Батж.Батбаяр далай ээжийг цаазлахаар зэхэж байна

УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү Батбаярын Батхишигийн нэр дээр Талст Маргад гэдэг компани байдаг аж. Энэ компани Хөвсгөл аймгийн нутагт фосфоритын орд эзэмших лиценз олж авахаар №19324, 19325 дугаартай өргөдөл барин гүйсээр удаж байгаа. Юмны эзэн сумны занги Лу.Болдын нэр ч тэдэн дунд цохиж явах юм. Гэтэл Лу.Болд нь АМГТХЭГ-ын даргын хувиар, өөрийн эрх мэдлийн хүрээнд энэхүү фосфоритын ордыг гаднынхан, тэр тусмаа хятадууд их сонирхож байгаа гэсэн мессежийг зориуд тарааж, өөрөөсөө холдуулан төөрөлдүүлж буй. Нарийндаа бол зөвхөн Б.Батхишиг, түүний аав эрхэм гишүүн Батж.Батбаяр, Лу.Болд тэргүүтнээс гадна Зүүн хойд азийн нийгэмлэгийнхний хийж байгаа ажил байх гэсэн таамаглал ч байна.
Одоогоос хоёр гуравхан жилийн өмнө энэ ордыг ашиглавал Хөвсгөл далай ээжид мөхлийн аюул тулгарна гэдгийг дээрх эрх мэдэлтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан журмын нөхөр, УИХ-ын гишүүн агсан О.Энхсайхан тэргүүтэй нутгийн ардууд дуу хоолойгоо нэгтгэж байсныг олон хүн мартаагүй байх. Талийгаачаар ахлуулсан Миний Монголын газар шороо, Хөвсгөл далайгаа хамгаалах хөдөлгөөн зэрэг ТББ-ууд энэ ордыг ашиглуулахгүй байх, улмаар тэртээ тэргүй ширгэж буй Хөвсгөл далайгаа элдэв химийн хорт бодисоор хордуулалгүй эсэн мэнд авч үлдэхээр эцсээ хүртэл эсэргүүцэн тэмцэж байсан нь одоо ч үргэлжилсээр байна.
Харин УИХ-ын гишүүн Батж.Батбаяр журмын нөхрийнхөө болоод нутгийн ардуудын эх оронч тэмцлийг уландаа гишгэн дээрх ордыг болж өгвөл стратегийн орд газрын жагсаалтад оруулалгүй бултуулахаар чуулганы танхимд хүртэл улайран зүтгэж байсан нь ийм учиртай байж. Одоогоор лицензээ авах нь нэгэнт тодорхой болчихоод байгаа энэ ордын талаар эрхэм гишүүн Б.Батбаярын хүү Б.Батхишигээс өөрөөс нь тодруулахад Нуулгүй хэлэхэд энэ талаар эхэндээ сонирхож үзсэн. Гаднын компаниуд, шинжээчдээр нөнцийг нь тогтоолгосон боловч ашиггүй нь тодорхой болсон. Тиймээс больсон гэж хариулсан юм.
Гэвч үнэн хэрэгтээ болих биш харин ч бүр өөриймсөн лицензийг нь авахаар эрх мэдэл, албан тушаал, өөр юу байдгаа ашиглан улайрч байгаа нь тэндхийн нөөц чамлахааргүй болохыг харуулж байна.
Ц.Жангар
/Өнөөдрийн монгол/