2010 оноос худалдааны эргэлт нэг милиард долларт хүрэх боломжтой

Тус уулзалтаар ямар асуудлыг хөндөж ярьсан талаар МҮХАҮТ-ын Ерөнхий нарййн бичгийн дарга Э.Оюунтэгштэй манай сурвалжлагч уулзсан байна.
Манай хоёр орны парламентийн бүлгүүдийн уулзалтад бизнес эрхлэгчдээ төлөөлж Танхим ямар асуудлаар оролцов ?
В. П. Войтенко тэргүүтэй айлчлалын хүрээнд хоёр талын парламентийн бүлгийн ажлын уулзалтын гол зорилго нь Монгол, Оросын худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ямар саад бэрхшээл байгаа талаар харилцан бие биедээ ярилцаж, асуудлыг хоёр тал нааштайгаар шийдвэрлэх явдал байлаа.
Хоёр орны худалдааг хөгжүүлэхэд, бизнес эрхлэгчдэд ямар саад бэрхшээл тулгарч байгаа талаар миний бие илтгэл тавьсан юм. Өнгөрсөн жил хоёр орны худалдаа эдийн засгийг хөгжүүлэх 2006-2010 оны хөтөлбөр батлагдаж гарсан билээ. Энэ хөтөлбөрийн дагуу Монгол, Орос орны худалдааны эргэлт 2010 гэхэд нэг миллард ам. долларт хүрэх учиртай. Өнөөдийн байдлаар хоёр орны нийт худалдааны эргэлт 580 гаруй сая ам доллар байгаа. Монголоос экспортлож байгаа бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээ өндөр байгаа бөгөөд Оросын холбооны улс руу голчлон ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн зонхилдог. Ноос ноолуурын бүтээгдэхүүний хувьд гаалийн онцгой татварт 40-80 хувь төлдөг. Тэгэхлээр өндөр хэмжээний татвар төлөөд Оросын зах зээлд гарахад манай бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Харин өндөр үнэтэй манай бүтээгдэхүүний чанар чансаа, өрсөлдөх чадвар доогуурт орчихдог. Энэ асуудлыг анхаарч гаалийн татварыг бууруулах, гаалийн татварт нэмэлт өөрчлөлт оруулах санал бид тавьсан. Мөн гаалийн хүнд суртал бизнес эрхлэгчдэд ихээхэн хүндрэл учруулдаг. Нөгөөтэйгүүр мал эмнэлгийн бичгээс эхлээд хэрэгтэй хэрэггүй бичиг баримт шаарддаг. Үүнийг цэгцэлж өгөх саналаа Танхим илэрхийлсэн. Гурвдугаарт визний асуудлыг хөндөж тавьсан байгаа. Тухайлбал, бүс нутагт байнга зорчиж байдаг жижиг дунд бизнес эрхлэгчдэд байнгын виз олгох тухай асуудлаар ярилцсан,
Дараагийн хөндөж ярьсан зүйл нь банк, санхүүгийн төлбөрийн бэрхшээлтэй асуудал байсан. Тодруулбал, банк, санхүүгийн байгууллагуудын хоорондын нэгдсэн сүлжээг бий болгоход хоёр талын Засгийн газар зохицуулж өгөх боломжтой гэсэн санал тавьсан.
Энэ удаагийн уулзалт ажил хэрэгч болж, хоёр тал шийдвэрлэвэл зохих асуудлын жагсаалт бүхий баримт бичиг боловсруулж баталгаажуулсан аж. Тус баримт бичигт МҮХАҮТ-аас оруулсан санал бүрэн тусгагдсан гэнэ. Уг уулзалтын үеэр нефть импортлогчдын төлбөрийн нөхцөлд өөрчлөлт орж, өмнө нь нефть тээвэрлэлтийн явцад гарч байгаа зөрчлийг нийлүүлэгч тал хариуцдаг байсан бол одоо худалдан авагч тал хариуцах болсон гэдгийг онцолж байлаа.
Бизнесийн цаг (15/509)
П.янжинлхам