Дыбовский усан онгоц хэний мэдэлд байгаа нь тодорхойгүй байна

Хөвсгөл далайд живсэн Дыбовский усан онгоцны талаар сүүлийн үед олон янзаар ярьж, бичих болсон. Мөн Хөвсгөл далайн уснаас авсан шинжилгээний хариу өчигдөр гарах байсан хэдий ч хугацаандаа гарч чадаагүй байна. Энэ талаар албаны эх сурвалжуудаас нь тодрууллаа.
Хөвсгөл аймгийн Ханхсумын Засаг дарга Л.Даваабаяртай ярилцсан юм. Тэрээр, нуурын ус бохирдсон тул хүмүүс ууж чадахгүй байна, тууралт гарсан болон нуурын уснаас уусан мал хордож үхсэн гэдэг яриа бүгд худал. Мөн Ханх сумын иргэд Засгийн Газрыг шүүхэд өгнө гэдэг ч худал яриа. Хүмүүс нуурын уснаас ундандаа хэрэглэсэн хэвээр байгаа гэсэн юм.
-Байдал одоогоор ямар байна вэ?
-Дыбовский усан онгоцны ул цоорсоноос алдагдаж болох шатахууныг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард холбогдох газраас соруулж авсан. Харин бага зэрэг шатахуун үлдсэн юм билээ. Бид Эрхүүгийн Энерго строй ХХК, Хөвсгөл аймгийн Тусгай хамгаалалттай газрын захиргаа, Монголын Толубой камень ХХК-тай дээрх усан онгоцыг нуурын мандлаас гаргах гурвалсан гэрээг тавдугаар сарын 23-нд байгуулаад байна. Тэд тавдугаар сарын 29-нд ирнэ гэж амласан. Өнөөдөр ирэх байх. Тэдгээр газруудыг бид техникийн хувьд боломжийн гэж үзсэн юм. Гаргах нь яахав гаргах байх. Харин нөхөн торгуулийн эзэн нь олдохгүй байна. Хантүев гэж нэг нөхөр усан онгоцны эзэн нь гэдэг. Гэхдээ тэр энэ талаар ярихдаа, Новосибирскийн Эрдэс судлалын төвийнх, нэг болохоор Улаан-Үдийн их сургуулийн хүрээлэнгийнх, нөгөө болохоор Монголын ШУА-ын н.Төмөрхүү гэгчийнх эсвэл минийх гээд байгаа.
-Хантүев гэгч юун хүн бэ?
-Улаан-Үдийн дээд сургуулийн дэд захирал гэсэн. Тэр үе үе Хөвсгөл нуурт ирдэг юм. Хувиараа бизнес эрхэлдэг гэсэн үг . Хамгийн сүүлд энэ тавдугаар сарын дундуур ирсэн. Тэр аймгийн Мэрэгжлийн хяналтрын албанаас 2005 онд лацадсан байсан усан онгоцыг 2006 онд зөвшөөрөлгүйгээр авч ашигласан. Тэгээд зориулалтын бус талбайд тавьсанаас нуурын ёроол дахь чулуунд ул нь цоорсон бололтой. Гэхдээ тэр усан онгоцыг танай тал ав гэж Хантүев хэлдэг. Уг нь засч болно гэсэн. Гэхдээ бид усан онгоцыг хамгаалалтад авна гэсэн бодолтой байгаа гэсэн юм. БОЯ-ны Тусгай хамгаалалттай газрын нутгийн удирдлагын газрын дарга А.Намхайтай уулзан шинжилгээний хариуны тухай асуухад,
-БОЯ-ны Төв лабораториас одоогоос дөрөв хоногийн өмнө нэг метр болон 50 метрийн зайтай хоёр хэсэг газраас усны дээж авсан . Хариу нь өнөөдөр /өчигдөр/ гарах ёстой байсан ч дээжний усыг ууршуулж үзэх гэх мэт цаг хугацааны зарим асуудлаас болж, хугацаа нь хойшлоод байна. Хариу нь өнөөдөр /маргааш/ гарна. Шинжилгээгээр Хөвсгөл далайн усан дахь нефтийн хэмжээ гарах болно гэсэн юм.
(Ардын эрх 107/639)
С.Бадарч