УИХ-ын гишүүн Ч.Улааны гэм бурууг хүлээлгэхийн төлөө Эрс шинэчлэл-ийнхэн тэмцэнэ

Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн Ч.Улаан гишүүнтэй нэгийгээ үзэхээр шийдсэн бололтой. Өчигдөр болсон сэтгүүлчидтэй хийсэн чөлөөт ярилцлагын үеэр тэд ийн ам алдсан юм. Хэн нэгэн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, Монголд хохиролтой, улсад алдагдалтай хариуцлагагүй үйлдэл хийж буйг гараа хумхиад, нүдээ таглаад зүгээр хараад сууж чадахгүй. Тэдний эсрэгтэмцэх болно гэдгээ илэрхийлсэн.

Албан тушаалаа урвуулан ашиглаж, Монголд ашиггүй, гэрээ хийсэндээ Ч.Улаан хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа тэд нуугаагүй. Ч.Улааны ёс бус хариуцлагагүй үйлдлийнх нь төлөө гэм буруутайг нь тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзэж байгаа аж. Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн энэ талаарх гомдлоо Улсын мөрдөн байцаах газарт гаргасан гэнэ. Улсын мөрдөн байцаах газраас Ч.Улаанд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд Нийслэлийн прокурорын газарт хандахыг зөвлөжээ. Энэ дагуу тус хөдөлгөөнийхөн нийслэлийн прокурорын газарт хандаж Ч.Улааны хариуцлагагүй үйлдлүүдийг шалгаж өгөх хүсэлт гаргасан аж. Уг өргөдөлдөө УИХ-ын гишүүн Ч.Улаан нь 2000-2004 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Цайрт минерал компанитай холбоотой үйлдлүүдийг хийж, Монгол Улсын үндэсний эрх ашигт ноцтой хохирлыг учруулсан талаарх баримт нотолгоог дэлгэсэн байна.

Тус хөдөлгөөнийхөн Ч.Улаан гишүүнийг Сангийн сайдаар ажиллаж байхдаа Хятадын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт өгсөн хөнгөлөлтэй зээлийн 25.0 сая ам.дол ларыг Хятадын өнгөт төмөрлөг, гадаад барилгын зураг төслийн компанид зувчуулан өгсөнд буруутгаж байгаа гэнэ. Мөн 2002 онд Цайрт минерал-тай манай улсын Засгийн газрын байгуулсан тогтвортой байдлын гэрээг цуцлаагүйгээс болж Монгол Улсын төсөвт жил бүр төвлөрөх ёстой байсан 60-100 тэрбум төгрөгийг алдсанд нь хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж буй аж. Тэрчлэн Японы Иточу корпорацид төлөх ёстой хувийн компанийн өрийг улсын төсвөөс төлж, дундаас нь их хэмжээний мөнгийг унагаж хувьдаа завшсан талаар хууль хяналтын байгууллахаар шалгуулахыг хүсчээ. Харамсалтай нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Жадамба УИХ-ын гишүүн Ч.Улааны үйлдэл нь гэм буруугүй, Монгол Улсын эрх ашгийг зөрчөөгүй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзасан гэсэн албан бичгийг Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөнд хүргүүлжээ. Тэдний ярьж буйгаар бол энгийн иргэний гомдлыг хэдэн жил, хэдэн сараар хав дарчихдаг прокурорынхан дэндүү хурдан шаламгай хөдөлж, 24 цагийн дотор Ч.Улаантай холбоотой хавтас материалыг шалгасан гэнэ. Хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй хүчтэний өмнө хууль хүртэл хүчгүйддэг юм байна хэмээн тэд гомдоллосон.

Нийслэлийн прокурорын газраас явуулсан албан тоотоос үзвэл Япон нь манай улсад зээл олгодог гол улсуудын нэг учраас сайн харилцаагаа хадгалах зорилгоор дээрх өрийг төлсөн нь зөв гэх маягийн Ч.Улааны үйлдлийг илт өмөөрсөн нь хандлага илэрсэн нь тус хөдөлгөөнийхнийг ундууцлыг төрүүлээд буй аж. Хувийн компанийн өрийг улсын төсвөөс төлж, дундаас нь мөнгө унагасан хүнийг яахаараа прокурорынхан зөвтгөсөн учрыг ойлгохгүй байгаа гэнэ. Тиймээс прокурорынхон худалдагдсан байж болзошгүй гэсэн хардлага тэдэнд төрсөн бололтой. Ямарч байсан УИХ-ын гишүүн Ч.Улааны гэм бурууг тогтоож хариуцлага хүлээлгэхийн төлөө чадах бүхнээ хийхээ тус хөдөлгөөнийхөн өгүүлсэн. Тэдэнд Ч.Улаан гишүүнтэй холбоотой өөр олон баримтууд байгаа гэнэ лээ.

(Ардын эрх 107/639)

Ж.Эрхэс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button