Онцгой байдлын сайд цианитад хордож II эмнэлэгт хэвтлээ

Цианийн хор дарагдлаа, намдлаа гээд байсан нь эндүүрэл байж. Онцгой байдлын ерөнхий газрын дарга П.Даш цианийн асуудлыг зөвхөн Хонгорын асуудал болгож дуусгамааргүй байна. Цаашид хийх ажил их байгаа гэж хэлж байсан нь цаанаа нэгийг хэлээд байсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар цианийн хор томоохон аюул дагуулахад бэлэн болоод байна. Анх Хонгор суманд цианийн гамшиг гарлаа гэхэд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр мэргэжлийн байгууллагынхан болон хэвлэл мэдээллийнхнийг дагуулан газар дээр нь очиж ажилласан. Тухайн үедээ шуурхай арга хэмжээ авч, цианийн хорыг Бороо гоулд компани саармагжуулах болж байлаа. Хэдхэн хоногийн өмнөөс Хонгор сумын хөрсөн дэх цианитийг саармагжуулж дууссан тухай мэдээлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн. Үнэн хэрэг дээрээ цианийн хор зөвхөн Хонгор суманд бус улсын хэмжээнд ярих, арга хэмжээ авах цаг болж. Ямартай ч баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр цианийн хордлогод орсон тул Клиникийн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна. Хордлогод орсон нь тодорхой болсон тул хордлого тайлах эмчилгээ хийлгэн цус шүүх аппаратанд орж байгаа гэнэ. Тэгэхлээр цианит натри та бидний хэнбугайг ч хөнөөхөд бэлэн болж. Мөн Дархан-Уул аймгийн Хонгор суманд нэг хүн нас барсан байх юм. Хэдийгээр цианийн хордлого гэж шууд хэлж болохгүй ч гэлээ хардах магадлал бас байгааг үгүйсгэхгүй юм. Эмч мэргэжилтнүүдийн хэлж байснаар цианит натри нь хүний биеийн хууч өвчинг сэдрээж, даралтыг ихэсгэх аюултай гэж байсан. Тэгэхлээр уржигдар даралт нь ихсэж харвалт өгч нас барсан хүн хордлогод орсон байхыг үгүйсгэх аргагүй. Бас болоогүй Дархан хотод мэргэжлийн хяналтын газрынхан очиж хийсэн шинжилгээний хариу ч өчигдөр гарчээ. Гэхдээ цианийн хор зөвхөн Хонгор суманд бус Дархан хотод ч байгааг баталсан байна. Анхны дүгнэлтээр тус хотын XXI хорооллын айлын цонх, эд зүйл дээрээс нь авсан арчдаснаас цианит илэрсэн байна. Өнгөрсөн намраас цианийн хордлогод ороод байна хэмээн мэргэжлийн байгууллагынхны чихнээс хонх уяж явсан тус байрны 90 тоотод оршин суугч Ч.Тунгалагийн гомдол батлагдаж байна. Тэрбээр одоо хүүгийн хамт Хордлогын яаралтай тусламжийн төвд эмчлүүлж байна. Мөн Хонгор сумын хордлогод орсон иргэд эмнэлгийн хяналтад байгаа аж. Тэгэхлээр бид цианийн хор дарагдсан. Аюулгүй гэж бодоход эрт байна. Хонгорын хэргийг мөрдөн шалгах явцад цианит хадгалж байсан агуулахыг нь нийслэлээс олсон. Баянзүрх дүүрэгт байрлах Цагаан бүргэд компанийн агуулахад хураасан байж. Төд удалгүй энэ агуулахаас гуравхан км-ийн цаана байрлах XIҮ хороололд нэг айл угаалгынхаа өрөөнд цианитаар алттай шороо угаасан тухай аймшигт мэдээ гарч байх юм. Эндээс харахад цианийн аюул нийслэлд гарахгүй гэх баталгаа алга. Мэдэгдэж байгаа нь л энэ болохоос мэдэгдэлгүй хэдэн ч айл угаалгынхаа өрөө, подвальдоо цианитаар алттай шороо угааж байхыг хэн мэдлээ. Чимээгүй тахал шиг хот сууринг мэрж буй цианит натри нь мөнгөн ус шиг хээр гадаа гарч ууршуулах шаардлага байхгүй. Зөвхөн ус хэрэглэдэг. Тиймээс цианитаар алт угаахад төвлөрсөн усан хангамжтай газар хамгийн тохиромжтой. Ийм болохоор л иргэд төв суурин газарт алтны судалтай газраас шороог нь шуудайлж ирээд угаагаад байгаа аж. Цаашдаа энэ байдлаараа үргэлжлээд байвал Монгол Улс юун онгон дагшин газар нутагтай улс орон манатай гамшгийн бүс болж магадгүй болоод байна. Тиймээс уул уурхайн салбартаа байгальд хор хөнөөлгүй, эргэн саармагжуулахад хор нь бүрэн тайлагддаг сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх цаг болж. Одоогийн байдлаар манай улсад алт олборлож байгаа томоохон аж ахуйн нэгжүүд цианит натри, мөнгөн усыг ихээр хэрэглэдэг хуучирсан технологитой байгаа. Гэсэн атлаа байгалийн нөхөн сэргээлт бүрэн хийдэггүй. Зарим нь бүр ор тас орхигдуулсан. Татвар төлөх тухай сонсохыг ч хүсдэггүй. Бүр сүүлдээ давраад улсад төлсөн гэх гэнэтийн орлогын татвараа эргүүлэн авахаар шүүхээр заргалдаж яваа. Үнэн хэрэг дээрээ Алтан дорнод Монгол компани нь Заамарын хөндийг улаан шороонд нь хутгаж хаясан уу гэхээс гийгүүлээгүй. Өнөөдөр Заамар сум газар тариалан, мал аж ахуй эрхлэх ямарч боломж байхгүй. Өнгөрсөн зууны хот балгас шиг л болж.

Х.Төмөр

/Өнөөдрийн Монгол 106/527/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button