Ерөнхийлөгчийн засаглалд шилжинэ гэдэг чинь бүх эрх мэдэл нэг хүний гарт шилжинэ гэсэн үг

АНУ-ын Вошбөрн их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор Боб Бийтти өчигдөр Монголын сэтгүүлчидтэй уулзлаа. ОХУ, Хятад, Япон улсад улс төр судлалын хичээл зааж байсан энэ эрхэм АНУ-ын гадаад бодлого, 2008 оны Ерөнхийлөгчийн сонгууль сэдвээр лекц уншсан юм. Ноён Боб лекцийнхээ үеэр Манай хоёр орны найрамдалт харилцаа хэн гэдэг хүн Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас үл шалтгаалж хурдацтай хөгжиж байна хэмээн онцлон хэлэв. УИХ-ын 2008 оны сонгуультай АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бараг давхцах юм байна. Эрх чөлөөний оронд болох уг ээлжит сонгуульд улс төрийн хоёр намаас нийт 20 орчим нэр дэвшигч оролцох гэж буйгаараа онцлог аж. Тэдэн дунд янз бүрийн боловсрол, шашин шүтлэг, угсаа гарал, хүйс, арьсны өнгөтэй нэр дэвшигчид бий. Энэ бол өөр нэг онцлог нь юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь тэргүүн хатагтай байсан хүн нэр дэвшиж байгаагүй. Гурав дахь онцлог нь энэ.

СЭМ авгынд болдог сонгууль хоёр шатлалтай. Нэгдүгээрт, улс төрийн намууд гишүүнээ нэр дэвшүүлнэ. Хоёрдугаарт, бүх нийтийн сонгуульд нэр дэвшигчид өрсөлддөг. АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтоны эхнэр Хиллари Клинтон сонгуулийн сунгаандаа тунодтой яваа гэнэ. Түүнд маш олон хүн дэмжлэг үзүүлж, сонгуулийн санхүүжилтэд нь 36 орчим сая ам.доллар хандивлажээ. Сонгуульд нэр дэвшигч нь олон нийт оролцсон кампанит ажилд 200, дараагийн шатанд 100 орчим сая ам.доллар зарцуулах шаардлагатай байдаг аж. Экс тэргүүн хатагтайн хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр Кени гаралтай, өнгөт арьстан Барак Обама тодроод буй. Одоогоос хоёр жилийн өмнө улс төрийн тавцанд гарч ирсэн энэ эрхэм 45 настай, хамгийн залуу нэр дэвшигчдийн нэг. Түүний ард Африкийн олон мянган итгэн бишрэгч нь бий гэнэ.

Ардчилсан намаас нэр дэвшсэн Барак Обама сонгогчдын дэмжлэгийг хамгийн их авч байгаа. Хэрэв Хиллари Клинтон Ерөнхийлөгчөөр сонгогдвол Обама дэд Ерөнхийлөгч болох өндөр магадлалтай байгаа юм байна. Мөн Хилларигийн гол өрсөлдөгчид дунд АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жонн Эдуард, Латин Америк гаралтай Билл Ричардсон, өмнөх сонгуульд Жорж Бушт ялагдаж байсан Жонн Геи, Нью-Йорк хотын дарга байсан Руди Жулиани нар байгаа. Сонгуулийн сунгааны үеэр тэд бүгдээрээ сонгогчдодоо таалагдаж буй нь ажиглагчдын дуранд өртжээ. Сонгуулийн сунгааны үеэр сонгогчдын дэмжлэгийг авсан байдлыг харвал Хиллари Клинтон 46, Барак Обама 45 хувьтай байгаа аж. АНУ-ын улс төр судлаачдын анхаарлын төвд буй үйл явдлаас сэдэвлэж лекц уншсаны дараа ноён Боб Бийттид дараах зүйлийг сонирхлоо.

-Сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаанд хандивласан мөнгийг юунд яаж зарцуулсныг хянах ямар тогтолцоо байна вэ?

-Өмнө нь сонгуульд нэр дэвшигчдэд хүмүүс дугтуйтай мөнгө өгдөг байсан. Хожим нь хувь хүн нэр дэвшигчид 2300 ам.доллар хандивлах гэх мэтчилэнгээр тодорхой хязгаарлалт тогтоодог болсон юм. Энэ ажлыг хариуцдаг Холбооны сонгуулийн комисс нэр дэвшигчдийн дансанд хэн хэчнээн доллар хандивласан бэ гэдгээр гурван cap тутамд жагсаалт гаргаж, вэб сайтаараа мэдээлдэг. АНУ-ын нэг муж гэхэд л дор хаяж 25 сая хүн амтай гээд бодоход зардал маш их гарна. Сонгогчдын хандивласан мөнгөний ихэнх нь телевизийн сурталчилгаанд зарцуулагддаг. Мөн сонгуулийн штабын байр, утасны төлбөр гэх мэтчилэн зардал өндөр л дөө.

-Манай улсын төрийн өндөр албан тушаалтнууд зургадугаар сарын 15-наас өмнө хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газар өгөх ёстой. Одоогийн байдлаар цөөхөн хүн орлогоо мэдүүлсэн гэсэн. АНУ-д тухайн хүн улс төрийн тавцанд гарахаасаа өмнө хөрөнгө орлогоо мэдүүлсэн байх ёстой юу. Эсвэл Сенатын гишүүн ч юмуу Ерөнхийлөгч болмогцоо хөрөнгө, орлогоо олон нийтэд зарладаг уу?

-Америкт Сенат ба Конгрессийн гишүүд, амбан захирагч нар төрийн өндөр албан тушаалтны ангилалд багтана. Тэд албан тушаалд дэвшихийнхээ өмнө санхүүгийн тайлангаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг. Тухайн хүн төрийн өндөр албан тушаалыг хаших явцдаа ямар ч бизнес эрхлэх ёсгүй. Хариуцлагатай алба хашиж л байгаа бол мөнгөө өөр газар менежерийнхээ нэр дээр байршуулаад, зарцуулах эрх багатай үлддэг. Тэд хөрөнгө орлогоосоо гадна эрүүл мэндийнхээ байдлын талаар олон нийтэд мэдээядэг юм. Харин ОХУ-ын зарим төрийн зүтгэлтэн албан ажлынхаа хажуугаар бизнес эрхэлдэг юм билээ.

-Парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжье гэж ярих боллоо. Манайх шиг жижиг оронд аль хэлбэр нь оновчтой вэ?

-Хэрэв тухайн улсад Ерөнхийлөгчийн засаглал ноёрхож байгаа бол гүйцэтгэх засаглалын бүх эрх мэдлийг ганц хүн л гартаа атгана гэсэн үг. Ийм улсад парламентын засаглалтай орон шиг Засгийн газраа огцруулъя, энэ тэр гэж хэзээ ч дуугарч чаддаггүй. Товчхондоо, Ерөнхийлөгч нь бүх эрх мэдлээ хэрэгжүүлээд явчихдаг. Харин парламентын засаглалтай оронд бол парламентаа, Засгийн газраа тар гэж шаардах нь нээлттэй. Монгол Улс бол холимог парламентын засаглалтай орон. Яг л ОХУ, Украин шиг. Парламентын засаглалын эрхийг Засгийн газар, Ерөнхийлөгч нь хуваалцдаг. Миний хувьд, танай орныг тийм засаглалтай байх нь дээр гэж зөвлөх ч юм уу ярих нь оновчтой биш. Иргэн та нар л улс орноо ямар засаглалтай байхыг шийдэх дээд эрх мэдэлтэй хүмүүс шүү дээ.

-Монгол Улсын Сонгуулийн тухай хуулинд улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан байдаг. Одоо энэ тоог багасгах лобби явагдаж буй тухай ч сонсогдох болсон. АНУ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлнэ гэж хуульчилсан байдаг бол?

-Тийм квот байдаггүй. Сүүлийн арван жилд улс төрийн тавцнаа эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь нэмэгдсэн. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга, олонхийн бүлгийн ахлагч нь эмэгтэй хүмүүс байдаг. Энэ бол Ерөнхийлөгчийн засаглалтай орны дээрээсээ гурав дахь хүн нь гэсэн үг. Мөн Канзас мужийн амбан захирагч нь эмэгтэй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар хоёр ч эмэгтэй сонгогдлоо. Их Британи улс квотын тогтолцоотой.

-АНУ сонгуулийн ямар тогтолцоотой вэ?

-Мажоритар. Сонгуульд олонхийн санал авсан хүн ялалт байгуулна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүн муж бүрээс доод тал нь 270 санал авсан байх ёстой. Манай орон 1786 оноос мажоритар тогтолцоог хэрэгжүүлж ирсэн. АНУ-ын бүх муж улсад Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт яг нэг өдөр явагддаг.

-Билл Клинтон яагаад өөрөө өрсөлдөхгүй эхнэрээ сонгуульд нэр дэвшүүлсэн юм бол?

-Хуулиараа бол тухайн хүн сонгуульд гурван удаа нэр дэвшиж болдоггүй. Хиллари хувь хүний хувьд тууштай, аливаад задлан шинжилгээ хийх чадвартай, ухаалаг бүсгүй. Ардчилсан намынхан түүнийг үнэхээр их дэмждэг. Билл Клинтон бол нийгмийн асуудалд тууштай ханддаг, зохион байгуулалт сайтай хүн. Экс тэргүүн хатагтай Нью-Йоркийн Сенатын сонгуульд амжилттай өрсөлдөж явсан эмэгтэй шүү дээ.

(Ардын эрх 107/639)

С.Баттулга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button