Дэлхий нийтээр тамхи татахгүй өдөр

Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 2020 он гэхэд жилд 10 сая хүн тамхинаас шалтгаалан нас барах бөгөөд тэдгээрийн 70 хувь нь манайх шиг хөгжиж буй орнуудад ноогдох юм. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2005 онд хийсэн судалгаагаар манай насанд хүрсэн хүн амын 28 хувь, эрэгтэйчүүдийн 48.4 хувь, эмэгтэйчүүдийн 5.5. хувь нь тамхи татаж байна.
2003 онд явагдсан Дэлхийн залуучуудын тамхины судалгаа-гаар ЕБС-ийн сурагчдын 15.5% нь тогтмол татдаг гэж хариулсан байна. Тодруулбал манай хүн амын тамхины хэрэглээ сүүлийн 10 жилд 20 дахин нэмэгджээ. Үүнээс болж зүрх судасны өвчин, хавдар зэрэг тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнүүд жилээс жилд ихсэж сүүлийн 16 жилийн турш хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байгаа нь анхаарал татаж байна. Тамхи нь хэрэглэгчээ төдийгүй тэдний гэр бүл, хамт олон, орчин тойрны хүмүүсийг хордуулан эрүүл мэндээр хохироогоод зогсохгүй, эдийн засгийн хувьд ядуурахад хүргэдэг байна.
Иймээс манай улс Тамхины Хяналтын Суурь Конвенцид 2004 онд нэгдэн орж конвенцийн ерөнхий зарчим, арга хэмжээг өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулан Тамхины хяналтын тухай хууль-ийг шинэчлэн боловсруулж УИХурлаас 2005 онд батлан хэрэгжүүлж байна. Тамхинаас үүдэлтэй зонхилон тохиолдох халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, хянах, эмчлэх замаар хүн амыг эрүүлжүүлж, дундаж наслалтыг уртасгах зорилгоор Монгол улсын Засгийн газраас 2005 онд Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаагийн дээр 2006 онд баталсан Эрүүл монгол хүн Үндэсний хөтөлбөрийн тодорхой хэсэг нь ч мөн үүнд чиглэгдэж байгаа аж.
Жил бүрийн 5 дугаар сарын 31-нд тэмдэглэдэг Дэлхий нийтээр тамхи татахгүй өдөр- ийг энэ жил Тамхигүй орчин сэдвээр тэмдэглэж байна. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хүүхдийн бараг тал хувь нь гэр орон, сургууль, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар тамхины утаагаар амьсгалж байгаагаас 43.9 хувь нь гэртээ, 55.8 хувь нь олон нийтийн үзвэр, үйлчилгээний газарт байна. Иймээс олон оронд тамхигүй орчин бүрдүүлж тамхи татдаггүй хүмүүсийг тамхины утаанд өртөж хордохоос сэргийлэх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал 2004 онд Ирланд улс албан байгууллага, олон нийтийн үйлчилгээний газар тэрч байтугай зоогийн газар, баар, паабыг тамхигүй болгосон туршлагыг Шинэ зеланд, Итали, Урагвай зэрэг дэлхийн олон орны бүс нутаг, хотуудад дэлгэрээд байна.
Одоо Канадын нутаг дэвсгэр, муж улсын 80 хувь, АНУ-ын нутаг дэвсгэр, муж улсын 50 хувь нь албан байгууллага, олон нийтийн үйлчилгээний газар, зоогийн газар, баарыг тамхигүй болгоод байна. Тамхины хяналтын тухай Монгол улсын хуулийн Утаат тамхи татахыг хориглох газар гэсэн 9 дүгээр зүйлд албан байгууллага, баар, зоогийн газар, бусад олон нийтийн үйлчилгээний газрыг тамхигүй орчин болгох, юуны түрүүнд хоёр үйлчилгээний заалтай газрууд нэгийг нь тамхи татдаггүй хүмүүст үйлчилдэг болгох талаар тусгасан байгаа. Иймээс хуулийн энэхүү заалтыг амьдрал дээр хэрэгжүүлэх нь л чухал болоод байна. Энэ өдрийг угтаж ЭМЯ-наас ДЭМБ, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэнд, Боловсролын газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Монголын Оюутны Холбоо, Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Нийслэл, дүүргийн Засаг дарга, иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчидтэй уулзалт ярилцлага хийн ЕБС-ийн багш нар, Улсын болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид болон томоохон Зоогийн газар, баар зэрэг үйлчилгээний газрын дарга, менежэрүүдэд сургалт явуулж хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд нийтлэл нэвтрүүлгийн уралдаан, ЕБС-ийн хүүхдүүдийн дунд зургийн уралдаан зарлаж дүгнэсэн байна.
Өнөөдөр Сүхбаатарын талбайд ДЭМБ, ЭМЯ, МОХ хамтран Тамхигүй орчин бүрдүүлэе сэдэвт өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ жилийн тамхигүй өдрийн сурталчилгаанууд тамхигүй байгууллага, хамт олон, өрх гэрийг олшруулахад чиглэх аж. Тамхины далд сургалчилгаар хэвлэл мэдээллийн байгуулага ихээхэн ашиг олж байгаа бөгөөд энэ орлогоосоо С-1 телевизийн хамт олон татгалзжээ. Тэд бас тамхигүй байгууллага, хамт олон болох амлалт аваад байгаа юм байна. Эргэн тойрон буй бүхий л зүйлийг хордуулсаар байгаа Тамхины хороос өөрийгөө ч өрөө будсыг ч хол байлгах тал дээр иргэн бүр анхаач байхыг уриалж байна.
Т.Од /olloo mn/