогтоомжид хэр нийцэж байгааг эргэж мэдээлье хэмээн хариулав. Хүний эрхийн дэд хорооны гишүүд уг саналыг УИХ-ын байнгын хороонд уламжилж, хэлэлцүүлэхээр тогтов. Мөн шүүх, прокурорын байгууллагад ч бас танилцуулахаар боллоо. Дараа нь, ХЭҮК-ын дарга Д.Солонго тус комиссоос жил бүр УИХ-д танилцуулдаг ээлжит мэдээллийг сонордуулав. Үүнд, цэргийн албан хаагчийг сахилгад хорих үед эрх нь зөрчигдөж байгаа мэдээлэл анхаарал татсан юм. Одоогоор байлдагч, түрүүч цолтонг цэргийн арав гаруй албан тушаалтны шийдвэрээр сахилгад хорьж байгаа нь учир дутагдалтай аж. Харин ийм шийтгэлийг заавал прокурорын шийдвэрээр оноож байхыг ХЭҮК санал болгож байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөх нь их байгааг тэрбээр, анхааруулав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхах шинжтэй төрийн шийдвэрийг өөрчлөх шаардлагатай байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгдөг 26500 төгрөгийн тэтгэлэг тэдний амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгааг хатагтай Д.Солонго УИХ-ын дэд хорооны гишүүдэд анхааруулав. Боловсролын байгууллагуудад ийм иргэд сурч, боловсрох орчин нөхцөл бүрдээгүй байгаа нь хэн ч сурч боловсрох эрхтэй гэсэн тулгуур хуулийн зарчмыг алдагдуулж байгаа гэнэ. Эцэст нь хэлэхэд, Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна гэж ХЭҮК-ын дарга Д.Солонго дүгнэсэн юм.

Э.Соёл-Эрдэнэ

2007.05.30 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button