Амьдрал зогссон арван жил

Арав гаруй жил хийх ажилгүй сул зогсч, соёлт ертөнцөөс тасарна гэдэг тэдний хувьд хар дарсан зүүд шиг он жилүүд байсан нь лавтай. Өмнөх сурвалжлагад Мөнгөний ордын талаар нэлээн дэлгэрэнгүй өгүүлсэн болохоор энэ удаад орон нутгийн амьдралын тухай хүүрнэхээр шийдлээ. 1990-ээд оны эхэн үед Асгатад ёстой л амьдрал буцалж, нэг үеийн шижигнэсэн залуус гар нийлэн ажиллаж байжээ. Тэр үед ирдэггүй том дарга, идээгүй тансаг хоол гэж бараг үгүй. Харин 1990 он гарч нийгмийн тогтолцоо орвонгоороо өөрчлөгдөж, улс орон зах зээлд шилжсэнээс хойш Асгатад хүн амьдардаг гэдгийг бараг л мартаж орхижээ.

Хамгийн сүүлд 1989 онд сэтгүүлчдийн баг Асгатад ирж, нутгийнхантай уулзаад явснаас хойш хэвлэлийнхэн дахиж ирэлгүй арван найман жил өнгөрч. Энэ хооронд мөнгөний ордын хайгуулын ажилд залуу насаа зориулсан хэдхэн хүн бууриа сахин ордоо манан хоцорч, бусад нь амьдралын эрхээр төв суурин газар барааджээ. Эдүгээ Асгат багийн төвд 18-хан өрх, Асгат уулын үйлдвэрт мөн л арваадхан хүн ажиллаж байна. Зам харгуй, гэрэл цахилгаан, үзвэр үйлчилгээ юу ч байхгүй газраас яваад өгмөөр санагддаг ч баруухан талд нь дүнхийх Мөнгөтийн хяраа, Асгатын мөнгөний ордоо хаяад явах сэтгэл байдаггүй тухай нутгийнхан ярьсан.

Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд хааяа нэг ирэхээрээ Асгатын мөнгөний ордыг ойрын хугацаанд ашиглалтад оруулна гэж амладаг ч хэлсэн амандаа хүрэлгүй явсаар арваад жил өнгөрчээ. Одоогийн УИХ-д Асгатынхныг төлөөлөн суугаа эрхэм гишүүн А.Бакейгийн мөрийн хөтөлбөрт Асгатын мөнгөний ордыг ашиг лалтад оруулах тухай заалт байдаг гэнэ. Бүрэн эрхийнх нь гуравны хоёр нь өнгөрчихөөд байхад амлалт нь ажил хэрэг болоогүй л байна. Стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглалтад оруулахыг ганц гишүүн дур мэдээд шийдэж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ талаар санаачилга гаргаж, идэвхтэй хөөцөлдөж болох л байсан. Гишүүдээс гадна 1996 оноос хойш ажилласан бүх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах зорилт байсан ч бас л бодит ажил бололгүй өдийг хүрсэнд нутгийнхан тун ч гомдолтой сууна лээ. Мөр нь баларсан хуурмаг амлалтын хар сүүдэр нутгийнхны нуруун дээр арван жил тусч байна.

Эргэн тойронд сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдсэн энэ газарт янгир, аргаль, ирвэс, үнэг, чоно, хойлог гээд дархан цаазтай, улаан номд орсон ховор амьтад нутагладаг юм байна. Бас тарвагатай. Тэгэхдээ хар, цагаан тарвага хоёул байдаг гэсэн. Өвөлдөө ууланд маш их цас унадаг учраас хавар зундаа нэлээн чийглэг, үүгээр түүгээр хоржигнох горхи олон. Багийн төвийн дээд, доод талд тасарч тогтсон Асгат нуур цэлэлзэнэ. Энэ нууранд загас элбэг байдаг гэж нутгийнхан хэлж байсан. Хилийн цаад талд Тувачууд нутагладаг гэсэн. Yе үе малын хулгайчид хил зөрчиж сандаргадаг юм байна. Тэд мал хулгайлна. Увсын хил шиг учиргүй буун дуу хангинаад байхгүй ч байсхийгээд л түгшүүр төрүүлдэг тухай энэ хавийн хилийн баганыг хариуцаж ажилладаг тавдугаар заставын дарга А.Хавдалхах өгүүлж байв.

Эцэст нь өгүүлэхэд энэ ордоор улс төрийн оноо авахыг хүсдэг улстөрчид, иргэний хөдөлгөөнүүд, эрдэмтэд, хөрөнгө оруулагчид Асгатад очоод нэг үзээрэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button